“...Эмэгтэй хүн хүүхдээ өсгөж байгаа хэмээн гэртээ сууж, өөрийн гэсэн орлогогүйгээс нөхрөөсөө мөнгө асууж царайчлах нь яг гэмт хэрэг хийчихсэн юм шиг мэдрэмж төрдөг ” хэмээн бүсгүй зөөлнөөр санаа алдаад эмнэлгийн орон дээр зовиурлан хэвтэх бяцхан үрийнхээ толгойг энхрийлэн илбэв.  

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт зургаан настай хүүтэйгээ хэвтэн эмчлүүлж буй түүнтэй хөөрөлдсөн бидний ярианы агуулга олон олон бүсгүйн амьдралд тохиолдсон ижилхэн хувь заяаг илтгэж байсан юм.  

Бүсгүй өдгөө 33 настай. Түүнийг Зөөлөн гэж нэрлэе. Тэрээр хоёр хөөрхөн хүүхдийн ээж. Гурван хүүхэдтэй айлын ганц охин. Эгэл борог амьдралтай ч аав, ээж хоёр нь ганц охиноо хүний дайтай боловсрол мэдлэгтэй болгоно гэж зүтгэсээр МУИС-ийг төгсгөжээ.

“Их сургуулиа төгсөөд би олон, улсын байгууллагад ажилладаг байсан юм. Ажилд ороод нөхөртэйгөө танилцаж, жилийн дараа анхны хүүхдээ гаргасан. Ингээд найман жилийн хугацаанд хоёр хүүхэд дараалан гаргаж, гэртээ суух болсон доо. Хадмууд маань манай гэр бүлийг бодвол харьцангуй амьдралын боломж, сайтай айл. Нөхөр маань ажлаа хийж, би гэж хүн ойрхон төрсөн хүүхдүүдээ харж амьдрал нэг л хэвийн үргэлжилсээр... Миний хувьд зүгээр болж, бүтэж байна гэж боддог байлаа” гэж бүсгүй үргэлжлүүлэн ярилаа.

Уг нь анх бие тулгар байхдаа хүүхдээ нэг нас хүргээд ажилдаа буцаж ороод, магистрт суралцахаар Зөөлөн нөхөртөө хэлж тохирсон юмсанж. Гэвч бодит амьдрал дээр хэзээ ч түүний төсөөлсөн шиг байсангүй. “Эрэгтэй, эмэгтэй хүний гэр бүлийн ажил, үүргийн хуваарилалт, нийгмийн байр суурь ийм л байх ёстой” гэсэн Монголчуудын нийтлэг хэвшмэл ойлголтоос болж өөрөөс нь гадна маш олон эмэгтэйчүүд ялгаварлан гадуурхагдаж байгаагаа мэдэхгүй амьдардаг гэдгийг өнөөдөр Зөөлөн нэгэнт ойлгожээ. 

Өрхийн том шийдвэрийг эрэгтэй хүн гаргах ёстой. Дарга, улс төрчид эрэгтэй хүн байх ёстой. Хүүхдээ эмэгтэй хүн харах ёстой. Гэрийн ажлыг эмэгтэй хүн хийх ёстой. Чи эмэгтэй юм чинь гэх хандлагаас болж эмэгтэйчүүд угаасаа ийм л байх ёстой гэж бодсоор ирсэн тухай Зөөлөн ярьж байна. 

Анхны хүүхдээ төрүүлээд нэг ой хүрэх үед хадам ээж болон нөхөр нь “ Чи эмэгтэй юм чинь карьер, албан тушаалаас илүү, гэртээ байж, хүүхдээ өсгөхөд анхаарсан дээр байх. Дараа том болсон хойно суралцаж болно” гэж ятгажээ. Бүсгүй ч тухайн үед хүлээн зөвшөөрч, тун удалгүй хоёр дахь хүүхдээ төрүүлсэн байна. Энэ хугацаанд нөхөр нь ажлаа хийж, Зөөлөн хоёр хүүхдээ өсгөж халамжилсаар нэг мэдэхэд найман жил өнгөрчээ. 

Гэтэл цаг хугацаа өнгөрөх тусам тэр гэрт Зөөлөн шиг ажилгүй, орлогогүй хүн байхгүй болсон мэт мэдрэмж төрж, нөхрийнх нь хандлага ч өөрчлөгдөв. Түүнд найз нөхөд битгий хэл өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмж ч байхгүй болсон байлаа.

Тэрээр үргэлжүүлэн:

Өнгөрсөн есдүгээр сард бага хүүхэд маань нэгдүгээр ангид суралцаж, би буцаад ажил хийх гэж хэд хэдэн газар анкет бөглөлөө. Үнэндээ 33 настай бакалавраас дээш мэдлэггүй, найман жилийн хугацаанд нийгмийн харилцаанд оролцоогүй намайг ажилд авах газар олдоогүй. Дээрээс нь нөхөр маань тоохоо больсон. Нэг өдөр гэртээ ирээд өөрийгөө толинд хараад хачин ихээр гутарч уйлсан юм. Уг нь би залуу хүн ш дээ, гэтэд надад залуу хүний эрч хүч, цог золбоо байхгүй зүгээр л нэг гэрийн авгай болжээ. 

Өнгөрсөн жилүүдэд үр хүүхдээ эрүүл саруул өсгөж, гэрийн ажлаа сайн хийх нь миний үүрэг гэж бодож түүндээ ч итгэл төгс амьдардаг байж дээ гээд санаа алдав.

Үнэхээр ч Зөөлөн энэ хугацаанд өөрөө өөрийгөө гээчихсэн байснаа мэдсэнгүй. Эмэгтэй хүн, хүүхэд өсгөж байгаа гэдэг шалтгаанаас болж гэртээ сууж, өөрийн гэсэн орлогогүй нөхрөөсөө мөнгө асууна гэдэг яг гэмт хэрэг хийчихсэн юм шиг мэдрэмж төрж байсан ч бүсгүй, нэгэнт түүнтэйгээ эвлэрсэн байжээ. 

Ганц Зөөлөн ч гэлтгүй маш олон бүсгүй энэ замыг туулж байгаа. Нийгмийн харилцаанд оролцохгүй, өдөр бүрийг нэг хэвийн байдлаар өнгөрүүлж, нөхрөө ажлаасаа ирэх бүрт нөгөө л нэг гэрийн хувцастай, нөгөө л бахь байдлаараа байсаар нөхрийн сэтгэл хөрч, юу ч хийхгүй гэртээ амраад байх шиг санагддаг байх гэж бүсгүй учирлаж байсан. Гэр бүлээ цуцлуулах шийдвэрийг өнгөрсөн онд гаргах үед түүнд өөрийн гэсэн эд хөрөнгө, ажил, найз нөхөд гээд юу ч байсангүй. Дээрээс нь салах гол шалтгаан өөрөөс нь болсон мэт сэтгэгдэл цээжийг нь гогдож хөндүүрлээд байсан нь хамгийн хэцүү байсан гэнэ. Магадгүй зарим хүмүүст би арчаагүй мэт санагдаж болох ч бодит амьдрал дээр үнэхээр болохгүй нөхцөл байдал байдаг юм шүү гэж гээд бүсгүйн нүдэнд нулимс мэлтрэв. 

Хэдийгээр өнгөрсөн хугацаанд үр хүүхэддээ сайн ээж, гэрийн сайн эзэгтэй байх гэж хичээсэн ч Зөөлөнд зарим зүйл дэндүү увайгүй, шударга бус санагдаж байв. Хадам ээж нь, “...Нөхөр чинь чамайг тэжээх гэж өдөр шөнөгүй ажил хийж байхад чи юу хийсэн юм” гэх байдлаар хандана. Бусад хүүхнүүд хэчнээн гоё бие хаатай, гоо сайхантай байхад чи тийм биш байна гэх нөхрийнх нь харьцуулалт ч үнэндээ утгагүй, шударга бус санагдаж голдоо ортол гомдсон байна. Аргаа барсан Зөөлөн, “ Би жаахан чинээлэг айлын охин байсан ч болоосой” гэж заримдаа бодох болов. Эцэст нь өнгөрсөн найман жилийн хугацаанд эмэгтэй хүн, эхнэр хүн гэх шалтгаанаар өөрийгөө дөнгөлчихсөн байснаа өнөөдөр тэр ухаараад байна. Гэвч хожимджээ. 

Монголчуудын хувьд жендэр болоод хүний эрхийн ойлголтууд харьцангуй шинэ үзэгдэл. Хүмүүсийн хувьд хэцүү ч гэсэн дассан зүйлээ хийгээд явах нь илүү амар байдаг юм шиг санагддаг. Магадгүй арай эрт үүнийг ойлгосон бол байдал өөр байх байсан байх гэж Зөөлөн санааширлаа.

Өнөөдөр тэрээр ганц бие ээж болоод хоёр хүүхэдтэйгээ амьдарч байна. Бага хүү нь өвдөөд эмнэлэгт байхад нөхөр нь мэдсэн ч холбоо барилгүй таг чиг гэнэ. Эцсийн үр дүнд эмэгтэй хүн, эх хүн болохоор бүх хариуцлагыг өөр дээрээ үүрээд ингээд суухаас өөр аргагүй. Зөөлөн бүсгүй нэгэн худалдааны төвд жижигхээн булан түрээслээд эмэгтэйчүүдийгээ гоё болгох гээд хумс болон сормуус суулгах ажил хийж байгаа юм.

“ Хэдийгээр мэргэжлийнхээ дагуу ажиллах хүсэл байвч найман жилийн өмнөх мэдлэг маань одоо цагт гологдоод байх юм.  Өөр шигээ гэртээ хүүхдээ  хараад, сайн эхнэр бэрийн үүргээ гүйцэтгэж байгаа олон олон бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд өөрийгөө л хаяж болдоггүй юм шүү. Би эмэгтэй хүн юм чинь гэдэг шалтгаанаас болж өөрийнхөө төлөөх шийдвэр дээр хойш битгий суугаарай. Ямар ч үед өөрийгөө хайрлаарай, бүх цагт үед өөрийгөө хөгжүүлэх шийдвэрт бат зогсоорой л гэж та нартаа захъя” гэлээ.

Түүнээс, та залуу хүн шүү дээ. Дахиж хүнтэй ханилж амьдрах бодол байна уу гэж асуухад:

  • Манай хуучин нөхөр одоо өөр бүсгүйтэй амьдарч байгаа. Өмнө нь эхнэр хүүхэдтэй байсан нь дахиад өөр хүнтэй амьдрахад нэг их асуудал болоогүй юм шиг байна лээ. Ажилтай, нийгмийн харилцаанд танил талтай хүнийг магадгүй нөгөө бүсгүйн гэр бүл ч эмзэглэж хүлээж авахгүй байх. Харин эмэгтэйчүүд бидний хувьд өөр шүү дээ. Би одоо нөхрөөсөө салсан, хоёр хүүхэдтэй, тогтсон ажилгүй, зүгээр л нэг эмэгтэй. Тиймээс, одоохондоо дахиж хүнтэй суух найдвар үнэндээ алга даа гэж Зөөлөн итгэл муутайхан даруухнаар хэлээд өвчиндөө шаналан хүндээр амьсгалах хүүгээ орноос нь өндийлгөхөөр босов.


Л.Даариймаа 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн Хэвлэл мэдээллийн ажилтан