Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд иргэд, наадамчин олондоо зориулсан “Улаанбаатарын үдэш 2018” цэнгүүн өчигдөр  Д.Сүхбаатарын талбайд болов.

 “Улаанбаатарын үдэш” рок, попын нэгдсэн тоглолт “Хурд” хамтлагийн 25 жилийн ойн баярын тоглолттой нэгдсэнээр нийслэлчүүд нэгэн сайхан үдшийг хамтдаа наадан тэмдэглэлээ.

Тоглолтод дуучин С.Сэрчмаа, “Чоно” хамтлаг, “Fire” хамтлаг, “Жонон” хамтлаг, амьд хөгжмийн “Аадар” хамтлаг болон “Хурд” хамтлагийн соло гитарчин, хөгжмийн зохиолч Д.Отгонбаярын багийн “Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчид оролцож ая дуугаа өргөсөн юм. 

Энэ үеэр “Улаанбаатарын үдэш” цэнгүүний ёслолын буудлага Д.Сүхбаатарын талбайд эхэлж, наадамчин олныг баясгалаа.