Э.Сайнзаяа: Бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрнө гэдэг хүний эрхийн хамгийн энгийн мэдлэг юм

Peak.mn сайт "Би нэг удаа" цувралын шинэ дугаартаа эрх зүйч, сэтгүүлч Э.Сайнзаяаг урьж ярилцлаа. Тэрбээр томчууд нэгнээ  биеийн онцлог, гадаад төрхөөр нь цахим орчинд шүүж, доромжлох нь өсвөр насныхны дунд гардаг дээрэлхэл, гадуурхлын суурь болж байгааг онцолсон юм.

Өнгөрсөн нэгдүгээр сард би найзынхаа хуримын гэрч боллоо.

Амьдралд нь тохиож буй хамгийн жаргалтай өдрийн дурсамж болгохоор гэрчийн даашинз өмссөн бид алхаж байгаа бичлэгээ фейсбүүктээ оруулсан юм.

Хурим найр үргэлжилж бужигнасаар эргэж харах ч зав гараагүй, постлоод л орхичихсон. Орой нь гэртээ ирээд фейсбүүкээ шалгатал зөндөө хүн үзээд шэйрлэчихсэн, биднийг янз бүрээр өөлж гоочилсон сэтгэгдэл үлдээжээ.

Бичлэг үзэх: 

Би найзууд дундаа намхан, мяраатай  болохоор нүдэнд нь туссан бололтой. “Бүдүүн юм байж ийм юм өмсөхөөсөө ичээч” гээд, “Энэ одоо өөрийгөө гоё харагдаж байна гэж бодоод байгаа юм байхдаа”, “Монгол эмэгтэйчүүд бүр ёсоо алдчихаж” гээд янз бүрээр л хэлжээ. 

Яг тэр мөчид сэтгэлд маш хүнд мэдрэгдэж, өөрийн эрхгүй “Би тийм муухай харагдаад байгаа юм байхдаа” гэсэн бодол төрсөн. Тэгээд сэтгэгдлүүдийг  нэг бүрчлэн уншиж үүр цайлгасан даа.  Тэр бичлэгийг маань одоо бол  700 мянга гаруй хүн үзчихсэн байна лээ.  Сөрөг сэтгэгдэл одоо ч бичиж л байдаг. Би тэр бүрд нь устгачихдаг юм. 

Гэхдээ яагаад монголчууд маань бусдын хэрэгт тийм дуртай, өөр шигээ байлгах гээд байдаг юм бол гэж үнэхээр гайхдаг.  Заавал туранхай бай гэдэг томьёолол хэн ч баталж гаргаагүй шүү дээ.  

Бид бүгд өөр хүмүүс. Миний нүүр царай, хамар, уруул бусдынхаас том эсвэл жижиг ч байж болно.  Аль эсвэл надад ямар нэгэн бэрхшээл байж ч болно. Тэглээ гээд ээж ааваас заяасан бие бялдар, царай зүсийг өөрчлөх ёстой хэрэг үү. Одоо байгаа маань намайг хэн бэ гэдгийг тодотгоно. Хэн ч байсан өөрийн гэсэн дахин давтагдашгүй онцлогтой.  Тухайн хүн өөртөө хангалуун байхад хөндлөнгөөс  хошуу нэмэхийг байж боломжгүй асуудал гэж боддог.  

Эргээд бодоход миний хувьд энэ зэргийн цахим гадуурхлыг даах, тоохгүй өнгөрөөх сэтгэлийн тэнхээтэй, нас биед хүрсэн хүн. Гэтэл өсвөр насны хүүхдүүдэд хэсэг хүмүүсийн гоо сайхны стандартаас болж ийм сэтгэл зүйн дарамт ирвэл яах вэ. 

Тэдний хувьд сэтгэл зүйн дархлаа сууж амжаагүй, эмзэг үе нь. Ялангуяа сүүлийн жилүүдэд  өсвөр насны хүүхдүүдэд үе тэнгийн дээрэлхлийн асуудал нэлээд ихэссэн тухай яригдаж байна. 


2022 онд Улаанбаатар хотын бүх дүүрэг, найман аймагт судалгаагаар 12-18 насныхны хүүхдүүдийн 82.8 хувь нь үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж байсан гэж хариулжээ.


Ийм эгзэгтэй цаг үед томчууд өөрсдөө цахим орчинд нэгнийгээ гадаад төрхөөр нь өөнтөглөж, доромжлохыг хүүхдүүд харж байгаа шүү дээ. Тийм үг уншсан, харсан хүүхэд ямар үлгэр дуурайлал авах бол, хүүхдүүд маань яаж хүмүүжих билээ гээд бодоод нэг үзээрэй. 

Эрх зүйч хүний зүгээс харахад хүний эрх, хүний эрхийн мэдрэмж гэж ярихаар хүмүүс олон улсын түвшний нэр томьёолол гэж хол хөндий зүйл гэж ойлгоод байх шиг.  

Хүний эрхийг дээдэлье гэвэл юун түрүүнд бусдыгаа хүн чигээр нь хайрладаг, хүлээн зөвшөөрдөг байгаарай.  

Бусад тааламжгүй сэтгэгдэл төрүүлэхгүй, эвгүй байдалд оруулахгүйн тулд үгээ цэгнэчихдэг байх нь хүний эрхийн хамгийн энгийн мэдлэг шүү гэдгийг захиж хэлье.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.