Эрүүл мэндийн сайдын Д.Сарангэрэлээр ахлуулсан  Коронавируст халдвар (COVID-19)-аас сэргийлэх, хянах тохиолдлын удирдлагын тогтолцооны баг бүрэлдэхүүн өнөөдрийн 00:25 минутад ДЭМБ Коронавируст халдвар “Цар тахал”-ын түвшинд хүрлэээ  гэж зарласантай холбогдуулан хуралдлаа. 

Уг хуралд Монгол дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица оролцож  цар тахал зарласан талаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр хэлэхдээ сүүлийн 2 долоо хоногт коронавируст халдвар (СOVID-19) эрчимтэй тархсан, вирусийн хоруу чанар өндөр байгаа, урьдчилан сэргийлэх вакцин  гараагүй зэргийг үндэслэн эрсдлийн үнэлгээ хийж, цар тахал гэж зарласан гэлээ. Хэдий цар тахал хэмээн зарласан ч  үндэслэлгүй айдас, түгшүүрийг бий болгох нь нөхцөл байдлыг хүндрүүлэх бөгөөд  уг вирусийг хянах аргагүй боллоо гэсэн үг биш юм. Цаашид улс орнууд ДЭМБ-аас цар тахлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааг өөрчлөхгүйгээр улам эрчимжүүлэн ажиллахыг зөвлөж байна. Мөн ЭМЯ бэлэн байдлаа хангах арга хэмжээг маш сайн авч байгааг хэрэгжүүлж байгаа гэдгийг хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ. 

Иймээс ДЭМБ-ын зөвлөгөөг хүргэж байна.

• Өөрийн бодол болон бусдын буруу ташаа мэдээлэл тараахгүй, цуу ярианд автахгүй байх

• Хэн нэгийг буруутгаж, ялгаварлан гадуурхахгүй байх

• Өндөр настан, архаг хууч өвчтэй хүнийг анхааран халамжлах

• Хэт сүржигнэж, бусдыг үймээн самуунд уриалахгүй байх

• Урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн хэрэгжүүлэх

• Өвчнийг ялан дийлэх итгэл найдвар, эв нэгдэлтэй байх

ЭМНЭЛЭГТ ЯАРАН ОЧИХГҮЙ БАЙХ:

Сүүлийн 14 хоногийн хугацаанд өвчлөл гарсан улсад зорчсон, коронавируст халдвараар өвчилсөн хүнтэй ойрын хавьтал болсон, халуурах, хуурай ханиалгах, ядарч сульдах, цэр гарах, амьсгал давчдах, булчин, хоолой, толгой өвдөх, бөөлжих, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 100, 103, 8008-6829, 7028-4393 болон өрх, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагын утсанд хандаж зөвлөгөө авна уу.


Эх сурвалж: Эрүүл мэндийн яам