Peak.mn
10 сарын 28, 2022
Мэдээ, мэдээллийн “iToim” агентлагийн үүсгэн байгуулагч, Монголын сэтгүүл зүйн салбарын нэгэн үеийн томоохон төлөөлөл, соён гэгээрүүлэгч, сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаяр 2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, Монголын сэтгүүл зүй, үзэг нэгт нөхөд бидэнд нөхөж баршгүй том гарз учирлаа.
Г.Отгонбаяр нь 1973 оны гуравдугаар сарын 9-нд Говь-Алтай аймгийн Алтай суманд Гомбожавын отгон хүү болон мэндэлсэн. Тэрбээр 1991 онд нийслэлийн 16 дугаар дунд сургууль, 1996 онд Улаанбаатар төмөр замын дээд сургуулийг инженер мэргэжлээр, "Ардын эрх" сонины дэргэдэх "Шавь" сургалт болон Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Сэтгүүл зүйн дээд курсийг сэтгүүлч мэргэжлээр тус тус дүүргэж, 2011 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн сэтгүүл зүйн магистрын зэрэг хамгаалсан.Г.Отгонбаяр нь 1996 онд Улаанбаатар төмөр замын Дархан өртөө, Зорчигчийн суудлын вагон депогоос ажлын гараагаа эхлүүлэн, өөрийн чин хүсэл сонирхлын дагуу сэтгүүл зүйн салбарт шилжин ажиллах болж, 1998 онд “Ардын эрх” сонинд сэтгүүлч, 1999 онд “Өдрийн сонин”-д сэтгүүлч, 2000-2007 онд “Зууны мэдээ” сонинд албаны даргаар ажиллаж, 2007 онд “Үндэсний шуудан” сониныг үүсгэн байгуулалцаж, нийтлэлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч эрхлэгч, ерөнхий эрхлэгчээр тус тус ажиллаж байсан.
2015 оноос мэдээ, мэдээллийн iToim агентлагийг үүсгэн байгуулж, www.iToim.mn сайтыг эрхэлж байв. Тэрбээр 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга бөгөөд Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж, 2020 оноос МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан юм.Гомбожавын Отгонбаяр нь шинэ цагийн сэтгүүл зүйн салбарын тод төлөөлөгч, шилдэг сэтгүүлч байлаа.
Тэрбээр улс төр, эдийн засаг, нийгмийн чиглэлээр задлан шинжилж бичдэг бөгөөд Монголын сэтгүүл зүйн салбарын дээд шагнал “Балдорж” шагналын “Гран-при”-г 2012 онд хүртэж, мөн “Балдорж” шагналын шилдэг 10 сэтгүүлчийн дөрвөн удаагийн шагналт билээ.Тэрбээр үйл явдлын учир шалтгаан, логик дараалал, асуудлын мөн чанар, төлөв байдал, үр дагаврыг задлан шинжлэх аналитик сэтгүүл зүйг Монголын орчин цагийн сэтгүүл зүйн хөрсөнд нутагшуулахыг зорьж, нэгийг бодуулж, хоёрыг тунгаах даацтай, далайцтай нийтлэлээрээ уншигч, олон нийтийн талархлыг хүлээсэн, мэдлэг мэдрэмж, ёс суртахуун, ур чадвараараа Монголын сэтгүүлчдийн түүчээ нь явсан юм.
Г.Отгонбаяр нь Монголын сэтгүүл зүйн салбарт 23 жил тасралтгүй ажиллаж, тод мөрөө үлдээсэн. Тэрбээр цуврал нийтлэлээрээ сүйдэж, мөхлийн ирмэгт хүрээд байсан Тужийн нарсыг нөхөн сэргээх үндэсний хэмжээний аяныг 2000 онд санаачлан улс орон даяар өрнүүлж байв. Улмаар тус аяныг жил бүр уламжлал болгосноор Тужийн нарсыг эргэн нарсан ой болгож чадсан юм. Мөн хамт олон, бусад сэтгүүлчийнхээ хамтаар “Монголын бахархал” үндэсний хэмжээний цуврал арга хэмжээг улс орон даяар зохион байгуулж байв. Г.Отгонбаярын цаг үе, нийгмийн тулгамдаж буй асуудлыг хөндөж бичсэн цуврал нийтлэлийн үр дүнгээр төр засгаас тодорхой шийдвэрүүд гарч байсан юм.
Г.Отгонбаяр нь Монгол Улсад парламентын сэтгүүл зүйг хөгжүүлэх чиглэлээр олон жил ажиллаж, Монголын парламентын сэтгүүлчдийн холбоог үүсгэн байгуулж, анхны тэргүүнээр нь, 2015-2016 онд Монголын өдөр тутмын сонинуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Мөн Монголын шилдэг нийтлэлчдийн клубийн анхны гишүүн нийтлэлчээр 2009 онд элсэж, baabar.mn-д 350 гаруй нийтлэл, уран бүтээлээ нийтэлсэн байна.Түүний хөдөлмөр зүтгэл, олон нийтийг соён гэгээрүүлэх үйлсийг төр, засгаас өндрөөр үнэлж Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан билээ.
Талийгаачийн хань, үр хүүхэд, гэр бүл, төрөл төрөгсөд болон Монголын сэтгүүл зүйн салбарын нийт хамтран зүтгэгч, найз нөхөд, түүний уншигчдад нь гүн эмгэнэл илэрхийлье.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.