Мета компанийн хэвлэлийн төлөөлөгч Эрин Миллер ирэх жилийн дөрөвдүгээр сараас “Instant Article” сайтуудын үйл ажиллагааг зогсоохоо мэдэгджээ. 

Тус компани анх 2015 онд хэрэглэгчдэд хурдан шуурхай мэдээ мэдээлэл хүргэх платформ үүсгэх зорилгоор “Instant Article” үйлчилгээг нэвтрүүлж байсан билээ. 

Мэдээллийн сайтад нийтлэгдсэн мэдээний линкийг Фейсбүүк рүү хуваалцах замаар мэдээлэл түгээх энэхүү үйлчилгээг нийт Фейсбүүк хэрэглэгчдийн гурван хувь нь хэрэглэдэг аж. 

Харин Мета компани алгоритмаа өөрчилж, хэрэглэгчдийнхээ сонирхолд тулгуурласан контентыг илүүтэй түгээх бодлого баримталж буй учраас ийнхүү шийдсэн байна. Мета компанийн хэвлэлийн төлөөлөгч Эрин Миллер "Фейсбүүкийн мэдээлэл түгээх алгоритм Тик токтой адил хувь хүний сонирхолд тулгуурласан мэдээллийг санал болгож, хэрэглэгч бүрт өөр өөрийн өнгө аястай мэдээллийг дамжуулах чиглэлд ажиллах болно" хэмээн мэдэгджээ. 

Эх сурвалж: Axios