М.Алтанцэцэг: Анх дурласан хүнтэйгээ шууд гэр бүл болох нь олон алдаа дагуулдаг

Х.Оргил
12 сарын 27, 2020

Хувь хүний хөгжлийн институтын захирал, сэтгэлзүйч Манжаагийн Алтанцэцэг зөвлөж байна


-Гэрлээгүй дөнгөж үерхэж байгаа хосуудад хандан зөвлөгөө өгөхгүй юу. Хамгийн чухал анхаарах ёстой зүйл юу вэ?

-Гэр бүл болно гэдэг хүний амьдралдаа гаргах шийдвэр, сонголтын хамгийн чухал нь. Тэгэхээр залуус маань гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн боловсролыг анхаарч үзэх, бодох цаг болсон. Өмнөх уламжлалт үетэй харьцуулах аргагүй өөр хөгжил, хурдтай өөрчлөгдөж буй цаг үед бид амьдарч байна. 

Гэр бүл болоогүй, үерхэж нөхөрлөж яваа залуус хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. 

✔ Өмнөх үерхэл нөхөрлөлийн алдаанаасаа суралцах чухал, өөрөөр хэлбэл анх удаагаа танилцсан хүнтэйгээ шууд гэр бүл болох нь олон алдааг дагуулж байдаг.

✔ Мөн өмнөх  харилцаандаа цэг тавиарай. Энэ бүхнийг бодсон, эргэж буцсан сэтгэлтэй байх ёсгүй. Хуудсаа хаагаад шинэ хуудас эхлүүлэх чухал.

✔ Хүнд итгэж сурах хэрэгтэй. Хайр дурлал, гэр бүлийн амьдралд итгэлцэл хамгийн чухал.

Ганцаараа байж сураарай. Ганцаараа байж, өөрийгөө чангаж, өөртэйгээ ярилцаж, өөрийгөө таньж мэдэхэд цаг гаргаж сурах хэрэгтэй. Гэр бүлд асуудал гарахад өөрийгөө таньж, өөртэйгээ ажиллаж чаддаг хүн даван гарах зохицуулах боломжийг олж харж чаддаг чадвартай болдог.

✔ Хайртай хүнээ байгаагаар нь хайрла. Алдаатай оноотой нь, сайн муутай хайрлаж сурах хэрэгтэй. Төгс төгөлдөр хүн хаа ч үгүй. Үнэндээ та өөрөө ч төгс биш гэдгийг байнга санаарай.

✔ Яагаад гэрлэх гэж байгаагаа тунгаан бод. Ирээдүйд ирэх үүрэг хариуцлагаа ухамсарла. 

✔ Гэрлэх гэж байгаа хүнийхээ ар гэрийн амьдрал, найз нөхөдтэй нь уулзаж ярилцах, судлах нь чухал. Эдгээр зүйлсийг мэддэг байхад илүүдэхгүй. 

Гэр бүл гэдэг зөвхөн хамт байхын нэр биш, санаа сэтгэл, ашиг сонирхлоор гагнагдсан, аж ахуйгаа эрхлэх, амралт зугаалах, хүүхдээ асарах зэрэгт бие биедээ жинхэнэ ёсоор тусалдаг, хамтын амьдрал юм. Гэрлэлт нь хүмүүст шинэ хүч чадал бий болгож, урьд өмнө байгаагүй тийм нэгэн чанарыг хосуудад төрүүлдэг. Мөн хүнд амьдралын тэс өөр байдлыг бий болгож, хүнээр асруулсан бусдын гар харагч биш, ганцаардмал байдалд ноёрхуулсан ганц бие хүн ч биш, харин өөрөө өөрийнхөө амьдралын эзэн болгодог. Одоо та зүгээр нэг хүн-арал бус, харин бүхэл бүтэн бүлэг арлын нэг хэсэг, “бид” гэдэг шинэ системийн нэг хэсэг болно. Энэ системийн туяарч байх уу, бүдгэрч байх уу гэдгийн аль аль нь танаас хамаарна.

Холбоотой сэдвүүд

гэрбүл сэтгэлзүйч хайр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.