“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоо (ҮЭХ)-ноос, Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу наймдугаар сарын 30-ны 07:00 цагаас эхлэн нэг сарын хугацаанд тус үйлдвэрийн Авто тээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсэг, Зорчигч тээврийн хэсэг, Ил уурхайн Уулын ажлын хэсгээс эхлэн ажил хаялт зарлах болсныг мэдэгдлээ.

"Эрдэнэт үйлдвэр"-ийн Үйлдвэрчний эвлэлийн ролбооны дарга Ж.МӨНГӨШАГАЙ: 

-"Эрдэнэт үйлдвэр"-ийн ҮЭХ 7000 гаруй уурхайчны эрх ашгийг хамгаалдаг. Манай уурхайчид хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд 45 жилийн турш улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Цар тахал болон нийгэм, эдийн засаг хүндрэлтэй цаг үед ус, дулаан, цахилгааны төлбөрийг 1.6 сар төлсөн. Үүний тулд 7000 гаруй хүн хариуцлагатайгаар ажиллаж ирсэн. Гэтэл уурхайчны эрх ашгийг хамгаалдаг, нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэдэг хамтын гэрээнд хэд хэдэн заалтуудад саналын зөрүүтэй байдал үүссээр байхад "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын захиргаа хүлээж авахгүй байна. Үүнд: 

-2023 оны нэгдүгээр сараас эхлэн үйлдвэрийн газрын захиргаанд таван удаа албан бичиг хүргүүлсэн. Хамгийн сүүлд наймдугаар сарын 3-ны өдөр хандсан. Хуулийн хүрээнд хандсан боловч санаачилгыг хүлээн аваагүй, ажил олгогчийн зүгээс хариу тайлбар өгөөгүй, идэвх санаачлагагүй хандаж байгаа нь уурхайчин хамт олныг үл хүндэтгэсэн үйлдэл болсон. Үүнд харамсаж байна. 

-Хөдөлмөрийн тухай хуулийн 25.1.1, 25.3.2-т заасны дагуу ажил хаялтыг хэсэгчлэн зарлах хууль зүйн үндэслэл болж байгааг Монгол Улсын Засгийн газар, "Эрдэнэс Монгол" групп, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т хүргүүлж байна. 

-2023 оны наймдугаар сарын 30-ны өдрийн 07.00 цагаас эхлэн "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Авто тээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсэг, Зорчигч тээврийн хэсэг, Ил уурхайн Уулын ажлын хэсгээс эхлэн ажил хаялт зарлахаа үүгээр мэдэгдэж байна. 


"УУЛЫН БАЯЖУУЛАХ "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР"-ИЙН АЖИЛЧДЫН ДУНДАЖ ЦАЛИН 4 САЯ ТӨГРӨГ"

Уурхайн ажилчид цалингаа нэмүүлэх, тэтгэвэрт гарч буй ажилтнууд хүүхдээ үйлдвэрт ажилд оруулдаг өмнөх жишгийг дахин сэргээх, ажилчдын хувцас хэрэглэлийг цагт нь нийлүүлэхийг шаарджээ.   

“Эрдэнэт үйлдвэр”-ийн эх сурвалжийн зарим хэвлэлд өгсөн мэдээллээс харахад, тус үйлдвэрт удам дамжсан уурхайчин гэх ойлголт бий. Ахмад ажилтан тэтгэвэрт гарахдаа хүү, эсвэл охиноо үйлдвэрт ажилд оруулдаг бичигдээгүй хууль байсныг халжээ. Учир нь мэргэжлийн бус, ажлын байрны шаардлага хангаагүй ажилчид олширсон байна. Харин ахмад ажилчид энэ шийдвэрийг эсэргүүцжээ.

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчдын дундаж цалин дөрвөн сая төгрөг. Энэ нь улсын дундаж цалингаас даруй хоёр дахин өндөр дүн. Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэт” үйлдвэр “Эрдэнэс Монгол” нэгдэлд харъяалагдах болсон. Иймд ажилчдын цалинг нэмэх шийдвэрийг үйлдвэрийн удирдлага дангаараа гаргахгүй, “Эрдэнэс Монгол”, ЗГХЭГ-тай зөвшилцөх шаардлагатай аж.

Ажилчдын хувцас, хөдөлмөрийн аюулгүй байдлын хэрэглэл нийлүүлэх тендерийг Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу зарлажээ. Гэвч тендерт оролцсон компани шүүхэд хандсан тул нийлүүлэлт удааширсан байна.