УИХ-ын гишүүн Ж.Галбадрах 400 ширээ, сандлыг хэрэгцээтэй сургуулиудад хандивлалаа

Peak.mn
08 сарын 27, 2026

Улс орны хөгжлийн суурь нь боловсрол. Энэ салбарын суурь асуудлыг шийдэж байж боловсролын хүртээмж, чанар сайжрах юм. Хүн бүр энэ салбарт анхаарал хандуулж, сургуулиудын сурах орчныг сайжруулахад иргэн, байгууллага бүр хувь нэмрээ оруулах боломжтой. 

Тиймээс ч боловсролын салбарын төлөөлөл болсон УИХ-ын гишүүн Ж. Галбадрах санаачлан 400-аад сурагчийн ширээ сандлыг Япон улсаас авч ирж, Нийслэлийн боловсролын газарт хүлээлгэн өглөө. Тус ширээ сандлыг хэрэгцээтэй сургуулиуд болох Ховд аймгийн Жаргалант сумын 2-р сургууль, Нийслэлийн ерөнхий боловсролын 187 дугаар сургууль, Нийслэлийн ерөнхий боловсролын 7 дугаар сургууль, Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны ундраа  сургуульд тус тус хуваарилан өглөө. 


УИХ-ын гишүүн Ж. Галбадрахын хувьд "Боловсролыг дэмжих лобби бүлэг"-ийг санаачлан байгуулсан ба МАН-ын дэргэдэх "Боловсрол, шинжлэх ухааны бодлогын хороо"-г ахалж, УИХ дах Монгол-Японы Найрамдалын бүлгийн даргаар ажилладаг бөгөөд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн тухай их өгөгдөлд суурилсан судалгааг хийж, 108 сургууль, 95 цэцэрлэг шинээр барих шаардлагатайг тооцоолсноос 22 сургууль, 11 цэцэрлэгийн санхүүжилт шийдэгдээд байна. Улмаар 2026 оныг "Боловсролыг дэмжих жил" болгон зарлуулснаар тус салбарын хөрөнгө оруулалт 1.1 их наяд төгрөг давсан. 

Боловсролын салбарт хийх шинэчлэлийн эрэмбийг гаргаж, сургууль, цэцэрлэгийн хүртээмж буюу суурь асуудлаа эхлээд шийдвэрлэхийг онцлоод байгаа юм. Мөн багш бэлтгэдэг их сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэхэд чиглэсэн бодит ажил санаачлан, Ротари клубтэй хамтран МУБИС-д 72,000 ам.долларын өртөг бүхий Байгалийн ухааны лабораторийг хүлээлгэн өгч, ирэх хичээлийн жилд 180,000 ам.долларын өртөг бүхий Физикийн лабораторийн төслийг эхлүүлээд байна. 


400 сандал ширээг авчрах ажлыг Японы Ямагата мужийн захиргаатай Шинэ Монгол эрдмийн хүрээлэн хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Японы ерөнхий боловсролын сургуулиудын актлагдсан ширээ, сандлыг улсын сургуулиудад хандив тусламж хэлбэрээр өөрөөсөө санхүүжилт гарган оруулж иржээ. Японы стандартын дагуу актлагдсан ч чанарын хувьд сайн байдаг учир гишүүнд сургуулиудаас сандал, ширээ олж өгөхийг хүссэн хүсэлт их ирдэг байна. Хэрэв энэ ажлыг үр дүнтэй гэж үзвэл цаашид аймаг, дүүргүүдийг Японы аймгуудтай холбох боломжтой юм. 

Тэрбээр “Боловсрол бол бидний хөгжлийн гол тулгуур, хүүхэд бол бидний үнэт зүйл. Миний хувьд Боловсролын салбарт амьдралынхаа ихэнх хугацааг зориулж, хөдөлмөрлөж, боловсролын салбартаа бодлогоо тодорхойлон ажиллаж байна. Сургууль, цэцэрлэг, сандал ширээний хүртээмж хичээлийн жил болгон л яригддаг. Ялангуяа намайг УИХ-ын гишүүн болсноос хойш сандал, ширээ шийдэж өгнө үү гэсэн хүсэлт сургуулиудаас ирэх болсон. Тиймээс ч өөрийн хэмжээндээ энэ асуудалд багахан ч гэсэн хувь нэмэр оруулах үүднээс энэхүү ажлыг санаачлан хийж байна. Сандал ширээг хүлээн авахаар ирсэн сургуулийн удирдлага, нийслэлийн хамт олонд талархлаа. Ирээдүйг бүтээх хүүхэд бүрийн төлөө бүгдээрээ чадах хэмжээндээ оролцож, боловсролын байгууллагуудтайгаа хамтран ажиллахыг хүсье” гэлээ. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.