Э.Мөнхтуяа
02 сарын 25, 2022
Эцэг эх бүхэн хүүхдээ сайн сайхан амьдруулахыг хичээдэг. Тэдний олонх нь хүүхэддээ шинэ тоглоом худалдаж авахын тулд ажилладаг, зарим нь сахилга баттай, зорилготой байлгахыг хүсдэг бол зарим нь хүүхэддээ сонголт өгч , өөрсдөөр нь шийдвэр гаргахад сургадаг.
Гэр бүл бүхэн хүүхдээ хүмүүжүүлэх өөр өөрийн арга барилтай ч эцэг эхчүүдэд нийтлэг нэг зүйл байдаг. Тэр нь ээж аавууд өнгөрсөн хугацаанд хийсэн зарим алдаагаа засахыг хүсдэг.
Bright side агентлаг эцэг эхчүүд ирээдүйд харамсахгүйн тулд бусад эцэг эхчүүдийн засахыг хүсдэг алдаануудыг онцолсныг орчуулан хүргэж байна.
1. Хүүхэдтэйгээ харилцах харилцааг орхигдуулсан
Нярай хүүхдүүд хурдан өсч, биеэ даасан хүн болоход насанд хүрэгчидтэй байнга харилцаатай байх шаардлага тулгардаг. Үнэндээ эцэг эхчүүдэд ч энэ нь чухал харилцаа юм. Хэрвээ танд цаг зав хомс бол хүүхдээ тоглож байхад ажлаа амжуулах нь ердийн зүйл. Гэвч энэ нь зуршил болсноор нэг мэдэхэд таны хүүхэд аль хэдийн өсч томорч, өөрийн замналаар амьдарч байгааг та анзаарах болно.
Алдагдсан хугацааг буцаан авчрах боломжгүй тул хүүхэдтэйгээ зөвхөн бие махбодийн хувьд ойрхон байхаас гадна сэтгэл зүрхээрээ ойрхон байхыг хичээх хэрэгтэй. Хамт өнгөрүүлэх цаг хормыг бүү алдаарай.
2. Хүүхдээ хангалттай тэвэрдэггүй байсан
Эрдэмтэд тэврэлт нь эрүүл мэндэд (ёс суртахууны болон бие махбодийн эрүүл мэндэд) ач холбогдолтой болохыг баталжээ. Олон давуу талаас гадна зүгээр л бяцхан үрээ тэврэх нь таатай байдаг. Ойр ойрхон тэвэрснээр тэврүүлээд сурчихдаг гээд зарим эцэг эх хүүхдээ тэврэхээс зайлсхийдэг. Цаг хугацаа өнгөрөх тусам тэд өсч, танаар тэврүүлэхээ болих болно. Тэврүүлж байгаа энэ боломжийг ашиглаад үрсээ тэврээрэй!
3. Зураг, бичлэг хийгээгүй орхигдуулсан
Мэдээжийн хэрэг зураг, бичлэг хийгээгүйгээс муу зүйл тохиолдохгүй. Гэхдээ ирээдүйд амьдралынхаа хамгийн үнэ цэнтэй мөчийг эргэн санаж, тэдгээр сэтгэл хөдөлгөсөн мөчүүдийг насанд хүрсэн хүүхдүүтэйгээ хуваалцахыг хүсэх магадлал өндөр байдаг. Олон эцэг эх эдгээр мөчүүдийг дүрсжүүлээгүйдээ харамсдаг. Технологи өндөр хөгжсөн одоо үед ч гэсэн фото альбомд зургаа хадгалж үлдээх нь хамгийн найдвартай хэвээр байна.
4. Тэдний анх хэлсэн үгийг нь тэмдэглээгүй
Эдгээр нь зүгээр л сайхан дурсамжууд бөгөөд эдгээрийг авч үлдсэнээр танд сайхан сэтгэгдэл төрүүлэх болно.
5. Цагийг хангалттай бүтээлчээр өнгөрүүлээгүй
Бид бүтээлч тоглоом тоглосноор хүүхэд тань уран бүтээлч, хөгжимчин болно гэж хэлээгүй. Гэхдээ тэгэх боломж байгаа. Нэгдүгээрт, хүүхдээ олон янзын сургалт, спорт арга хэмжээнд оролцуулбал юу сонирхож, юунд сайн болохыг нь олж мэднэ. Ингэснээр тэдний давуу талыг хөгжүүлэх боломжтой. Хоёрдугаарт, аливаа төрлийн үйлдэл тэр дундаа чангаар унших, баримлын шавар эсвэл зүгээр л тоглоомоор хамт тоглох нь тэдний оюун ухаан, төсөөлөн бодох чадвар болон үгийн баялгийг нэмэгдүүлдэг. Эцэст нь та болон таны хүүхдийн хоорондох холбоо илүү хүчтэй болохоос гадна хамтдаа өнгөрүүлэх чухал шалтгаан болдог.
Туршлагатай эцэг эхчүүд хүүхдийнхээ авьяас чадварыг анзаараагүйдээ харамсдаг байна. Тиймээс хүүхэдтэйгээ бүтээлчээр цагийг өнгөрүүлэхийг хичээгээрэй.
6. Тэдэнд хэтэрхий хатуу шаардлага тавьдаг байсан
Хүлээлт өндөр байх тусам хүн илүү амжилтад хүрдэг гэсэн түгээмэл домог байдаг. Гэхдээ бодит амьдрал дээр эсрэг үр дүнд хүрч болно. Мэдээжийн хэрэг хүүхэдтэйгээ тогтоох харилцаанд муу үр дүн дагуулах магадлалтай. Хүүхдээ зөвхөн чухал гэсэн зүйлд л шийтгэж, урамшуулаарай.
7. Хүүхдийнхээ бодлыг чухалд авч үздэггүй
“Чи шийдвэр гаргахад хэтэрхий эрт байна” эсвэл “насанд хүрэгчид илүү мэднэ” гэсэн хэллэгийг олон удаа сонсож байсан байх. Иймэрхүү зүйлийг сонсоход таагүй үе байдаг. Гэхдээ хүүхдээ гомдоох нь хамгийн муу тохиолдол юм. Хүүхдийнхээ үзэл бодлыг тоомсорлохгүй орхих нь тэднийг өөртөө итгэлгүй нэгэн болоход нөлөөлөх магадлалтай. Хэрвээ чиний өмнөөс бүх шийдвэрийг гаргадаг хүн байсан бол амьдралаас юу хүсч байгаагаа хэрхэн мэдэх вэ? Хүүхэддээ сонголт хийх боломж олгон, өөрсдийн санаа бодлыг илэрхийлэхийг зөвшөөр. Тэднийг үл тоомсорлож, хязгаарлахаас илүү санаа бодлыг нь сонсож, харилцан ярилцаж тайлбарлах нь дээр.
8. Хүүхэддээ хангалттай аз жаргалтай хүүхэд насны дурсамжийг үлдээгээгүй
Хүүхэд насны сайхан дурсамж нь биднээс булаах боломжгүй хамгийн үнэ цэнтэй зүйл юм. Хэрвээ хүүхэд эрүүл орчинд өсч, олон туршлага хуримтлуулсан бол тэд идэвхитэй хөгжиж байна гэсэн үг. Аз жаргалтай хүүхдүүдэд насанд хүрэгчдийн амьдралд дасан зохицох, шинэ харилцаа эхлүүлэхэд хялбар байдаг. Мөн эцэг эхчүүд хамт өнгөрүүлсэн сайхан дурсамжаа эргэн дурсах дуртай. Хүүхэд тань амьдралдаа олон аз жаргалтай мөчийг өнгөрүүлэх нь тэдний ирээдүйд маш чухал үүрэг гүйцэтгэдэг.
9. Хүүхдийнхээ амьдралын чухал мөчүүдэд хамт байж чадаагүй
Бидний хувьд тийм ч ноцтой зүйл биш мэт санагдах ч зарим үе нь хүүхдүүдэд үнэхээр чухал байж болно. Иймэрхүү мөчид бүх хүн (ялангуяа хүүхдүүд) өөртэйгөө ойрхон хэн нэгэнтэй байх шаардлагатай байдаг. Хэдийгээр та хүүхдийнхээ төрсөн өдрийг алгасах хангалттай шалтгаантай мэт санагдаж болох ч, алгасахгүй байхыг хичээгээрэй. Ирээдүйд олон чухал үйл явдлуудыг мэдэлгүй өнгөрөөсөндөө харамсах болно.
Зул сарын гацуур модыг чимэглэх, театрт очих, эмээ өвөөд нь айлчлах зэрэгт цаг гарга. Эдгээр бүх зүйл тэдний хувьд чухал юм. Хүүхдүүд тань өсч том болох үед та эдгээр мөчүүдийг санах болно.
Эх сурвалж: https://brightside.me
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.