ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүд орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан “Эгэм далны холбоосны урагдал, гэмтлийг зангуут түгжээ ашиглан сэргээх” мэс заслын аргыг нэвтрүүлэн ажиллаж эхэллээ.

Өмнө нь энэхүү гэмтлийн мэс заслыг уламжлалт ил аргаар дэгээ хэлбэрийн ялтасаар эгэм далны холбоосыг сэргээж байжээ. Гэвч мэс заслын дараа  мөрний өвдөлт, мөрний хөдөлгөөний хязгаарлалт, дэгээ ялтас мултрах, шархны үрэвсэл зэрэг хүндрэл өгдөг байсан талаар эмч нар ярьлаа.

Харин нэг удаагийн зангуут түгжээ товчтой материалыг  ашиглан эгэм далны холбоосыг хагас ил аргаар сэргээх мэс засал нь эмчилгээний өндөр үр дүнтэй гэдгээрээ давуу талтай. Тухайлбал мэс заслын дараах өвдөлт бага, үений хөдөлгөөний үйл ажиллагаа эрт сэргэдэг, зөөлөн эдэд хөнөөл багатай, сорви бага үүсдэг аж.

Мөн мэс засал эмчилгээний дараа хүндрэл бага буюу мэс заслын шарх анхдагчаар 7-10 хоногт бүрэн эдгэрдэг талаар эмчилгээний багийнхан онцолжээ.

Хагалгаа хийсэн баг бүрэлдэхүүнд Гар сарвуу бичил мэс заслын тасаг, ахлах зэргийн эмч Л.Нанжид, эрчимт эмчилгээ, мэдээгүүжүүлгийн тасаг, тэргүүлэх зэргийн эмч Ж.Түмэнөлзий, Яс Үений Гэмтлийн 2-р тасгийн их эмч С.Батсүх, Мэс заслын нэгдсэн тасаг, төлөвлөгөөт хагалгааны сувилагч Б.Жавзандулам, Мэс заслын нэгдсэн тасаг, төлөвлөгөөт хагалгааны сувилагч М.Амгаланпүрэв, Мэдээгүүжүүлгийн тасгийн сувилагч П.Хулан нар ажилласан байна.