Ажлын шаардлагаар ч юм уу амьтан хүний гуйлгаар ном бүтэх ажилд дайчлагдах болгонд “Өөрийнхөө юмыг гаргаач” гэж шилбэлздэг найзыгаа энэ өдрүүдэд хамгийн ихээр үгүйлж байна. 

Улирч одсон нэгний араас уран яруу үг урсгаж, уянга дуу хадаах угаас дургүй ч тэнгэрт дэвшсэн тэр өдрөөс нь хойш  найзаараа дутаагүй өдөр бараг байсангүй. Намайг үргэлж хурцалж, бас зөөллөдөг байсан сэргэлэн зантай сиймгэр шар бүсгүй... Гэнэ сэргүйхэн яваад өгснөөс нь хойш нэгэн улирал улирах гэж байна. Хайруу жавар ханзарч урь оржээ.

Цахим орчинд идэвхтэй, өглөө бүр л хөг, урам нэмсэн хөгжүүн постуудаар бусдыг зоригжуулж идэвхжүүлэхээ чухам өөрийнхөө үүрэгт ажил гэж боддог байсан тэр надаар дутахгүй олон найз, шүтэн бишрэгчтэй л байсан байх. Гэхдээ би найзыгаа аль нэг цагийн ерөөлөөр амьдралд маань солонго шиг хоромхон туяараад сарнисан хорвоогийн хамгийн гэгээн өнгө гэж бодож явдаг. 

Яг одоо түүний хэдэн жилийн өмнө гаргаж байсан “Амьдралд өнгө нэмнэ” нэртэй авсаархан номыг бариад сууж байна. Өөр шиг нь  хөнгөн, хөгжүүн, ер нь юунд ч санаа чилээн гунддаггүй юм шиг цоглог мөртүүд өмнөөс дурайна. Ухаад уншвал үг бүрийнх нь цаана алдаа онооных нь туршлага, алсарч одсон өдрүүдийнх нь гуниг харуусал мэдрэгдэнэ. Чихэр шиг амтлаг, хурууд шиг өег, хааяадаа хужир шиг гашуун тийм л үгс...

Солонго маань нэр шигээ олон өнгө цогцлоосон, олон ч ажлыг зэрэг амжуулдаг, амьдралын төлөө, амжиж бүтээхийн төлөө чардайтлаа зүтгэдэг байв. Өөрөө түмэн завгүй мөртлөө хэнийг ч цаг гаргаж сонсож чаддаг, зөвлөдөг, тэр олон өнгөнөөсөө дандаа гэрэлтэй, гэгээтэйгээ түгээдэг өвөрмөц зантай, төрөлхийн ч гэмээр “көүч” өгөгдөлтэй. 

Огт өвдөж шархалж байгаагүй мэт, өвдөг сөхөрч үзээгүй мэт, ерөөс үхэхгүй юм шиг л тоомжиргүй дэврүүн, цайлган хайлган нь дэндсэн хүн байв...  “Бөн бөн хэмээх уран бүлтрээ”-г минь гарсан сургаар хамгийн түрүүнд дэгдэж ирээд, “Энэ чинь л Адъяа шүү дээ” гэж тас тас инээх байсан байх.  

Хөл хорио дуусвал номынхоо нээлтийг хийх юм сан гэж бодогдох. Соко амьд байсан бол хөтлөх байсан даа гэж бас гансрах... Хүн ч тэгээд санааширч дуусахгүй амьтан юм даа. Хэнхдэгтээ хөндүүр тээж явснаас хэдэн үг хэлхээд ч болов сэтгэлээ амирлуулж сууна. Найзынхаа араас дахиж харууслын үг унагахгүй ээ.

Айсуй цаг хугацаа бидэнд олон л өнгийг харуулах байх. Тийм гэхийн тэмдэггүй, завсрын өнгөнүүд ч зайгүй сүлэлдэхийг хэн мэдлээ. Гэхдээ би найзыгаа гэв гэгээн өнгөөр өнөд дурсаж явахын тулд цахим орон зайд нь одоо ч байгаа зургуудаас  хамгийн гоёыг нь сонголоо. Зэгзгэр, зэрмэгэр, бас бүжиглэдэг, дуулдаг авьяасаар нь зуурхан ч болов бахархах гэж. Урианхай дуу хадаахдаа эмээгээ дурсаж уяран суусан тэр нэг агшныг бас санаадахлаа. 

Хойдын ерөөлөөр дахиж учрах зам нь дардан, зүг бүхэн нь гэгээн байг дээ


Сэтгүүлч Э.Адьяасүрэн