“Ганлингийн дуу”

Х.Оргил
03 сарын 15, 2021

Ш.Лувсанванданы нэрэмжит шагналт, Хэлбичгийн ухааны доктор, судлаач Чимэдийн Чимэгбаатар нь утга зохиол шүүмжлэгчийн хувьд, ялангуяа монгол хэл шинжлэлийн талаар хэнийг ч дагуулахааргүй боловсорсон, энэ талаараа аргагүй л авьяаслаг нэгэн нэгэн билээ. Судлал шинжлэлийн хорь орчим ном, 300 гаруй үгүүлэл, нийтлэл хэвлүүлсэн тэрбээр эдүгээ Монгол хэл шинжлэлийн сэтгэлгээ, монгол хэлний найруулга зүй, уран зохиол судлалаар зонхилон ажиллаж байна. Ч.Чимэгбаатар нь саяхан шинээр хэвлэгдсэн “Ганлингийн дуу” романы талаар ийм дүгнэлт хийжээ.

 

...Шашны мөн чанарыг үзэх үзэл эрин эринд өөрчлөгдөж, түүний шинж зуун зуунд эерэг сөргөөр илэрч байдаг аа.

Шашны тухай манайхан дуугарсаар ирсэн. Тэгэхээс ч өөр яахав.

Удирдагчид, улс төрчид, эрдэмтдийн хэлсэн үг нийгмийн сэтгэгдэл, үзэл санаанд хэзээ ч хүчтэй нөлөөлдөггүй, ялангуяа манайх шиг улсад. Тэд олон нийтийн сэтгэл санаанд нөлөөлөх, дэмжлэгийг татах, илбэн тохинуулах зорилгоор ихэвчлэн хэлдэг учраас үг нь төдөлгүй замхрах үүлнээс онц ялгалгүй.

Эрдэмтдийн хэлсэн үг хувь судлаачийн үзэл бодол гэх утгаар нийгмийн явцуухан хүрээнд дуулдаад өнгөрдөг. Тэгвэл...

Манай ард түмэнд уран зохиол тун нөлөөтэй. Эртнээс ийм уламжлалтай, сэтгэлгээтэй юмаа. Гэвч зохиолчид маань шашны сэдвийг мөн чанарын хувьд нь хөндөхөөс ямагт зайлсхийж ирсэн. Үүнд мэдлэгийн ч, чадварын ч, үзлийн ч хүчин зүйл бий. Харин эерэг сөрөг шинжийг нь хөндсөн, дурдсан зохиолууд олон бий. Энэ бүгд нь, ахуйн хүрээнд, амьдралын харилцаа, зөрчлийн хүрээнээс халихгүй.

Б.Ойдовын энэ зохиол нийгэмд хүчтэй илгээлт боллоо. Хэлсэн үг мартагддаг, хэрэгтэй үед хэн нэг нь сөхөж сануулаад, буцаад мартагддаг. Зохиол бол мөнх. Олон ч хүн үе дамжин уншина. Үүнд зохиолч, уран зохиолын үнэт чанар оршдог оо.

Туурвилын онцлог

1.Зохиол эцсээ хүртэл, яаж дуусах нь үл мэдэгдэнэ. Тэр бүү хэл, зохиолын дундуур ч, олон үйл явдлын өрнөл дунд ч, үйл явдал яах нь, дараах үгүүлбэрт юу гарах нь мэдрэгдэхгүй. Энэ бол туурвилын ур чадвар юм. Ийм л зохиолыг уншигч, “яах бол, яах бол” гэсээр барьж дуусгадаг. Би ч тэгж уншиж дуусгав.

2.Зохиолын хэл энгийн, хүүрнэл шинжтэй. Уншихад маш амар, санаанд шууд уусна. Зарим зохиол хөдлөл өгүүлэмжийг хэт хийсвэрлээд, хэл найруулга нь хиймэл дэгжирхэлийн хөөсрөлд автдаг нь, зүйрлэвэл түрхэц нь ихэдсэн талх мэт. Тийм зохиолыг унших маш хэцүү, номын үйл явдалд ер орж болдоггүй. Энэ зохиол, хөндлөнгийн нэгэн явдал шиг биш, яг тан руу харж суугаад, хүүрнэж байгаа, нэн сонирхолтой яриа.

3. Дүрслэл нь үгүүлэмжтэйгээ нийцсэн. Үгүүлэх явцдаа дүрийн шинжийг дүрслэжээ. Эхэлж, дүрсэлчихээд дараа нь өгүүлсэнгүй. Харилцан уусгаж бичиглэсэн байна.

4.Цаг хугацаа, орон зайн асар тэлүү ахуй ертөнцөд үйл явдал өрнөж байна. Эрт өдгөөн олон явдлын учир холбоос, үр дагавар, одоогийн байдал гээд олон зүйлийг үгүүлнэ. Эртний Энэтхэгийн шашин шүтлэгийн учир, Хүннүгийн хүчирхэг цагийн нэгэн агшин тодорч, түүх домгийн ахуй сүүмэлзэж, дайн байлдааны анир сонстоно. Төвдийн мөргөл тасалдаж, англичуудад буудуулж, хятадуудад хядуулна. Соёлын хувьсгалын сүүдэр ч тусна. Монгол улсын байдал ч тодорно. Ийм ахуй дэлгэц дээр Даянанда хэмээх багш ламтан, түүний хоёр монгол шавийн адал явдал хөвөрнө. Энэ гурван дүр бол, манай уран зохиолд хэвшсэн зохиомжит зогсонги дүр биш, маш ээдрээт сүлжмэл адал явдлын төв дөх,  маш хөдлөнгө дүрүүд юм.

Ингэж дуугарах зохиол нийгэмд хэрэгтэй байлаа. Яагаад гэвэл, уран зохиол бол зохиолч үзэл бодлоо нийгэмд илгээх нэгэн хэрэгсэл юм. Маш хүртээмжтэй хэрэгсэл.

Нийгмийн аливаа үзэгдэл зохист хэмжээнээсээ хэтрэх нь олон нийтийн санаа сэтгэлээс түлхэгдэхийн шалтгийг үүсгэдэг ээ. Түүний нэг нь шашин. Түүхийн туршид хүн төрөлхтөн шашинд наалдаж, шашныг түлхэж ирсэн. Монголчууд бид ч бас. Зохист хэмжээнээсээ байс гээд л алдардаг үзэгдэл гэж хэлж болно. Өнөө үе бол мөн л алдраад эхэлсэн, хурдтай даамжирч байгаа гэж олон нийт бодох юм.

Энэ зохиол мөн л тийм нэгэн үзэгдлийг өгүүлнэ. Өгүүлээгүй ч байж болно. Зохиолч шашны зарим үйлдэлд шүүмжлэлтэй хандсан ч байж болно. Түүнд санаа зовсондоо, шүүмжилсэн ч байж болно. Огт тийм биш ч байж болно. Уншигчийн л бодол ухаан, үзэл ухамсар л мэдэх хэрэг. Ямар ч л байсан, амьдралд байж болох, бас байхгүй ч байж болох нэгэн онц сонирхолтой өгүүлэмжийг, түүхэн үнэний дэлгэц дээр, нийгмийн ахуйд шингээн, өнөөгийн бодит харилцаагаар бичжээ.

Зохиолч, энэ бүтээлээрээ өнөөгийн нийгэмд чухал илгээлт сонордууллаа. Зоригтой хүчирхэг энэ зохиолыг олон жилийн турш, олон жилийн дараа ч дурдсаар, дурссаар байх нь лавтай.

Холбоотой сэдвүүд

ном номын шүүмж

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.