Ц.Дэлгэрмэнд: Зохиомол сэтгэцийн эмгэгээс болж өөрт байгаа нандин зан чанараа битгий алдаарай

Peak.mn сайт сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэндийг урьж өнөөгийн нийгмийн сэтгэлзүйн чиг хандлага, сэтгэцийн эрүүл мэнддээ хэрхэн анхаарах талаар ярилцлаа. 

Хүн бүр өөрийгөө сэтгэцийн эмгэгтэй байлгах тренд үүсжээ

Сэтгэл зүйн шинжлэх ухаан шинэ сэдэв учраас хүн бүрийн сонирхлыг татаж байна. Энэ утгаараа залуучуудын дунд сэтгэцийн эрүүл мэндээ хайрлах, хамгаалах хөдөлгөөн идэвхтэй өрнөж эхэлжээ. Гэвч аливаа зүйлийн тун ихэдвэл хор болдгийн адилаар сүүлийн үед зохиомол сэтгэцийн эмгэг үүсгэх тренд дэлгэрч байна. 

Үүний тод жишээ нь өөрийнхөө амьдралыг сэтгэцийн эмгэгээр тодорхойлдог хүмүүс юм. Тухайлбал, бага насанд авсан сэтгэлзүйн гэмтлээ ажил, хувийн амьдрал дээрх таагүй нөхцөл байдалтайгаа холбох хүн байдаг. Үнэхээр нөлөөтэй байж болохыг үгүйсгэхгүй ч хэт мушгин гуйвуулж болохгүй. 

БИЧЛЭГ ҮЗЭХ:

Сэтгэцийн эмгэгийг өрөвдүүлэх арга хэрэгсэл болгож байна

Тухайн нийгмийн чиг хандлагыг тодорхойлдог залуусын ярих ярианы сэдэв 10 жил тутамд өөрчлөгдөж байдаг. Тухайлбал, 1940-өөд оны залуучуудын дунд "Дайн"-ы талаарх яриа гол сэдэв болж байлаа. "Би дайнд явсан, би дайнаас ирсэн", "Би байлдсан" гэх мэтээр хүн бүрийн ярьдаг зүйл энэ л байсан. Харин 1990 онд "Ганзагын наймаа" гэдэг үг хүн бүхний үгийн санд байлаа шүү дээ. Цаашилбал, 2000-аад оны үед "Бизнес" гэх үг тренд болж байсан гэхэд болно. 

Тэгвэл 2020-иод оны сэдэв яалт ч үгүй "Сэтгэцийн эрүүл мэнд" болоод байна. Зөвхөн Монголд гэлтгүй дэлхий нийтээр энэ "тренд" эрчимтэй тархаж, хэт туйлшрах хандлага тогтжээ. Коронавируст халдвар үүнд хамгийн их нөлөөлсөн гэхэд болно. Хүмүүс сэтгэлзүйдээ анхаарч, ач холбогдол өгч байгаа нь талархууштай ч суурь ойлтголтгүйн улмаас мушгин гуйвуулах хүн багагүй байна. 

Инстаграмаас уншсан зүйлдээ тулгуурлан "Өө би ийм сэтгэцийн эмгэгтэй" гээд шууд өөртөө "наачихдаг" хүн бий. Энэ чинь "Магадлалтай шүү" л гэж сэрэмжлүүлж байгаа болохоос биш яг "Тийм" гэсэн баттай зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Зарим нь түр хугацаанд илэрч буй шинж тэмдгийг дэвэргэж бусдад яриад яваад байдаг. Хэлж байгаа шалтгаан нь "Намайг ойлгож, надтай зөөлөн хандаач" гэсэн утга юм. Энэ мэтээр бусдаар өрөвдүүлж хайрлуулж халамжлуулдаг жишиг тогтчихоод байна. 

ШИНЖЛЭХ УХААНЫ ОЙЛГОЛТТОЙ БАЙХ НЬ ЧУХАЛ

Цуу үг тархдагтай адил зогсоогдошгүй хүчтэй тархаж буй энэ трендэд хэтэрхий уусаж болохгүй. Шинжлэх ухаанч нар хүртэл ойлголт, тодорхойлолтоо нэгтгэж амжихгүй хурдтайгаар энэ сэдэв газар авч байна.  

Тиймээс ойлголтууд нэгтгэгдэж, шинжлэх ухаанаар баталгаажих хүртэл тэвчээртэй байх хэрэгтэй. Харин тэр хооронд өөрийнхөө болон бусдын сэтгэл зүйг гэмтээх вий. Тайван амгалан бай. Өөрийгөө ийм тийм гэж тодорхойлохоос өмнө ямар ойлголт дээр тулгуурлаж байгаагаа бодоорой.

Тренд гэж хуйлрах биш дотоод мөн чанараа мэдрээрэй

Сувилагч нарын "эмгэг" гэж байдаг. Өвчин илрэх шинж тэмдгийг уншчихаад л "Надад байна" гэдэг. Гэхдээ 4 жил сурч төгсөөд тийм байх албагүй юм байна гэдгийг ойлгодог. Сэтгэл судлаач нарын хувьд ч гэсэн ялгаагүй. Бид нарт ч гэсэн бүх зүйлийг өөртөө наах гэдэг үеэ давж гарсан. Тэрний дараа миний яг жинхэнэ бие хүний онцлог чинь энэ юм байна. Миний сэтгэл гутрал чинь энэ юм байна. Миний бусадтай харилцах харилцааны загвар энэ юм байна гэдгийг ялгаж байгаа байхгүй юу. 

Тэгэхээр хүн бүр энэ трендийг дагаж байгаа юм чинь гээд бусдыг хэтэрхий даган дуурайж болохгүй. Хэтэрхий их тренд дагах нь өөрт байгаа нандин чанаруудыг алдах эрсдэлтэй. Эцэг эхээс заяасан хувь хүний зан төлөв гэж бий шүү дээ. Үүнийгээ мэдэх гэж оролдон, бие хүний онцлогоо таних гэж хичээгээрэй. Үүний дараа дутуу байгаа зүйлээ суралцах ёстой ур чадвар гэж бодоод нэмж өөртөө бий болгоорой. Ингэж чадвал 80 жилийн амьдрал тань олон гоё дурсамж, харилцаагаар дүүрэн байх болно. 


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.