ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эрүүл мэндийн даатгалгүй эсвэл эмчилгээний зардалгүй цагаачдыг тус улсад нэвтрэхийг хязгаарласан зарлигт гарын үсэг зуржээ.


Цагаан ордны цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурдсанаар, АНУ-д нэвтрэх цагаач 30 хоногийн хугацаатай эрүүл мэндийн даатгалтай байх ёстой байна. Эсвэл эмчилгээний зардлыг төлөхөд хангалттай санхүүгийн боломжтой байх ёстой. Хэрэв аль аль нь байхгүй бол АНУ-д нэвтрүүлэхгүй байна.


Энэ оны 11 дүгээр сарын 3-наас хэрэгжиж эхлэх энэхүү журам нь өмнө нь цагаачлалын виз авсан, мөн “цагаачлалын тусгай визтэй” гадаадын иргэдэд, АНУ-ын иргэн болсон хүүхдүүдэд, IR-5 виз /АНУ-ын иргэн болсон хүүхдүүдийн эцэг эх/, SB-1 виз /байнгын оршин суугчийн буцаах/ эзэмшигчдэд, мөн IR-2, IR-3, IR-4, IH-3, эсвэл IH-4 визтэй гадаадын иргэдэд хамаарахгүй аж. Үүнээс гадна, шинэ журам нь цагаачлалаас бусад визтэй хүмүүст үйлчлэхгүй юм. Тухайлбал, АНУ-д байнга оршин суух эрхтэй, түүнчлэн орогнох эрх, дүрвэгчийн статус хүссэн хүмүүст хамаарахгүй байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг