"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны 12 дугаар Бага хурал энэ сарын 17-нд болно. Тус Бага хурлаар Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргыг сонгох юм.

Өмнө нь тус Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын албыг Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах цехийн үйлдвэрчний хорооны даргаар ажиллаж байсан хүн давхар хашиж байсан учир үүрэгт ажлаас нь огцруулсан. Түүнээс хойш Эрдэнэт үйлдвэрийн 6000 гаруй ажилтны эрх ашгийн төлөө ажиллах үүрэг бүхий тус эвлэл даргагүй байгаа аж.

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргад нэр дэвшигчийн шаардлагыг хангасан хэн ч нэр дэвших боломжтой бөгөөд нэр дэвшигч нь албан ёсоор бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан өдрөөсөө өөрийгөө таниулах сурталчилгааг эхлүүлнэ.

Нэр дэвшигчдийг 2019 оны нэгдүгээр сарын 4-15-ныг дуустал бүртгэх юм. Мөн нэр дэвшигч нь заавал Эрдэнэт үйлдвэрийн ажилтан байх шаардлагагүй аж.

Тус Үйлдвэрчний эвлэлийн Бага хуралд 4 жилд нэг удаа болдог байна.