Бид Стэнфордын их сургуулийн Ази-Номхон далайн судалгааны төвийн зочин эрдэмтэн судлаач Б.Анхбаяртай жендэрийн сэдвээр ярилцлаа.


Эмэгтэйчүүд сардаа 10-16 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний ажлыг хөлсгүй хийдэг


Том охин төрсний дараа эхнэртэйгээ ярилцаад шийдвэр гаргасан юм. Зарим хүнд сонин л санагдах энэ шийдвэр нь би гэртээ хүүхдээ харж, эхнэр маань ажлаа үргэлжлүүлэх байв.  

Ингэж гэртээ хүүхдээ хардаг ээжүүдийн зовлон жаргалыг биеэрээ мэдэрсэн миний түүх эхэлсэн. Үүнээс хэд хэдэн дүгнэлт хийж болохоор байна.

Нэгдүгээрт, хүүхдээ харж буй ээжүүдийг нийгэм ерөөсөө үнэлдэггүйг ойлгосон. Нийгэм гэдэг нь бусдаас ирдэг сөрөг хандлагыг хэлж байгаа юм. Голдуу л “гэрийн авгай, ажилгүй хүүхэн” гээд янз бүрийн нэр хоч өгч өгдөг.

Угтаа монгол хүнийг бойжуулах, өсгөж хүмүүжүүлэх маш хариуцлагатай ажлыг хийж байна шүү дээ. Тэр ажилгүй гэгдээд байгаа хүн хоол хийх, хувцас угаахаас эхлээд  гэдэг асар нарийн зохион байгуулалт, цаг хуваарийн менежмент шаардсан ажил байдаг. Энэ бүх ажлыг хийлээ гээд ээжүүд цалин хөлс авахгүй. 

Үүнийг жендэр судлалд хөлсгүй хөдөлмөр гэж нэрлэдэг. Эмэгтэй хүн сайн ээж байхын тулд тогооч, цэвэрлэгч, жолооч, асрагч гээд олон ажлыг нэгэн зэрэг хийх шаардлагатай болдог. Энэ бүгд нийлээд эмэгтэй хүн сардаа 10-16 сая төгрөгтэй тэнцэх ажлыг хөлсгүй хийдэг гэсэн тооцоолол бий гэвэл та итгэх үү? 

Ийм өндөр хэмжээний хөлстэй ажлыг үнэгүй хийж байгаа ээжүүдийг “ажилгүй гэрийг авгай” гэж цоллодог бүдүүлэг хандлагаа засах хэрэгтэй. 


Бичлэг үзэх:



Цалинтай ээжийн мөнгө цаг үеэ дагаж нэмэгдэх ёстой


Монголд хүүхдээ харж байгаа ээжүүдийг дэмжих хөтөлбөр байна уу гэдгийг судалж үзсэн. 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Цалинтай ээж” хөтөлбөр байдаг юм байна. Энэ хөтөлбөрийг ээжүүдийг дэмжиж, урамшуулсан сайн хөтөлбөр гэж боддог. Гэхдээ тухайн үед ээжүүдэд өгдөг байсан 50 мянган төгрөг өнөөдөр ч өөрчлөгдөөгүй. 

Мөнгөний ханш, худалдан авах чадвар, ам.долларын ханшны зөрүүг бодвол энэ мөнгө дор хаяж 100 мянган төгрөг болох ёстой. 

Монгол хүн гэдэг бол Монгол Улсын капитал мөнөөсөө мөн. Энэ хүүхдүүд монголын хүний нөөц юм. Тиймээс хүүхэд харах чөлөөтэй жилийг ажилласан жилд тооцдог байгаасай гэж боддог. Ажилласан жилд тооцохгүй учраас карьерын зөрүү үүсэж эхэлдэг. 

Монголд төрсний дараах хүүхэд харах чөлөөг эрэгтэй эмэгтэй хүн хоёрын аль нь ч авч болдог хууль баталчихсан.  Үүнийг мэддэг хүн ховор. Харин байгууллагууд дотоод журамдаа өөрчлөлт оруулж байж хэрэгжих юм байна гэж хардаг.

Манай аавууд бол үүнээсээ ичих хандлагатай. Японд дээр үеэс хэн нь илүү орлоготой,  карьертай нь ажлаа үргэлжлүүлээд нөгөө хүн нь гэртээ суудаг жишиг бий. Эсвэл хагас жилээр ээлжилж хүүхдээ хардаг. Барууны өндөр хөгжилтэй орнуудад энэ жишиг түгээмэл. Энэ чинь аав нарыг хүүхэдтэйгээ ойр байх боломжийг олгох боломж шүү дээ. Жишээ нь би гэртээ хүүхдээ харж байхдаа бусад аав нарын тэр бүр харддаггүй гоё мөчийг мэдэрсэн нь охиныхоо  хөлд орж буй анхны алхмыг нь харах байсан. Би өөрөө гэрэл зурагчин учраас хажууд камер байж таараад яг тэр мөчийг гэрэл зургийн хальсанд буулгаж үлдээсэн байдаг. 

Тиймээс нийгмээс, улсаас аавууд гэртээ хүүхдээ хараад суух мотивацийг өгмөөр байгаа юм. 


Жендэр судлаачийн ажил


Би магистр болон докторынхоо судалгааныхаа ажлыг жендэрийн эрх тэгш байдлын сэдвээр хамгаалсан. Судалгааны ажлын хүрээнд Монголын боловсролын байгууллагуудын жендэрийн тэгш эрхийг үнэлэх индекс зохиосон. Нийтдээ 63 параметрээр тухайн байгууллага жендэрийн тэгш эрх хангагдсан байгууллага мөн үү гэдгийг оношилж гаргаж ирдэг гэсэн үг.  Дан ганц боловсролын байгууллага гэхгүй бүх албан байгууллагууд энэ индексийг ашиглаж өөрийгөө үнэлэх, оношлох боломжтой гэж ойлгож болно. 

Стэнфордын ИС-д зочин судлаачаар ажиллаж, АНУ, Япон, Солонгосын судлаачидтай хамтран боловсролын байгууллагын жендэрийн мэдрэмжийг үнэлж байна. /Судалгааны ажилтай энд дарж танилцана уу./

Дэлхий нийтээрээ 7-8 төрлийн хүйстэй болчихлоо. Тэр дотор нь хүйсээ тодорхойлж чадаагүй хүмүүс хүртэл оршиж байна. 

Тэгэхээр энэ бүх хүмүүсийн хүний эрх, тэгш оролцооны асуудал жендэрийн асуудал гэсэн үг. Жендэр гэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүс хоёр талдаа гарчхаад маргаад байгаа асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Ялангуяа Монголд жендэрийг зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал мэтээр ойлгодог хандлага түгээмэл шүү дээ. 

Яагаад жендэр гэдэг үгийг эмэгтэйчүүдийн асуудал гэж ойлгодог вэ гэвэл 1990 онд ардчилсан нийгэм гарахад Монголын эмэгтэйчүүд хамгийн түрүүнд өөрсдийнхөө эрхийн төлөө дуугарч эхэлсэн байдаг.  Эрэгтэйчүүдэд жендэрийн асуудал байна уу гэвэл мэдээж бий. 


Монгол эр хүн эмэгтэйчүүдээсээ 10 насаар дутуу насалж байгаа нь жендэрийн асуудал


Жишээ нь Монгол эр хүн эмэгтэйчүүдээсээ 10 насаар дутуу насалж байна. Энэ бол эрүүл мэндийн жендэрийн асуудал. Сургууль завсардалт эрэгтэй хүүхдүүдийн дунд элбэг байдаг. Энэ бол боловсролын жендэрийн асуудал. Өсвөр насандаа амиа хорлож байгаа хүүхдүүдийн ихэнх нь эрэгтэй байгаа нь эргээд сэтгэл зүйн жендэрийн  асуудал мөн шүү дээ.

Тиймээс аль ч хүйсийн асуудал байсан бүгд л шийдэхийн тулд эрх тэгш, тэнцвэртэй оролцож байж асуудал углуургаараа шийдэгддэг гэдгийг маш сайн ойлгох ёстой. Тэгэхээр эрэгтэйчүүдийн дуу хоолой маш чухал. Эрэгтэйчүүдийн асуудлыг судалдаг судлаачид хэрэгтэй байна. Энэ орой зай олон залуучуудаар нөхөгдөх хэрэгтэй гэж хэлэх гээд байна. 

Жендэрийн тэгш эрхийн цаана хүний эрхийн асуудал байгаа. Хүний эрхийн цаана ардчиллын суурь зарчмууд бий. Ардчилал бол тусгаар тогтнолын үндэс. Тиймээс жендэр гэдэг суурь утгаараа ардчилал юм гэж ойлгох хэрэгтэй. 

Бусад хүйстэй эн тэнцүү үнэлэгдэх, хүлээн зөвшөөрөгдөх, хайрлагдах хүсэл эрмэлзлийг жендэрийн тэгш эрх гэж ойлгох хэрэгтэй. 

Монгол улс 2013 онд Жендэрийн хуультай болсон.  Ийм хууль байдгийг мэддэг хүн цөөхөн. 

Миний индекс дотор эрэгтэй эмэгтэй хүмүүсийн карьерын зөрүүг хардаг шалгуур бий. Карьерын зөрүү юунд хүргэдэг вэ гэвэл тэтгэвэрт гарахад эмэгтэй хүний тэтгэвэр эрэгтэй хүнээс хамаагүй бага тогтдог. Гэтэл монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт хэд билээ.

Орлогын  зөрүүг нь судлаад үзвэл эрэгтэй хүн 100 доллар авч байхад эмэгтэй хүн 58 доллар авдаг.  


Уламжлал талаасаа бид юу анхаарах ёстой вэ?


Эмэгтэй хүнийг соёлын элементүүдээр дардаг, чадварыг нь дутуу үнэлдэг хэвшмэл ойлголтууд бий. Одоо утга нь алдагдчихсан зүйр цэцэн үгийг цаг тухайд нь хэрэглэхээ болиод явах хэрэгтэй. Хуучин муу хандлагаасаа салахгүй бол улс орон урагш хөгждөггүй. 

Монгол эмэгтэйчүүд эрчүүдээс үл хөдлөх хөрөнгө эзэмшилтээр 2 дахин бага, газар эзэмшилтээр 6 дахин бага гэсэн судалгаа бий. Энэ нь юуг хэлж байна гэхээр охин хүүхдэдээ эд хөрөнгөө залгамжлуулж үлдээдэггүй уламжлалтай холбоотой. Айлын отгон хүүхэд гээд охидоо тоодоггүй нь алсдаа ийм л хохирол дагуулж байна.

Монголд боловсрол эзэмшилтээрээ эмэгтэйчүүд хавь илүү. Гэтэл энэ эмэгтэйчүүд сурсан мэдсэнээ бодлогын түвшинд хэрэгжүүлж чадаж байна уу гэвэл үгүй. Квотын асуудал ч үүнтэй холбогдоно. 

Монголын доод шатны болон дунд шатны ажил эмэгтэйчүүдийн нуруун дээр явж байгаа нь үнэн. Үндсэндээ Монголын эдийн засаг эмэгтэйчүүд урагшлуулж байгаа. 

Салбар бүрд жендэрийн асуудал явж байгаа. Ялангуяа боловсролын салбар дахь жендэрийн тэгш байдал хангагдаасай гэж бодож байгаа. Учир нь жендэрийн боловсролыг багаасаа авсан хүүхэд нийгэм дээр гарахдаа хүнийг ялгаварлаж харьцдаггүй, хүний эрхийг хүндэтгэдэг хүн болж төлөвшдөг.