Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар Стандарт банкинд төлөх мөнгөний асуудлаар мэдээлэл хийлээ. 

Шадар сайд Ө.Энхтүвшин: Анх Жаст группийн ерөнхий захирал Г.Батхүү 2009-2010 онд Өмнөд Африкийн "Стандарт" банктай зээлийн гэрээ байгуулсан байдаг. Ингээд удаа дараа нэмж зээл авснаар 160.1 сая ам.долларыг авсан. Ингээд зээлсэн мөнгөө хугацаандаа төлж чадаагүй учраас Стандарт банк Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд энэ асуудлаар хандсан. 

Лондонгийн арбитртын шүүх нийт 4 удаа хуралдсан. 

"Стандарт" банкнаас 86.95 сая ам.долларыг Эрдэнэт үйлдвэрээс нэхэмжилсэн. Яагаад Эрдэнэт үйлдвэрээс нэхэмжилсэн бэ гэхээр Эрдэнэт үйлдвэрийг батлан даагчаар оролцсон гэж үзсэн. 

Хэдийгээр Г.Батхүү би энэ бүх гарын үсгийг хуурамчаар хийсэн гэж мэдүүлсэн боловч Эрдэнэт үйлдвэрээс нэхэмжилсэн. Ингэхдээ хэмжээгээ багасган 51 сая ам.доллар болгосон шийдвэр гаргасан юм.

Манай тал үүнийг хүлээн зөвшөөрөөгүй учраас Английн шүүхэд нэхэмжилсэн боловч эхлээд мөнгөө төлөх шийдвэр гарсан. 

Стандарт банк ч бас Английн дээд шүүхэд хандаж мөн л дээрхтэй ижил шийдвэр гарсан боловч илүү чангарсан. Үүнд Английн дээд шүүх 2018 оны долоодугаар сарын 6-нд хуралдаж, "Эрдэнэт" үйлдвэрийн Англи болон Уэльсийн нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийг гаргахгүй байх, мөн Стандарт банкаас гарсан зардал 476.8 мянган фунт стерлингтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнг даруй компанийн дансанд байршуулах, эсвэл нэгдүгээр зэргийн банкинд баталгаа гаргах шийдвэрийг гаргасан.

Бичлэг үзэх:

Эцсийн шийдвэр учраас үүнийг төлөхөөс аргагүй болсон. Ингээд Ерөнхий сайдын захирамжаар 2018 оны наймдугаар сард Ажлын хэсэг байгуулсан.Хэрэв "Стандарт" банкны өрийг барагдуулахгүй бол гуравдагч этгээдэд зарах эрсдэл, гадна талд байгаа хөрөнгүүдийг хураах эрсдэл ч байсан тул төлөх нь зүйтэй юм гэсэн шийдвэр гаргасан.

Өнөөдрийн байдлаар зуучлагч компаниар дамжин харилцаж 40 сая ам.долларыг ямар нэг хүү байхгүйгээр нэн яаралтай төлөх тохиролцоонд хүрсэн. Энэ мөнгийг Эрдэнэт үйлдвэрийн Эрсдэлийн сангаас гаргаж "Стандарт" банк руу шилжүүлсэн.

Нөгөө тал төлбөрийг хүлээн авснаа бичгээр мэдэгдсэн. Тэгэхээр одоо монголын талаас буруутай этгээдүүдтэй хариуцлага тооцож, улсад учирсан хохирлыг төлүүлэхээр боллоо.