Эмгэнэл: Данжингийн Баяраа (1958-2026)

Peak.mn
06 сарын 14, 2026

Монголын боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт сурган хүмүүжүүлэгч, Монгол Улсын Гавьяат багш Данжингийн Баяраа нь Морин жилийн зуны эхэн сарын шинийн 25-ны өдрийн луу цагт өвчний улмаас таалал төгсөж, хайртай ээж, хань, үр хүүхдүүд, ач зээ, ах дүү, төрөл төрөгсөд, анд нөхөд, ажлын хамт олон, ачлалт олон шавь нарынхаа хайр, хүндлэлээр хөлөглөн тэнгэрийн орныг зорилоо.

Данжингийн Баяраа 1958 онд Монгол орны төв цэг болсон Өвөрхангай аймгийн Бүрд суманд мэндэлж, бага балчир насаа Хангайн нуруу, Орхоны хөндийн үзэсгэлэнт байгаль дунд өнгөрүүлсэн нь түүнийг хангай шигээ уужуу, ханагар сэтгэлтэй хүн болон төлөвшихөд нөлөөлсөн биз ээ.

Тэрээр хүүхэд наснаасаа түмний үрсийг соён гэгээрүүлэх хүсэл мөрөөдлөө өвөрлөн багшийн мэргэжлийг сонгож, Монгол Улсын Багшийн Их Сургуульд суралцсан нь хожмоо олон мянган шавийнхаа төдийгүй эх орныхоо хэмжээнд хүндлэгдсэн Монгол Улсын Гавьяат багш болох их замналын эхлэл болсон юм.

Боловсрол судлалын ухааны доктор, профессор, Үй Цай сургуулийн захирал Д.Баяраа боловсролын салбарт хагас зуун гаруй жил тасралтгүй хөдөлмөрлөхдөө Монголын ерөнхий боловсролын хөгжил, шинэчлэлд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг удирдагч байлаа. Тэрээр 1997 онд хятад хэлний сургалттай анхны сургуулийг үүсгэн байгуулж, улмаар олон хэлний боловсрол олгодог, олон улсын түвшний сургалтын байгууллага болгон хөгжүүлсэн гавьяатай.

Түүний санаачилга, манлайллаар хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих, сургалтын чанарыг сайжруулах олон ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байв. Мөн 1999 онд Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбоог үүсгэн байгуулж, гишүүн сургуулиудын хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийг бэхжүүлэхийн төлөө тууштай ажилласан сурган хүмүүжүүлэгч, сэтгэл судлалын эрдэмтэн, судлаач байсан юм.

Д.Баяраагийн удирдан зохион байгуулах ур чадвар, боловсролын шинэчлэлд оруулсан бодит хувь нэмрийг үнэлэн 2003, 2013, 2015, 2021 онуудад Нийслэлийн “Шилдэг захирал”-аар өргөмжилж байсан нь түүний боловсролын салбарт оруулсан хувь нэмэр далай мэт арвин болохыг илтгэнэ.

Тэрээр боловсролын салбарт хоёргүй сэтгэлээр, ханьтайгаа хамтран зүтгэж, аливаад зөвлөлдөн, хамтын шийдвэр гаргадаг байсан нь арга билгийн ухаанаар ханддаг алсын хараатай стратегич байсны илрэл биз ээ.

 Энэрэлт ээжийнхээ ачлалт сайн хүү, хос багана болсон хонгор гэргийнхээ халамжит хань, хайртай нандин үрсийнхээ хан түшиг аав, өхөөрдөм ач, зээ нарынхаа хамгийг чадагч ханагар сайхан өвөө, дүү нарынхаа ухаант ах нь байлаа.

Аливаад тууштай, хөдөлмөрч, нийтэч, шинийг эрэлхийлэгч чанараараа олон мянган шавь, хамт олноо үлгэрлэн манлайлж, зүгийг заагч Алтан гадас байлаа. Амьдралын уртад танилцсан олон нөхөдтэйгөө үнэнч нөхөрлөж, эрдмийн аянд дөрөө харшуулсаар энэ насны замналаа өндөрлүүлжээ.

Монгол Улсын Гавьяат багш Д.Баяраагийн Монголын боловсролын түүхэнд бичүүлсэн гэгээн үйлс, эрдэмтэн багшийн алдар гавьяа нь боловсролын салбарын түүхэнд үүрд үлдэж, бидний зүрх сэтгэлд нандигнан дурсагдах болно. Түүний номд хичээгч эрхэм чанар нь энэ биеийг орхисон ч чанадын чанадад үгүйлэгдэж, үйл хэрэг нь түүний оюуны бүтээлээр суварга болон сүндэрлэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, хамт олон, анд нөхөд, шавь нараас

2026 оны 6 дугаар сарын 12
Улаанбаатар хот

УМ МАНИ БАДМЭ ХУМ
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

Холбоотой сэдвүүд

эмгэнэл ахмад багш

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.