Нөхөр хоёул Хөх хотод уулзахаар болзов. Ажил амралтын тохироо бүрдэж өгөхгүй хэсэг хугацаа өнгөрөв. Гэтэл ашгүй нөхөр ээлжийн амралтаа авч таарав. Ингэж нэг юм бид хоёр хүний газар болзох тохиол бүрдэв. Амьдрал баян юм даа гэхээс өөр юу гэлтэй. Угаас сууж гэрлэнэ гэх үедээ ч хөтлөлцөж гүйсэн нь ховор улс юм. Гэтэл илч гэгээ татуулсан хаврын тэр нэг тогтуун өдөр ханиа хүлээхийн жаргалыг эдэлж суугаа азтай эмэгтэй болж хувирдаг юм байна. 

Түгжээ гацааг тооцсоных уу эсвэл хэт яарсаных уу цагаасаа арай л эрт ирчихэж. Хаврын тэнгэр юу билээ дээ, наранд гарахаар төөнөөд л, сүүдэрт зогсохоор жиндээд л. Ингээд галт тэрэгний буудлын өөдөөс харсан эсрэг талын түргэн хоолны газарт орж суув. Цаг нөгцөөж суучихаар аятайхан суудал хайлаа. Эргэн тойрноо гүйлгэж харвал буудлын зүг харсан ганц суудал хоосон байв. Ёстой л болдог газраа олоод суучихав. Үнэр танар ч үгүй, дуу чимээ ч үгүй, хүн ч сийрэг юм. Цонхны цаанаас амьдрал ийм яруу, хөгтэй байх юм гэж би урьд өмнө нь хэзээ ч бодож байсангүй. Эсвэл аяс айзамтай гэдгийг мэдээгүй ч явсан юм уу. 

Галт тэрэгний буудал гэж юусан билээ дээ, хэзээнээсээ л түмэн амьтны хөлд давтагдсан газар. Чемодан саваа чирсэн хүмүүс нааш цааш хөлхөлдөнө. Хөл хөдөлгөөн татрах шинж алга. Бүгд л яаруу түргэн зөрөлдөнө. Яг л робот шиг. Тэдэн дунд гэр бүлийн бололтой залуу хосууд хүүхдээ өхөөрдөн баясахыг харахад хүний амьдралын баяр жаргал ямар нэг тайз дэлгэцгүй, тавилт найруулгагүй, хэн нэгэн жүжигчин жүжиглэлгүй яг бодитоороо нүдний өмнө тоглогдох шиг санагдав. 

Гэрлэн дохио ногоон, шар, улаан гурван өнгөөр ээлжлэн асна. Хүмүүс гарцаар нэвтэрч, нөгөө бол машин тэрэг зөрөлдөнө. Дэлхий ертөнцийн аль ч хотод өдөр тутам, минут секунд бүрт харж болох нэгэн  хэвийн давтамжит хот газрын амьдрал ерөөс ийм юм. Энэ бүх улиг болсон хэмнэлийг харж суухдаа баяртай байгаа хүн тэрхэн мөчид би л байсан байх. Хүлээнэ гэдэг ийм их жаргалтайсан бил үү.  Хүлээлт ер нь хавартай адил ч юм шиг. Хаврыг догдлон догдлон хүлээдэг. Тун удахгүй ирнэ дээ хэмээн найдан найдан хүлээдэг. Хүлээсний эцэст тэр ирдэг. Хавар шиг удаан хүлээлгэдэг улирал үгүй шиг санагдав. 

Уруул дээр инээвхийлэл тодроод л, магадгүй тэр үед хэн нэгэн хүн намайг харсан бол царайд маань гэгээ татсан ч байсан юм бил үү хэн мэдлээ. Буудлын дээрх том цаг руу байн байн харна. Том дөрвөлжин хэлбэртэй цагийн зүү цагаан, секундынх нь улаан юм. Хэсэг хугацаа өнгөрөхөөр дахиад л өнөөх цаг руугаа харна. Зүгээр суугаа хүнд цаг хэдийхэн явааж дээ. Хэр удлаа гэхэд таван минут өнгөрсөн байх. Хань минь над руу айсуй яваа гэж бодохоор хором бүрд жаргалд амтагдана. Аль эсвэл давтамж биднийг гөлгөр болгочихсон, түүнийг нь би одоо л анзаарч байгаа хэрэг юм болов уу. 

Нэг хэмийн юм шиг атлаа өөр өөрөөр хурдан түргэн солигдох тэрхэн орон зайд таксины жолооч нар л цаг хугацааг хамгийн бодитоор үнэлж байв. Галт тэрэгний буудлаас гарч ирж байгаа нэгнийг тосч гүйгээд л, заримтай нь явах зүг чиг, үнэ хөлсөн дээрээ тохирдоггүй ч юм уу хоосон үлдчих юм. Нөгөө нэгтэй нь ч яриа хэлээ нийлдэг бололтой, тун удалгүй хөл нь хөнгөрөөд ачааг барьж гүйгээд л арынхаа тээшинд хийж аваад тэргээ асаан давхиж одно.  

Хүн хүлээж байгаа хүн андашгүй. Цонхны өмнүүр нэг залуу хэдэнтээ эргэлдэв. Гар утсаа оролдов. Бодвол “Би ирчихсэн байна. Чи хаана явна” гэж бичсэн байх. Би тэгж бичсэн ч үгүй. Үнэндээ миний утасны цэнэг дуусч байлаа. Тиймээс эцсийн мөчид хэрэглэхээр жаахан зайгаа хэмнэв. Лав настай хүн тоссон байгаад “Би таныг хүлээж байтал утасны цэнэг дуусаад харилцаа холбоогүй болчих шахлаа” гэсэн бол тархиар нь хатгуулах байх шүү. Ийм ч хариуцлагагүй угтагч байх гэж. Утас чинь яасан юм гэж л битгий асуугаасай. 

Энэ тэрийг ажих зуур ханиа бодно. Ядарч яваа болов уу. Өлсөж цангаж явдаг нь юу бол гэж бодно.Уг нь ч Улаанбаатарын түргэн хэмнэлт амьдралаас түр болов ч холдож тархиа амрааж явах сайхан байдаг даа. Яагаадыг бүү мэд, гэв гэнэт би л ханилж суусан энэ олон жилд ажил мэргэжлээ, хүсэл мөрөөдлөө тулгаж амьдарч ирсэн юм шиг таагүй мэдрэмж төрөв. Хүн арай залуудаа өөрөө жаргаж явах учиртай шиг боддог. Одоо бол би түүнийг надаас илүү жаргаж амьдраасай гэж залбирдаг. Тэр минь жаргаж байж би жаргалтай амьдардгийг одоо би мэддэг болсоон. Тиймээс л би түүнд энэ богинохон аялал таалагдаасай гэж ямар их хүснэ вэ. Буудлын дээрх том цаг руу харлаа, цаг юу юугүй дөхжээ.