Фэйсбүүк болон инстаграм дахь 100 гаруй хуудсыг устгажээ

peak.mn
11 сарын 06, 2018

АНУ-ын Конгрессын завсрын сонгуульд хөндлөнгөөс оролцох явдалтай тэмцэх ажлын хүрээнд “Facebook” болон “Instagram” нийгмийн сүлжээн дэх 100 гаруй хуудас, хаягийг устгасан тухай “Facebook” компани мэдэгджээ. 

“Бидний явуулсан анхан шатны мөрдөн шалгалтаар зөвшөөрөлгүй хуурамч үйл ажиллагаанд татагдан орсон байж болзошгүй 30 хаягийг “Facebook” сүлжээнд, 85 хаягийг “Instagram”-д илрүүлсэн. Бид эдгээр хаягийг тэр даруйд нь хааж, одоо нарийвчлан шалгаж байна” гэж тус компанийн мэдэгдэлд дурдсан байна.

“Facebook” сүлжээнд устгасан хаягууд бараг бүгдээрээ орос, франц хэлээр, харин “Instagram”-ынх голцуу англи хэлээр байжээ. 

Мэдэгдэлд дурдсанаар, “Facebook” компанийнхан ихэвчлэн мэдээлэлд нарийн дүн шинжилгээ хийснийхээ дараа мэдэгдлээ нийтэлдэг байна. Гэвч сонгууль болоход ердөө нэг хоног үлдсэнийг харгалзан тус компани авсан арга хэмжээнүүд болон одоогоор мэдэгдэж байгаа баримтуудын талаар хүмүүст мэдээлэл өгөхөөр шийджээ. Эдгээр хаяг нь “Интернэт судалгааны агентлаг”-тай холбоотой байж болзошгүй тухай зэрэг дараагийн мэдээллүүдийг сүүлд нийтэлнэ гэж мэдэгдэлд дурдсан байна. 

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Дональд Трампыг нийгмийн сүлжээгээр дамжуулан дэмжсэн гэж Америкийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ОХУ-ыг буруутгасан боловч баримтаар нотолж чадаагүй юм. Тухайлбал, тус улсын хэвлэлүүд Санкт-Петербургийн “Интернэт судалгааны агентлаг”-ийг сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэж үздэг. 

Сонгуульд “Орос хөндлөнгөөс оролцсон” болон “Трамп ОХУ-тай хуйвалдсан” гэх таамгийг мөрдөн шалгаж байгаа АНУ-ын Сенат, Төлөөлөгчдийн танхимын хороодтой хамтран ажиллах үүргийг “Facebook”, “Twitter” зэрэг нийгмийн сүлжээнүүд хүлээсэн юм. Сонгуулийн үеэр “Трамп ОХУ-тай хуйвалдсан” гэж үзэж байгааг Кремл төдийгүй Цагаан ордон няцаасан. 

“Интернет судалгааны агентлаг” нэртэй Оросын байгууллагын удирддаг 270 гаруй хуудас болон хувийн хаягийг устгаснаа Марк Цукерберг дөрөвдүгээр сард мэдэгдсэн билээ. Зарим хуудас “Оросын мэдээний байгууллагуудад” харьяалагддаг байсан гэдгийг Цукерберг нэмж мэдээлсэн юм.  



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, RIA Novosti

Холбоотой сэдвүүд

facebook instagram

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.