2022 оны Миланы загварын долоо хоног (Milan Fashion Week 2022) энэ өдрүүдэд зохион байгуулагдаж  буй.

Тэгвэл тус загварын долоо хоногт энэ удаа Монголоос “Fashuned” загварын зөвлөх агентлагийн урилгаар Ханбогд Кашимер компани оролцож Regina хавар зуны загварын цуглуулгаа танилцуулжээ.

Regina цувралаар Монгол хатдын хувцас эдлэлийн баян тансаг загвар, хээ угалз, ховор нандин чимэг зүүлтийг орчин цагийн контемпорари урсгалтай хоршуулан эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, эрхэмсэг байдлыг феминист хэлбэрээр илэрхийлэхийг зорьсон аж. 

Тус цуглуулга дээр Итали улсын мэргэжлийн дизайнерын багтай хамтарч ажилласан байна. 

Ирэх улирлын загварын чиг хандлага төдийгүй одоогийн хэрэглэгчдийн зан төлөв дээр тогтож судалж дээд зэргийн цэвэр Монгол ноолуур болон торгомсог ноолуураар төрөл бүрийн сүлжээс ашиглан бүтээжээ.

Ханбогд Кашимерийн хувьд тогтвортой үйлдвэрлэл, тогтвортой хөгжлийг дэмжихийн хүрээнд олон улсын стандартад нийцсэн, чанарын шаардлага хангасан Монгол ноолуураар дахин давтагдашгүй загварууд, дахин давтагдашгүй үнэ цэнийг бүтээхээр зорилт тавин ажилладаг билээ.  

“Fashuned” загварын зөвлөх агентлагийн үүсгэн байгуулагч зураач, хувцас дизайнер О.Булган загварын коллекцийн талаар "Бидэнд ялгарах олон зүйл бий. Нэгдүгээрт бүтээгдэхүүнийхээ түүхий эдийн чанараар ялгарна. Тухайлбал ноос, ноолууран бүтээгдэхүүнийг онцолъё. Загварын салбарт ноолуур нь дээд зэрэглэлийн эд, тансаг хэрэглээнд ордог. Тэрхүү тансаг хэрэглээнийх нь түүхий эд болсон хамгийн органик, чанартай ноолуур нь манай улсад бий. Гарал үүсэл нь тодорхой гэдгээрээ давуу талтай. Яагаад гэвэл орчин үеийн хэрэглэгчид бүтээгдэхүүн худалдан авахдаа эх дэлхийдээ ээлтэй эсэхийг нь чухалчилж сонгодог, хариуцлагатай хэрэглээг дэмжих хандлагатай болсон. 

Тиймээс зөвхөн гоё, сайхан харагдсанаа аваад л нэг хоёр удаа өмсөөд хаях биш, тэрхүү хувцсыг хэр удаан өмсөх вэ, дахин боловсруулах боломжтой эсэхийг нь анхаарч сонголтоо хийж байна. Тэр дундаа барууны орнуудад энэ хандлага илт анзаарагддаг. Тэгэхээр гарал үүсэл нь тодорхой, органик монгол ноос ноолуур хэрэглэгчдийн анхаарлыг татаж чадна гэдэгт итгэлтэй байна." хэмээн ярьсан юм.