Психоаналист Эрик Фромм 1958 оны 5 сарын 25 нд “American Broadcasting” телевизийн ток шоу нэвтрүүлэгт 1950-иад оны үеийн дэлхийн улс төр буюу Америк ба Зөвлөлтийн уур амьсгалыг ярьжээ. Тэрбээр ярилцлагандаа социализм, капитализмын мөн чанар, эд ашгийн төлөөх хүмүүний зан авир, ирээдүйд бидний амьдрал хэрхэн буруу замаар явж байгааг ярьжээ.

-Оройн мэнд, намайг Майк Уоллес гэдэг. Бид сүүлийн хэдэн долоо хоног эрх чөлөөт нийгмийн асуудал ба үүнийг яаж хэвээр үлдээх вэ гэдгийг ярилцаж байна. Өнөө орой бид эрх чөлөөт нийгэм хувь хүн бүрт хэрхэн нөлөөлдгийг тодорхойлох болно. Бид аз жаргалтай, уйтгар гунигтай аль ч цаг үед өөрсдийгөө эргэцүүлдэг. Мөн бодож эргэцүүлдэг, мэдэрдэг. Өнөөдрийн зочин бол доктор Эрих Фромм. Эрх чөлөөг эрж буй хүнийг судалдаг. Энэ судалгаагаараа олон улсад танил болсон нийгмийг шүүмжлэгч, психоаналист юм.

Доктор Фромм би танаас энэ талаар лавлах гэсэн юм. АНУ-ын аль ч үед материалистик нийгэмтэй, өнгөц соёл иргэншилтэй гэж шүүмжлүүлдэг. Таныг үүнтэй санал нийлнэ гэж бодож байна. “1958 оны байдлаар Америкаас илүү сайн нийгэмтэй улс орон гэж байхгүй” гэж та саяхан хэлсэн. Энэ юу гэсэн үг вэ?

Image for post

Тэгэхээр энэ мэдээж харьцангуй ойлголт. Хүн төрөлхтний түүхийг өнөөг хүртэл гайхуулж яриад ч дуусахгүй. Миний хэлсэн санаа бол өнөөгийн Америкийн нийгэм, түүний олж авсан аль ч улсаас илүү эд баялаг, дарлал хавчлагаас ангижирсан эрх чөлөө, янз бүрийн шилжилт хөдөлгөөн, мөн сэтгэлгээ, дуу хөгжим, урлаг гээд энэ бүхнийг гадаадын бусад нийгмүүдтэй харьцуулж үзсэн. Тэгэхээр би 19-р зууны түүхийн өмнөх үетэй харьцуулсан гэдгийг хэлэх гэсэн юм. Түүхэнд үлдсэн нийгэм муу, сайн ч хүний бүтээсэн зүйл шүү дээ. Гэхдээ хамгийн сайн нь гэж байхгүй.

- Тэгэхээр энэ санааг л хэлээд байгаа юм. Та энэ талаар үргэлж зөрчилддөг. Учир нь гэвэл та энэ долоо хоногийн эхээр “Америк энэ чиглэлд яваад байвал өөрсдийгөө сөнөөх аюултай” гэж та хэлсэн. Яаж? Ямар байдлаар?

- Тэгэхээр, ноён Уоллес. Үүнийг ерөнхийд нь хэлбэл бидний хүсэл тэмүүлэл нь мөн чанарыг захирдаг бөгөөд өшөө их эд баялгийг үйлдвэрлүүлдэг. Бид аливааг төгсгөж хийдэг болтлоо өөрчлөгдсөн байна. Бид хүний амьдралыг өшөө сайхан болгохын төлөө 19, 20-р зуунд улам их зүйлийг бүтээхийг эрмэлзэж байна. Гэвч үнэн хэрэгтээ тэр бүтээмж ба хэрэглээ нь биднийг худалдаж авахуулдаг ба үйлдвэрлүүлдэг төдий болгожээ. Бид бүтээгдэхүүн ба хэрэглээний солиотой болчихож.

- Тэгэхээр би үүний цаад учрыг танаас асуух гэсэн юм. Бодгаль хүн бүрт юу тохиолдож байгааг психоаналист хүний хувьд та юу гэж боддог вэ? Жишээ нь, америк хүн ба түүний ажлын хоорондын харилцааг та юу гэж хэлэх вэ?

- Миний бодлоор тэдний хийж буй ажил маш өргөн хүрээний бөгөөд утга учиргүй. Учир нь гэвэл тэд ажилтайгаа ямар ч холбоогүй. Тэд улам томорч буй машины … нийгмийн машины нэг хэсэг юм. Том хүнд сурталтангуудад дарагдчихсан хүмүүс. Миний бодлоор америк хүн ухамсаргүйгээр ажлаа үзэн яддаг. Яагаад гэвэл тэд ажлынхаа боол нь болсон мэт санадаг бөгөөд учир нь тэд ямар ч утга учиргүй зүйлд өөрийн бүх хүч чадлаа зориулж буйгаа мэдэрч байдаг.

- Тэгвэл утга учиртай байвал ажил нь амь орж улмаар үнэлүүлж ач холбогдолтой болдог байх нь?

- Тийм, гэхдээ тэднийг аз жаргалтай байлгахад арай хангалтгүй. Цалингаа хүлээдгийг эс тооцвол өдөрт 8 цаг ажилласан мөртлөө түүнд ямар ч утга учир, сонирхол байхгүй бол аз жаргалыг мэдэрч чадахгүй.

- Миний ажил хөдөлмөр сонирхолтой бөгөөд утга учиртай байвал шаардлагагүй хүнд хөдөлмөрийг шийдчихэж байна гэсэн үг үү? Илүү тодорхойлбол? Эрэг боолт чангалдаг үйлдвэрийн ажилтанд эрж хайгаад байх утга учир байна гэж үү?

- Тэгэхээр бүтээлч сэтгэл ханамж байж л таарна. Жишээ нь дундад зууны үеийн гар урлалч эсвэл мексиктэй төстэй оронд өнөөг хүртэл бүтээмжээсээ сэтгэл ханамж авдаг хүмүүс бий. Хийж буй ажлаасаа сэтгэлийн таашаал авдаг цөөн хэдэн чадварлаг ажилчид бий. Магадгүй тээрэм эсвэл төвөгтэй машинтай ажилладаг хүн, ямар нэгэн зүйлийг бүтээж байна гэж мэдэрдэг хүн байгаа. Гэвч борлуулалтын ажилтан хэрэгцээгүй зүйлс зардаг бол өөрийгөө хог новш хэмээн мэдэрч өөрийн бүтээгдэхүүнээ үзэн ядаж эхэлдэг.

- Гэхдээ та хэрэгцээгүй бүтээгдэхүүн гэлээ. Хэрэв шүдний сойз, машины тос, телевизор зарвал …?

- Тэгэхээр хэрэгцээгүй гэдэг нь харьцангуй ойлголт. Тухайлбал нормоо биелүүлэх ёстой бол үйлчлүүлэгчийн авах шаардлагагүй зүйлсийг мэдсээр байж зарна. Тэгэхээр тэр хүмүүсийн хувьд бүтээгдэхүүн хэрэгцээтэй ч байж болно, бас хэрэгцээгүй ч байж болно.

- Та америкчуудын талаар ярихдаа “маркетингийн чиг баримжаа” гэж олон дахин давтах юм. “Маркетингийн чиг баримжаа” гэж юу гэсэн үг вэ?

- Бусадтай харилцах бидний гол арга барил нь зах зээл бүтээгдэхүүнтэй харилцахтай яг ижил юм. Бид хүний мөс чанараа зарахад бэлэн байдаг. Зарим нь үүнийг худалдаа хийхэд зориулагдсан “мөс чанарын багц” гэж хэлэх нь ч бий. Харин биеийн хөдөлмөр эрхэлдэг хүнд тийм биш. Тэд өөрсдийнхөө мөс чанараа худалдах шаардлага байхгүй. Тэд инээмсэглэснийхээ төлөө мөнгө авдаггүй биз дээ. Гэхдээ таны хэлдгээр “хэлбэрддэг” хүмүүс бий. Хүмүүстэй, бичиг цаастай, эд зүйлстэй цагийг дэмий өнгөрөөж чихэнд чимэгтэй сайхан үгс ярьж заль хийдэг бүх хүмүүсийг “хэлбэрдэгч” гэдэгТэд энэ бүх хугацаанд үйлчилгээгээ борлуулаад зогсохгүй өөрсдийн мөс чанараа их, бага хэмжээгээр худалддаг.

- Тэгэхээр түүний байх ёстой өөрийн үнэ цэнэ, мэдрэмж нь зах зээлээс шууд хамааралтай болчихож байна гэсэн үг үү?

- Яг тийм, эдийн засгийн хувьд ашиггүй, эрэлт хэрэгцээ байхгүйн улмаас хэн ч авдаггүй цүнхтэй ижил юм. Хэрэв цүнх сэтгэдэг байсан бол хэн ч түүнийг авахгүй байгаа учраас өөрийгөө хэрэгцээгүй гэж мэдэрч аймшигтай их дутуугийн мэдрэмжээр шаналах байсан. Тэгэхээр хүн өөрийгөө тэгэж бодож, мөн өөрийгөө амжилттай борлуулж чадахгүй байна гэж үзэж буй бол өөрийгөө дампуурчээ гэж ойлгодог.

- Нийгмийн харилцааны талаар ярилцъя. Бидний хөрш, найз нөхөд гээд нийгмийн хүрээнд хүнд юу тохиолддог вэ?

- Тэгэхээр юуны түрүүнд бидний нийгмийн харилцаа бол өнгөц гэдгийг хэлмээр байна. Үнэндээ бид хүмүүстэй ойр дотно байхаасаа айдаг. Эхнэр, нөхрөөсөө хүртэл айдаг хүмүүс цөөнгүй бий. Мөн өөрийгөө хэн нэгнээр орлуулдаг эсвэл нуугддаг. Дотно байхаас айдаг энэ харилцаа нь өнгөц нөхөрсөг байдлаар халхавч хийдэг. Үнэхээр гоё, гэхдээ маш өнгөц. Гэхдээ таны асуултанд хариулах өөр хариулт байгаа гэж бодож байна. Үнэн хэрэгтээ жирийн нэг америк хүнийг авч үзвэл, мөн судалгаанаас харахад тэд ердөө хувийн амьдралдаа л анхаарсан байдаг. Зөвхөн өөрийнхөө эрүүл мэнд, мөнгө, гэр бүлийн аж байдалд анхаардаг. Тэд хувийн амьдралаас цааш нийгмийн амьдралд ач холбогдол өгдөггүй хүмүүс. Ач холбогдол өгдөг гэж ярьж байж болно. Гэхдээ тэгж ярьж байгаа бол би түүнийг өөрчлөгджээ гэж ойлгоно. Ихэнх америкчууд өөрийнхөө хувийн аж амьдралаар нийгэм, цаашлаад улс орондоо хандаж байгаа арга барилаа хэзээ ч өөрчилдөггүй. Өөрөөр хэлбэл хамт олны нэг гишүүн нь байх ёстой хүн хувийнхаа амьдралаар зааглагдсан байна.

- Таны энэ санаагаар бол америк хүнд юу тохиолдож байна гэсэн үг вэ? Мэдээж бид зөвхөн америк эрчүүдийг яриагүй. Харин эмэгтэйчүүдийн улс төрд хандах хандлага, итгэл үнэмшлийн хувьд?

- Үүнийг бодож төсөөлж байх ёстой манай орны мэргэжилтнүүдийн хариуцлагагүй байдал биднийхтэй ч гэсэн ижил. Мөн иргэн хүн бүр шүүмжлэлтэй хандаж болно гэдгээ мэддэггүй, бас хариуцлагаа ч үүрдэггүй. Миний бодлоор өнөөгийн хөгжил дэвшил үүнийг тод харуулж байгаа.

- Жишээ нь?

- Жишээ нь, бид дэлхийн ертөнцийн амьдралын хэв маяг ба улс орны оршин тогтнох эсэхийг шийддэг дайны аюулыг дэмжиж сайшаадаг. Хүмүүс энэ дайн, хүч түрэмгийлэл, хэдэн сая америкчууд үхэл хагацал тохиолдох вий гээд л олон зүйлсийг сонингоос уншдаг. Машинд асуудал гарсан бол хүмүүс ярьж л байдаг, дайны сэдвийг ч гэсэн хүмүүс улиг болтол ярьж л байдаг. Учир нь гэвэл хүмүүс атомын бөмбөг биш, ханиад томууны тархалтанд л хэт ач холбогдол өгдөг. Аюулыг мэдэрдэг, заналхийлэлтэй нүүр тулдаг, ямар нэгэн зүйл хийж хариуцлагатай хандах хэрэгтэй гэдгээ ойлгодог цөөн хэдэн хүмүүс байдаг учир буруу зүйлд хэт ач холбогдол өгдөг гэж бодож байна.

- Ямар нэгэн зүйл хийж хариуцлагатай хандах тухай та ярилаа. Өөрөөр хэлбэл бидний амьдардаг замбараагүй нийгмээс өөрийгөө олоход хүртэл тун бэрх гэдгийг та хэлж байгаа бололтой. Хүн бүр ямар нэг зүйл хийхийг хүсдэг мөртлөө өөрийгөө олж хариуцлагаа мэдэрнэ гэдэг хэцүү.

Тиймээ, энэ санаа чинь шүү дээ. Иргэн хүн бодол санаандаа шийдвэр гаргахдаа тун өчүүхэн чадамжтай. Энэ л манай нийгмийн суурь асуудал болчихоод байна. Чухам үүнээс л болж улс төрийн үхээнц, тэнэг байдлыг хүмүүс хүлээн зөвшөөрөхөд хүрдэг. Үнэндээ бид эхлээд сэтгэдэг, дараа нь үйлддэг боловч бодит байдал дээрээ хэн нэгэн үйлдэл хийх боломжгүй байвал хоосон, тэнэгдүү бодол санаатай болдог.

Image for post

- Хүний хайр дурлал, гэрлэлтийн тухай ярилцъя.

- Хайр дурлал бол хүн бүрийн ярианы сэдэв бөгөөд бидний хамгийн чухал суурь хэрэгцээний нэг юм. Хоёр хүн хамтдаа оршин тогтнох утга учир жинхэнэ хайр ховор үзэгдэл төдий болжээ. Бид хэтэрхий эмзэг, нялуун болохын хажуугаар хайр дурлалын талаар шал буруу ойлголттой байна. Гэхдээ хайрлаж чаддаггүй хүн гэж асуувал тэр хүн зүгээр л хайрлах ёстой. Өөрөөр хэлбэл хайрлахад суралцах, хайрлах ур чадвартай болох, амьдралын хамгийн чухал зүйл нь болохыг хэлж байгаа юм.

- Хайрлана гэдэг бидний хувьд яагаад тийм хэцүү юм бэ?

- Учир нь бид жижигхэн зүйлд л анхаардаг. Амжилтанд хүрэхийг хүсдэг, мөнгөтэй болохыг хүсдэг, эд зүйлстэй болохыг хүсдэг. Бид хамгийн чухал зүйлсээ бүтэн сайн өдөр бага зэрэг цухас дурьддаг. Хайр гэдэг тийм амар зүйл биш. Бүхий л шашинд хайрыг хамгийн том эрхэм чанарын нэг гэж сургадаг. Хүмүүсийн боддог шиг тийм амар зүйл байсан бол бүх шашны удирдагчид тэнэг байх байсан.

- Бүтэн сайн өдөр бид юу бодож, юуны талаар ярьдгийг та дурьдлаа. Шашин ба хүн хоорондын харилцааны хувьд?

- Эндээс нийтлэг ганц зүйл ажиглагддаг. Хүмүүсийн ярьж байгаагаар өнөөгийг Америк реннесанс шашинтай болсон. Реннесанс шашны 90 хувь нь жинхэнэ шашны эсрэг зөрчилдөх аюултай.

- Яагаад?

- Учир нь гэвэл бидний нэрлэдгээр “реннесанс” шашин нь Библийн гэрээслэл ба Дэйл Карнегийн “Найзуудаа хэрхэн дийлж, амжилтанд хүрэх вэ” зэрэг ойлголтуудыг хооронд нь хольсон мэт байдаг. Ухаалгийн хувьд гэвэл заримдаа бид тийм ч ухаалаг байж чаддаггүй. Хоёр зүйлийг хослуулахыг эрмэлздэг. Иймд бидний уламжлалт шашны эсрэг хангалттай сөргөөцөлдөх болж гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл өнөөгийн хүмүүс өөртөө үйлдвэрлээд, өөрөө хэрэглэж дуусгадаг хэрэгцээнд ач холбогдол өгдөг болжээ. Жинхэнэ шашинд маш бага цагийг зарцуулдаг болсон.

- “Жинхэнэ шашин” гэлээ, энэ юу гэсэн үг вэ?

- Жинхэнэ шашин гэдэг нь бусадтай эрхэмлэн нөхөрлөх, утга төгөлдөр хайрлах чадамжийг хэлэх бөгөөд би уламжлалт шашинтай байлаа гэхэд бурханлаг байхыг хэлэх юм. Гэхдээ бурхан шиг байж чадаж байна уу, үгүй юу гэдэг чухал биш, хүн өөрөө тэр зүйлийг мэдрэх нь чухал.

- Бид барууны хийгээд америкийн нийгмийн тухай ярьж түүний дүр зургийг буулгаж чадлаа. Таны буулгасан дүр зураг ихээхэн гутранги юм. Одоо бид юу хийх вэ? Мэдээж бидний амьдралын зорилго бол энэ дэлхийн ль нэг хэсэгт амьд үлдэх, эрх чөлөөтэй байх, өөрсдийгөө ойлгох шүү дээ. Тэгэхээр таны хэлээд байгаа өнөөгийн дэлхийн хямрал эдгээр амьд үлдэх, эрх чөлөөтэй байх чадваруудад маань яаж нөлөөлөж байна вэ?

- Тэр их чухал санааг хөндлөө. Хэрэв бидний эрхэм үнэт зүйлс хүний нэр хүндийг хамгаалдаг, хүнийг хайрладаг хүний амьдралын өндөр дээд зүйл рүү тэмүүлэхэд түлхэц үзүүлдэг барууны уламжлалт хөгжил мөн юм бол “Хэрэв энэ бүхэн амьд үлдэхэд үнэхээр хэрэгтэй юм бол эдгээр үнэт зүйлсийг цаашид гээх болов уу?” гэдэг хэцүү асуудалтай нүүр тулна. Хэрэв энэ бүхэн бидний мөн чанар юм бол өөрчлөгдөхгүй бөгөөд бид амьд, үхсэн аль нь эдгээр үнэ цэнийг өөрчилж чадахгүй. Харин нийгмээ өөрчилж зохицуулалт хийж чадвал Оросуудтай зохицох боломжтой. Солонгос эрэлхэгээр тулалдаж байсан үеийг ашиглавал цэргүүдээ сургаж чадна. Бид амь амиа бодох ашиг сонирхлын төлөө амьдралаа өөрчилж байж бидний амьдралд ямар аюул учраад байна вэ гэдгээ ойлгоно. Улс үндэсний амьдрах чадвар ил гарч буй үзэл санааных нь итгэл найдварын гүнд тодорхой оршин байдаг. Бид өөртөө тулгараад буй аюулаа ярьдаг, мэдэрдэг, бас өөр зүйлээр илэрхийлдэг гэж би боддог.

- Яаж?

- Бид өдөр тутмын амьдралдаа бурхан, шашны үнэ цэнэ, эрх чөлөө, аз жаргал, тэгш эрхийн тухай ярьдаг мөртлөө эдгээрийг өөр зарчмын үндсэн дээр үйлдэж, хооронд нь талцуулдаг.

- Тэгэхээр сая дурьдсан тэгш эрх, аз жаргал, эрх чөлөөний тухайд?

- Хүн библийн тэгш эрхийн тухай сургуулийг ойлгож бид бүгдээрээ тэгш эрхтэй байх тусам бурхны дүрийг бүтээдэг. Эсвэл хэрэв би теологийн хэлийг ашиглахгүй бол өөр хэн нэгний зорилгын төлөө утга учрыг агуулж эхэлдэг. Улмаар хувь хүн бүр үүнийг өөртөө агуулна. Өнөөдөр бид эрх тэгш байдлын тухай их ярьж байна. Гэхдээ хүмүүс хүн бүр ижилхэн гэдэг утгаар илэрхийлж байгаа бөгөөд хэрэв тэд ижил, эрх тэгш биш байсан бол тэд айдастайгаа нүүр тулах байсан юм.

- Аз жаргалын тухайд?

- Аз жаргал гэдэг манай соёл иргэншлийн хамгийн ихэмсэг үг юм. Та өнөөдөр хэн нэгнээс аз жаргал гэж юу болохыг асуувал ямар нэг хязгааргүй эд хэрэглээтэй амьдралын тухай өгүүлэх болов уу. Хүмүүсээс чин үнэнээр диваажингийн тухай хариулбал долоо хоног бүр шинэ бараа ирдэг их дэлгүүр сайхан шинэлэг зүйлийг худалдан авах хангалттай их мөнгийг л ярина байх. Миний бодлоор өнөөгийн аз жаргалтай байна гэдэг ойлголт эцэс төгсгөлгүй ууж идэх, хэрэглэх сэтгэл ханамжийн тухай л яригдана биз.

- Аз жаргал ямар байвал зохистой вэ?

- Амьдралын бүх зүйлст хариуцлагатай байж, ухамсарлаж, чин сэтгэлээсээ бөгөөд бүтээлч хандсаны үр дүнг аз жаргал гэж хэлэх хэрэгтэй. Хүнээрээ байх, мөн чанараараа байх юм шүү дээ. Аз жаргал бол хүнийг зовлонд автуулдаггүй. Хүн амьдарч л байвал сайтай, муутай ямар ч хорвоог туулна.

- Ардчилал эрх чөлөөний тухайд?

- Тэгэхээр энэ үгс өнөөдөр илүү замбараагүй хэрэглэгдэх болсон. Ардчилал бол минийхээр иргэн хүн шийдвэр гаргахдаа оролцоотой байж, хийж буй үйлдэлдээ хариуцлагатай хандаж, хариуцлагаа мэдэрдэг зохион байгуулалттай нийгэм, төр улсыг хэлнэ. Харин өнөөгийн бодит байдал дээр ардчилал гэдэг хуйвалдах, булхайцах зэрэг илүү өргөн хүрээний ойлголт болсон.

- Бид яагаад ийм байдалд хүрчихэв, бид замаасаа хэр зэрэг хазайсан бэ гэдгийг тодорхой хэлж өгөөч?

- Миний бодлоор бид бусад нийгмүүдийнх шиг нэг зорилгын төлөө тэмүүлдэг, тэдний хийдэг арга замаас бид хазайсан бөгөөд юуны хойноос явж буйгаа үл мэднэ. Өөрөөр хэлбэл харанхуй зөрөг замаар явж буй мэт. Бүр тодорхой хэлбэл бид үйлдвэрлэлдээ улам их анхаарах тусам замаасаа төдий чиний хазайна гэсэн үг. Мөн орчин үеийн техникийг бүтээхийн тулд бид сэтгэл хөдлөл ба оюун санаа хоёрыг тусад нь салгачихсан. Бид маш ухаалаг, чадварлаг хүмүүсийг бүтээсэн. Гэхдээ сэтгэл хөдлөл нь амьгүй болчихсон.

- Та капитализын тухай ярьж байна уу?

- Тийм ээ, Капитализм байгуулагдсанаас хойш 200 гаруй жилийг ардаа үдсэн цогц тогтолцооны тухай ярьж байна.

- Та өөр ямар тогтолцоог санал болгож чадах вэ? Аль нь хүнд хэрэгтэй вэ? Ямар тогтолцоо хүн өөрийгөө ойлгоход, ухаарахад туслах бол?

- Үнэн хэрэгтээ би өөрөө социалист хүн. Гэхдээ олон хүмүүсийн эсрэг турхирч буй өнөөгийн социализмын тухай санаан дээр өөрийнхөө ойлгож байгаагаар нэмэх ёстой.

- Тайлбарлаач?

- Миний ойлгож байгаагаар социализм бол өөрөө ашгийн бус, харин хэрэглээтэй бүтээмжийн төлөө тэмүүлдэг нийгэм юм. Ийм нийгэмд иргэн хүн ажил болон нийгмийн зохион байгуулалтанд хариуцлагатай ханддаг бөгөөд өөрийнхөө ашгийн төлөө ажил хийж байгаа гэж мэдэрдэггүй.

- Гэхдээ төр засагтаа дарамтлуулдаг биш гэж үү? Доктор Фромм? Та захиргааддаг төр засгийг дэмжихгүй биз дээ? Хүмүүст хэцүү биз дээ?

- Тэгэхээр бид нэг зүйлийг тодруулах ёстой. Хэрэв Оросууд өөрсдийгөө социалист мөн гэж шаардаж байвал би үүнийг худлаа гэж хэлнэ. Тэд жинхэнэ социализмыг байгуулаагүй. Миний яриад байдаг хуурамч капиталист гэдэг шиг хуурамч социалист юм. Тэдний тогтолцоо бүхэлдээ өнөөгийн Европ, Америкийн эсрэг бөгөөд хуучинсаг шинжтэй. Жишээ нь, та Британийн үйлдвэрийг үндэсний шинж чанартай болголоо гээд эзэн нь сууж болох ч түүнийг социализм болгож чадахгүй. Энэ бол Форд, Женерал Моторс зэрэг үйлдвэрийн нэг ажилчны бодит амьдралаас хол зүйл.

- Тэгэхээр социализм гэж юу юм бэ? Хэрэв тэд социалист биш бол юу болж таарч байна вэ?

- Энэ их нарийн зүйл. Би үйлдвэрт ажилладаг хүн, үйлдвэр, менежмент, чиглэл зэргээр социализмыг олж хардаг. Ноён Уоллес, та бид маш буруу төсөөлөлтэй байхын хэрээр техникийн шинжлэх ухаанд хэт их ач холбогдол өгч байна. Нийгмийн дэг журам өөрчлөгдөхийн хэрээр бидний төсөөлөл улам муудаж байна.

- Гэхдээ доктор Фромм, өнөөгийн Америкт бага багаар социалист хэв маягийг бий болгож буй тодорхой хэдэн хүмүүсийн тухай таны ярианы сэдвийн дагуу явж байна. Мөн Америк 20, 25 жилийн өмнөхөөсөө илүү социалист болсон. Та захиргаадсан менежментийг муулдаг. Хувь хүн амьдрах арга замаа гээхийн хажуугаар социализмыг нэлээд дурьдлаа. Хэрэв үнэхээр социалист систем хортой юм бол үүнийг ашиглалаа гээд бидний аль хэдийн эмчилсэн нийгмийг улам дордуулах бус уу?

- Тийм, гэхдээ миний хувьд социализм гэдэг нь захиргаадаж менежмент хийдэг соёлын яг эсрэг нь юм. Бид өнөөгийн Орос улсын тухай их ярьдаг болжээ. Дараагийн 20 жилд Америк, Орос хоёр ялгаатай гэхээсээ илүү адилхан болно гэдгээс эмээж байна.

- Яагаад?

- Аль ч нийгэмд байдаг нийтлэг зүйл бол массыг үлэмж хэмжээний захиргаадалтаар удирддаг. Оросууд үүнийг хүчээр хийдэг бол бид итгэл үнэмшлээр хийдэг. Үзэл бодлоо илэрхийлсний төлөө хоригддоггүй, цаазаар авахуулдаггүй ийм ялгаатай чанар байгаад би баярладаг. Гэхдээ Оросууд ирэх 20, 30 жилд улам баян болоод ирэхээр иймэрхүү дарамталдаг арга зүйгээс аяндаа холдоно гэж боддог. Бидэнд байдаг нийтлэг зүйл бол масс юм. Мөн хүн бүр ухаалаг арга мэх хэрэглэдэг боловч тэд төөрөгдсөн үзэл бодол, санаа, шийдвэрээ дагадаг.

- Би хувьдаа тантай санал нийлж байна. Гэхдээ таны шийдэл хэцүү юм. Би таны оношилгоонд итгэж байна. Гэхдээ эмчилгээнд чинь биш гэсэн үг. Учир нь би таны социализмын санааг ойлгохгүй байна.

Image for post

Хэцүү гэдгийг та ойлгожээ. Ерөнхийдөө Оросууд ганц л зүйлд амжилт олсонд учир байгаа юм. Тэд Марксын бүтээл болон социализмын төрх буюу дэлхийн нийтийн санааг худалдаж чадсан. Дээрээс нь бид түүнийг нь хүлээн зөвшөөрснөөр пропоганда үйл ажиллагааг нь асар ихээр дэмжээд өгчихсөн. Марксын хүмүүнлэг, ардчилал гэж юу хэлээд байсныг, мөн миний хэлээд байгаа санааг тайлбарлахад нэлээд хугацаа орно.

Энэ талаар дэлгэрэнгүй мэдье гэвэл яах вэ?

- Үүнийг би нэг номондоо тайлбарлах гэж оролдсон.

- The Sane Society (Эрүүл нийгэм)

- Тийм, би “Эрүүл нийгэм” номондоо Марксын зарим санааг дурьдахыг хүссэн юм. Марксын санааг хүн бүр ярьдаг, гэхдээ хэн ч уншдаггүй. Яг үнэндээ Марксын хамгийн чухал санаануудыг англи хэлнээ хөрвүүлээгүй байдаг.

- Тэгэхээр та Эрих Фромм, Карл Маркс нарыг санал болгож байна уу?

- Яг тийм биш, арай дээр юм болов уу гэсэн санаа. (жуумалзав)

- Сүүлийн асуулт. Таны бичсэн “Эрүүл нийгэм” бүтээлийг уншихад, үүнийг хэлж байгаад уучлаарай. Эрих Фромм гэдэг хүн ирээдүйн дэлхий ертөнцийн талаар тун таагүй үзэл санаатай байдгийг мэдэрлээ.

- Ноён Уоллес, бид нийтээрээ аюултай учирч болохуйц нэг л зүйлд түгшиж, айж байна. Атомын дайнаас зайлсхийж чадахгүйд хүрэх вий гэдгээс сэтгэл өвдөж байна. Өнөөдөр миний ганц хичээж байгаа зүйл бол ердөө сүйрлээс зайлсхийх улс төрийн хийгээд гадаад бодлогыг бий болгох явдал юм. Хүмүүс үүнийг ойлгодог бол их сайн. Өөрөөр хэлбэл би хүн төрөлхтний ирээдүйг маш хэцүү байдлаар харж байна. Өнгөрсөн цаг хугацаа ч үүнийг хэлж өгнө. Хэрэв дайнаас сэргийлж чадвал бидний алсын хараа дахин сэргэх боломжтой гэж найдаж байна. Гэхдээ бид одоо хаана, ямар байна вэ гэдэгтээ шүүмжлэлтэй хандах ёстой.


-Доктор Эрих Фромм, бидний урилгыг авч, бидэнтэй хамт ярилцсанд танд баярлалаа

Орчуулсан Л. Энхтүшиг