"Миний ажил бол хүнд итгэл найдвар өгөх. Үүнээс сайхан зүйл байдаггүйг би ажлаасаа олж мэдэрдэг" гэж ярих энэ бүсгүйг А.Пүрэвцэрэн гэдэг. Гэмтэл согог, сэргээн засах төвийн сэтгэл зүйч түүнтэй гэмтэж бэртсэн хүмүүсийн сэтгэл зүй төдийгүй нийгэмд тулгараад буй сэтгэл зүйн асуудлын талаар ярилцлаа.

-Хэр эртэч вэ?

-Ажилдаа эрт очих дуртай. Аль болох идэвхтэй амьдрахыг хүсдэг. 

-Та бол гэмтлийн эмнэлгийн анхны сэтгэл зүйч. Хүмүүс хэрхэн хүлээж авч, хэр дасаж байна?

-Сэтгэлзүйчийн ажлын байр бий болоод дөрвөн сар боллоо. Анх өвчтөнүүдэд "Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх гэсэн юм аа" гээд очихоор өөрийг нь сэтгэцийн өвчтэй гэж байна гэд буруу ойлгож байгааг анзаарсан. Түүнээс хойш эмч, сувилагч нараар дамжуулж байж уулзаж зөвлөгөө өгдөг болсон. Сэтгэл зүйн хувьд тогтвортой хүмүүст сэтгэлзүйчийн туслалцаа бараг хэрэггүй. Харин гэмтлээс болж хөл, гараа тайруулсан, нуруу нугасны гэмтэлтэй хүмүүсийн дийлэнх нь сэтгэл санаагаар унаж, уурлаж бухимдах, нойргүйдэн хоол унднаас гардаг. Энэ хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөө дэмжлэг зайлшгүй хэрэгтэй.Зөвхөн гэмтсэн хүнд сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөөс гадна ар гэрийнхэн зөвлөн тусалж сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг. 

-Голдуу ямар шалтгаанаас болж хүмүүс хөл, гараа тайруулахад хүрдэг вэ?

-Маш олон шалтгаантай. Гэнэтийн осол аваараас гадна, архи дарс ууж яваад хөл гараа хөлдөөх, чихрийн шижин болон ясны идээт үрэвсэл гэх мэт олон шалтгаанаас болж хөл гарыг нь тайрдаг. 

ГАРГҮЙ Ч ГЭСЭН ГАЙХАЛТАЙ СЭЛДЭГ, АМЖИЛТ ҮЗҮҮЛЖ ЯВАА ТАМИРЧИД ОЛОН

-Ийм хүмүүсийн сэтгэл санааг яаж засдаг вэ?

-Осол гэмтлийн дараа тухайн хүн "Хөл дээрээ босч чадах болов уу" гэсэн айдас, сэтгэлийн зовиуртай болдог. Энэ үед нь сэтгэлзүйч ярилцаж, асуудлаа шийдэхэд, цаашид амьдралын чанарыг нэмэгдүүлэхэд нь дэм болж, сэтгэл санаагаар туслах чухал. Би хөл, гаргүй болчихлоо гээд сэтгэл санаагаар унаад гэртээ тааз ширтэж хэвтэж биш, амьдралыг өөр өнгөөр, өөдрөгөөр харж амьдрах ёстойг, хөгжлийн бэрхшээлтэй болсон ч боломж заавал байдгийг үйлчлүүлэгч нартаа ойлгуулахыг хичээдэг. Жишээ нь, паралимпд оролцож болно, төр засгаас багагүй дэмжлэг үзүүлдэг шүү дээ. Гаргүй ч гэсэн гайхалтай сэлдэг амжилт үзүүлж яваа тамирчин олон бий. Монголд тэдгээр тамирчин шиг урам өгч, үлгэр жишээ болох хэн нэгэн гарч ирээсэй гэж би хүсдэг юм. Хүний сэтгэл санаа дээшилбэл амьдралын чанар аяндаа дээшилж эхэлдэг.

-Сэтгэцийн өвчтэй биш гээд зарим хүн танд таатай ханддаггүй гэсэн?

-Сэтгэл зүй ерөнхийдөө Монголд шинэ салбар учир ийм асуудал хаа сайгүй л дээ. Ялангуяа эмнэлгийн сэтгэл зүй хүмүүст бүр шинэ санагдаж байх шиг байна. Гэхдээ янз бүр ээ. Зарим хүн үл ойшоосон хандлагатай байхад нөгөө хэсэг нь ач холбогдлыг нь маш сайн мэддэг. Өөрийг нь сонсож, ойлгох хэн нэгний тусламж хэрэгтэй байгааг ухаарч бүрэн нээж, ярилцаж чаддаг хүмүүс ч бий. Тэр хэрээрээ зөвлөгөө ч, эмчилгээ ч үр дүнгээ сайн өгнө. Зөвлөгөө тусламж авахыг хүсэхгүй байгаа хүнд халдах эрх надад байхгүй. Тийм болохоор зөвшөөрч, гарын үсэг зурсан тохиолдолд л зөвлөгөө өгдөг.

-Ослын дараах гэмтлээсээ болоод сэтгэл нь шархалсан хүмүүстэй хэрхэн харилцаж, сэтгэл зүйн хаалтыг нь авдаг вэ?

-Өдөрт огт уулзаж байгаагүй 2-3 хүнтэй уулзаж сэтгэл санааг нь уудлан амьдралыг нь яриулна гэдэг тийм ч амар биш. Сэтгэлзүйч хүний онцлог гэх юм уу, гаднах байдлаараа, хэл яриагаараа л “Энэ хүн намайг сонсоод надад тусалж чадах юм байна” гэсэн итгэлийг төрүүлдэг байх ёстой гэж боддог. Эмнэлэг сэтгэлзүйчтэй байх нь олон талын ач холбогдолтойг олон судалгаагаар нотолсон юм билээ. Хамгийн энгийн жишээ гэхэд сэтгэл зүйчид хандсан өвчтөний сэтгэл ханамж сайжирдаг учраас орны эргэлт хамаагүй багасдаг. 

ХҮН ЯАЖ ИНГЭЖ ТЭВЧИЖ ЧАДДАГ ЮМ БЭ ГЭЖ ГАЙХСАН

-Ер нь сэтгэлзүйчид хандах нь эмчилгээнд хэр эерэгээр нөлөөлдөг вэ. Тийм жишээнээс дурдаж болох уу?

-Би нэг өвчтөнтэй 10 гаруй удаагийн уулзалт хийсэн. Нэг удаа тэр хүнийг боолт хийлгэхэд нь хамт орж, шархыг нь хараад би өөрөө бараг шоконд орсон. Миний бодсоноос хамаагүй гүнзгий шарх байсан л даа. Ийм шархтай хүмүүс ёолох, орилох гээд өвдөлтийн үед гаргадаг хүнд реакц гаргана. Харин тэр хүн огт ёолж, орилоогүй. Сүүлд нь би тэр талаар нэг эмчид “Хүн яаж ингэж тэвчиж чаддаг юм бэ” гэсэн чинь “Энэ чинь л сэтгэл зүй шүү дээ" гэж хэлсэн. Ингээд бодохоор энэ салбар хүнд боловч итгэл, сэтгэлийн хүч өгдөг нь гайхалтай. 

-Ингэхэд яагаад энэ чиглэлээр ажиллахаар шийдсэн юм бэ?

-Би Гэмтлийн эмнэлэгт долоо дахь жилдээ ажиллаж байна. Өнгөрсөн долоон жил Нэгдсэн мэс заслын тасагт хагалгааны сувилагчаар ажиллаж байхдаа гэмтлийн дараах сэтгэл зүйн зөвлөгөө хэрэгцээтэй байгааг олж харсан. Тэгээд л өөрөө ч сэтгэл зүй сонирхдог болохоор ажлынхаа хажуугаар суралцахаар шийдсэн. Өнгөрсөн дөрвөн жил орой ээлжинд гараад, өдөр нь хичээлдээ сууж байж дипломоо гардсан даа. Ажилд ороход дарга, удирдлагууд маань өвчтөнүүдийн сэтгэл зүйн хэрэгцээ шаардлагыг ойлгож намайг дэмжсэнд баярладаг. Гэмтэлд ажиллаж байсан ч мэргэжлээ солиод ахиад ажиллах их сонирхолтой, сайхан байгаа. 

-Лам, бөө гээд шашны зан үйл ажилд тань саад болдог уу?

-Хүний шашин шүтлэг учраас би үгүйсгэх эрхгүй. Өвчтөнүүд хүсэж байгаа бол шашин шүтлэгийн зан үйлээ хийж болно. Сэтгэлзүйчийн хувьд өвчтөн болон ар гэрийнхэнд "Би хийх юм аа л хийнэ" гэж хэлдэг. 

-Ажлын ачааллаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Эхэн үед өвчтөнүүдээ бодож шаналдаг, ажлаа гэртээ "аваад очдог" үе их байсан. Одоо бол ажлаа ажлын цагаар хязгаарлаж, гэртээ очоод гэрийнхэндээ цаг зав гаргахаар шийдсэн. Шийдвэр гаргачихаар амар байдаг юм байна.

-Өвчтөнтэйгээ ярилцан сахиж хонох тохиолдол гарч байсан уу?

-Нэг удаа л сахиж хоносон. Одоо бодохоор тэр нь ч зөвдсөн. Тэр хүнийг хүнд нөхцөл байдлаас хэвийн рүү эргүүлж чадсан гэх үү дээ. Үүнээс цааш үйлчүүлэгчийн нууц учраас ярьж чадахгүй нь. Ямартай ч хийе гэсэн хүсэл байвал үр дүнд хүрч болдгийг ойлгосон.

ХҮНИЙГ ХҮНЭЭР НЬ ХАЙРЛАХ ХАМГИЙН ЧУХАЛ


-Осол гэмтлээс болоод хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүсийн ар гэрт нь юу захиж хэлдэг вэ?

-Тухайн хүний нөхцөл байдлаас хамаараад янз бүрийн зөвлөгөө өгнө. Зарим хүн бол сэтгэл зүйн багахан дэмжлэг үзүүлж, асаргаа сувилгаа хийгээд л хурдан тэнхэрдэг. 

-Сэтгэлзүйч хүний хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нийгэм яаж хандах ёстой гэж боддог вэ?

-Энэ тухай хэлэхийн тулд 18 настай Япон бүсгүйн тухай номыг товчхон ярихаас аргагүй санагдлаа. Энэ номонд амиа хорлохоор метроны зам руу үсэрсэн ч хэд хоногийн дараа хоёр хөлгүй, нэг гаргүй, нөгөө гартаа гуравхан хуруутай эмнэлгийн орон дээр сэрсэн бүсгүйн тухай гардаг. Бүсгүйн зорилго нь нойрны эмээ цуглуулж байгаад нэг өдөр бүгдийг нь ууж үхэх байсан. Түүнийг эмнэлэгт байхад нь хоёр хүн гурван сарын турш уулзаж зөвлөгөө өгсөн байдаг. Эхэндээ тэднээс төвөгшөөж байсан ч сүүлдээ амьдралыг харах өнцөг нь өөрчлөгдөж, өөдрөг болж эхэлсэн. Нэг өглөө сэрээд амьдралдаа анх удаа намрын нар мандахын сайхныг мэдэрч “Ямар сайхан өглөө вэ” гэж бодсон гэдэг.


Эмнэлэгт байхад нь ирж уулздаг байсан залуутай гэрлэж, хоёр хүүхэд төрүүлсэн талаараа дуртатгал бичсэн юм. Сурвалжлагч нар түүний нөхрөөс “Та яагаад хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй суучихсан юм бэ” гэж асуухад “Би хэзээ ч эхнэрээ хөгжлийн бэрхшээлтэй гэж харж байгаагүй” гэж хариулсан. Тэр эхнэртээ бүх зүйлд нь туслах биш дэмжлэг л үзүүлдэг байж. Япон бүсгүй энэ талаар "Эхлээд яах ч учраа олохгүй байсан ч нэг л мэдэхэд олон зүйл хийгээд сурчихсан байсан" гэснийг уншаад миний үзэл бодол өөрчлөгдсөн.

Тэгэхээр бид хүмүүсийг эрүүл, хөгжлийн бэрхшээлтэй гэж хоёр хувааж ялгаварлахгүйгээр ижил тэгш хандаж сурмаар байна. Хүн хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн бусдаар өрөвдүүлэхийг хүсэхгүй шүү дээ. Өрөвдөж харилцах нь харин ч тэднийг улам ч сул дорой болгодог. Гэхдээ шууд эрүүл хүн шиг зүйл шаардах биш, аль чадлаараа сэтгэл санаагаар дэмжихэд л хангалттай. Хүнийг хүнээр хайрлах нь хамгийн чухал "Тахир дутуу хүн юм чинь ингэж л харилцана" гэсэн ойлголт бол маш тахир дутуу, ядмаг ойлголт юм шүү.

АСУУДЛЫГ БОЛОМЖ ГЭЖ ХАРДАГ ХҮН ЗОВЛОН БЭРХШЭЭЛИЙГ АМАРХАН ДАВАН ТУУЛДАГ

/Хамт олонтойгоо/

-Ямар зан чанартай хүн зовлон бэрхшээл учрахад даван туулах чадвартай байдаг вэ?

-Өөрт тохиолдсон зүйлийг боломж гэж хардаг, сэтгэл зүйн хувьд тогтвортой хүн асуудлыг амархан даван туулдаг шиг санагддаг. Хүн бүр өөрийн гэсэн амьдралын үнэт зүйл, зорилго, хүсэл мөрөөдөлдөө хүрэхийг хүсдэг. Амьдрал маш баялаг шүү дээ.

-Та ажлын стрессээ хэрхэн тайлдаг вэ?

-Амралт чөлөөт цагаа гэртээ өнгөрүүлэхээс илүү ууланд алхах, гитар тоглох эсвэл ямар нэгэн бүтээлч зүйл хийх дуртай. Би ажлынхаа хажуугаар хүмүүст гитар заадаг. Одоогоор 50 гаруй хүнд гитар тоглож сурахыг заасан байна. Бас бялуу хийх хоббитой. Ихэнхи найзынхаа хуримын бялууг нь хийж өгсөн. (инээв) Ажил, уулзалт, сургалтууд гээд бүх ажлаа төлөвлөх дуртай, тэгээд сурчихсан. Тийм болохоор олон зүйл амжуулж чаддаг байх.

-Гитараа сэтгэл засалд ашиглаж үзсэн үү?

-Үзэлгүй яахав. Маш үр дүнтэй.

-Нийгмийн сүлжээнд хар бараан мэдээ түгээдэг хүмүүс бий. Энэ хандлагыг сэтгэлзүйчийн хувьд юу гэж хардаг вэ? 

-Нийгэм яах аргагүй стресстэй байгаа болохоор иймэрхүү хандлага дэлгэрчээ. Нэг талаас бусдыг мэдээсэй гэж хуваалцдаг, нөгөө талаас зарим нэг хүнд анхааруулга, сэдэл өгч байдгийг бодолцох хэрэгтэй.

-Манай уншигчдад юу захих вэ?

-Амьдралд сайн сайхан зүйл маш их. Салбартаа болон нийгэмдээ эерэг нэгэн байгаарай гэж хүсье. Байгаадаа сэтгэл хангалуун байж, талархаж амьдрах шиг сайхан зүйл үгүй байх.