“Гадаадад тэтгэлэгтэй суралцацгаая” боловсролын нээлттэй үйл ажиллагааг энэ сарын 30-ны өдрийн 09:00-18:00 цагт Тусгаар тогтнолын ордонд болох аж.  “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” НҮТББ-аас санаачлан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо” ТББ-тай хамтран тус өдөрлөгийг хоёр дахь удаагаа зохион байгуулах аж. 

Тус үйл ажиллагаа нь гадаадад болон эх орондоо тэтгэлэгтэй суралцах, гадаад оронд суралцаж байгаа болон суралцаж төгссөн салбар бүртээ манлайлагч залуучууд өөрсдийн мэдлэг чадвар, туршлагаасаа хуваалцан, орон орны боловсролын тогтолцоо, тус улсад суралцахад анхаарах зүйлс, хоёр улсын харилцаа гэх мэт олон талын зөвлөгөө, мэдээллийг өгдгөөрөө онцлог. Мөн үйл ажиллагааны үеэр мэргэжлээ хэрхэн зөв сонгох, карьер төлөвлөлтийг хэрхэн хийх зөвлөгөө, мэдээллийг өгөх юм.

Энэ удаагийн “Гадаадад тэтгэлэгтэй суралцацгаая” боловсролын нээлттэй үйл ажиллагааг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Гадаад харилцааны яам, Нийгмийн ардчилал Монголын Оюутны холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа бөгөөд “Монгол Оюуныг Монголын төлөө” уриан дор болох гэж байна.гэж Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас мэдээллээ.