Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барих барилгын зураг төслийг Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбооноос Барилгын хөгжлийн төвд гардуулан өглөө.

21 цуврал бүхий амины орон сууцны зургийг иргэд үнэ төлбөргүйгээр татаж авах боломжтой.

Хэрэв энэ зургийг ашиглан амины орон сууц барих бол банкнаас 60 сая хүртэлх төгрөгийн бага хувийн хүүтэй зээлэнд хамрагдах боломж бүрдэх юм байна.

Зураг төслөөр 30-120 хүртэлх метр квадрат байшинг барих боломжтой. Тухайлбал 90 метр квадрат талбай бүхий амины орон сууцны зургаар хоёр давхар, таван өрөө байшинг барих боломжтой юм. 

Түүнчлэн газар хөдлөлийн найман баллд тэсвэртэй, гаднах агаарын температурын тооцооллыг -39 хэм гэж тооцжээ. Энэхүү амины орон сууцны зургийг магадлалаар баталгаажуулсан бөгөөд орон сууцны мэдээллийг санд байрлуулснаар иргэд үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой болох юм.

Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо төрийн бус байгууллагын гардуулан өгсөн нэг маягийн зургийг мэдээллийн санд байршуулснаар иргэдийн хүртээл болно. Цаашид бусад зураг төслийн компаниуд ч  энэ мэт  эрчим хүчний хэмнэлт бүхий зураг төслөө мэдээллийн санд  байршуулах бүрэн эрхтэй. Тиймээс иргэд аж ахуйн нэгж энэхүү мэдээллийн сангаар дамжуулан эрчим хүчний хэмнэлт бүхий мэдээллийн сангаас өөрийн сонгосон зургаар амины орон сууцтай болох боломж нээгдлээ.

Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барьснаар барилгаас ялгарч буй хүлэмжийн хийг бууруулах болно. Мөн олон нийтийн барилгад дагаж мөрдөх эрчим хүчний хэмнэлтийн норм, дүрэм, стандартыг шинэчлэн боловсруулахад ач холбогдолтой. Цаашдаа эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламжуудыг барих, шинэ арга техникийн нэвтрүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй барилга барихад зориулагдсан санхүүгийн механизмийн бүрдүүлэх гэсэн үндсэн  чиглэлтэйгээр хэрэгжүүлж байжээ.