Гэрийн ажил бол цалингүй, нэргүй, хэзээ ч дуусдаггүй, урт удаан хугацаатай хөдөлмөр. Харин зорилго нь үргэлж бусдын сайн сайхны төлөө, гэр орноо цэвэрлэх, үр хүүхдээ харах, хэн нэгэн ахмад настан, магадгүй хөгжлийн бэрхшээлтэй нэгнийг асарч тойлохоос эхлээд хувь хүнээс асар их хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр шаарддаг зүйл. Гэвч энэ бүхнийг бид “гэрийн ажил” гэх малгайнд хийгээд мартаж орхидог. Бас гэрийн ажил хийж буй хүний хүч хөдөлмөрийг бодитоор үнэлэх нь цөөн.

Иймээс дэлхий нийт “гэрийн ажил” гэх энэ нэргүй, урт ажлыг “асрахуйн эдийн засаг” хэмээн шинээр тодорхойлж байна. 

Тодруулбал, энэ ойлголтод хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асрахтай холбоотой бие махбод, нийгэм, сэтгэлзүйн төрөл бүрийн асаргаа, тусламж дэмжлэг болон гэрийн ажил хийх зэрэг хөлстэй болон хөлсгүй хөдөлмөр, үйлчилгээний бүх хэлбэрийг хамарсан нийгэм эдийн засгийн харилцааг хамруулж үздэг аж. Өнгөц харахад ямар ч үнэлгээгүй мэт энэ хөлсгүй ажлын цаана эдийн засгийн асар их нөөц, эх үүсвэр нуугдаж байна.

Учир нь асрахуйн ажлыг үеийн үед охид эмэгтэйчүүд нуруундаа үүрч ирсэн. Үндэсний статистикийн хорооноос гаргасан цаг ашиглалтын судалгаанаас харахад эмэгтэйчүүд хөлсгүй хөдөлмөрт тав орчим цаг зарцуулдаг бол эрчүүд хоёр цаг орчим хугацааг зарцуулдаг гэх дүн гарчээ. 

Товчоор хэлэхэд, эмэгтэйчүүд асрахуйн хөдөлмөрт эрэгтэйчүүдтэй харьцуулахад гурав дахин илүү цаг зарцуулж байна. Ялангуяа, хүүхэд өвдсөн үед асрахуйн ажилд зарцуулах цаг нь даруй 10 дахин нэмэгддэг гэж Азийн сангийн 2022 оны судалгаагаар тогтоожээ. Дэлхийн хэмжээнд авч үзвэл энэ асрахуйн ажлын 76.2 хувийг охид, эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөр эзэлдэг байна.


Харин Ази номхон далайн орнуудын асрахуйн ажлын 80 гаруй хувийг эмэгтэйчүүд нуруундаа үүрдэг. Гэвч тэдний хийж ирсэн хөлсгүй хөдөлмөрийг үнэлж, эдийн засгийн талаас нь тооцож байсан түүх байхгүй. 

Үеийн үед байх л ёстой хэвийн үзэгдэл, ямар ч үнэ цэнгүй ажил гэж үзэж ирсэн. 

Тэгвэл сүүлийн жилүүдэд “асрахуйн ажил”-ыг зөв үнэлж, оновчтой бодлогоор дэмжиж чадвал нийгэм, эдийн засгийн өндөр үр ашигтай гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч эхэллээ. Дэлхий дээр өдөр бүр 16.4 их наяд цагийн асрахуйн хөлсгүй хөдөлмөр хийгддэг. Энэ нь 2 тэрбум хүний өдрийн 8 цагийн хөдөлмөртэй тэнцдэг байна. Үүнийг цалин хөлсний хамгийн бага хэмжээгээр тооцоход дэлхийн нийт ДНБ-ий есөн хувь буюу 11 их наяд ам.доллартай тэнцэнэ.

Асрахуйн эдийн засгийг бие даасан эдийн засаг гэж үзвэл энэ нь АНУ болон БНХАУ-ын дараа орох дэлхийн гурав дахь том эдийн засаг болно гэсэн тооцоо гарч байна. Иймээс энэ том нээгдээгүй нөөцийг албан хөдөлмөрт шилжүүлж чадвал, тэр хэрээр эдийн засгийн үр ашигтай гэсэн үг.

Асрахуйн ажлыг дотор нь хөлстэй болон хөлсгүй ажил гэж хоёр ангилдаг. Хөлсгүй асрах ажилд нь гэрийн ажлаас гадна, ойр дотны хэн нэгнээ асарч сувилах хөдөлмөр ордог бол хөлстэй асрах ажилд тодорхой хэмжээний цалинтайгаар, ашгийн төлөө, боловсрол, эрүүл мэнд, үйлчилгээний чиглэлээр хүмүүсийг асран халамжлах, үйлчлэх ажлыг авч үздэг байна. 

Иймээс цаашид хөлсгүй асрах ажлыг хөлстэй хэлбэрт шилжүүлснээр эдийн засгийн өндөр үр ашиг гарах боломжтой. Асрахуйн ажлыг албан хөдөлмөрт шилжүүлж чадвал дэлхийн нийтэд хамгийн багадаа 300 сая ажлын байр бий болно. 

Мөн  ядуурал, тэгш бус байдлыг арилгах, жендэрийн тэгш байдлыг хангах зэргээр нийгэм эдийн засгийн өндөр үр ашигтай гэдэг нь тодорхой байна. 

Тэгвэл ийм шилжилт хийхийн тулд яах ёстой вэ?

Мэдээж төрийн бодлого, шийдвэр, хувийн хэвшлийн санал санаачилга чухал. Мөн асрах ажлыг хүлээн зөвшөөрч, үүнд ач холбогдол өгөхийн зэрэгцээ асрахуйн ажлыг шударгаар үнэлэх зэрэг олон алхам хийх шаардлагатай ч хамгийн чухал нь “хуваалцах” гэж үзэж байна. 

Тодруулж хэлбэл, эрэгтэй эмэгтэй хүмүүс асрах ажлыг хуваалцах хэрэгтэй гэсэн үг. Ингэснээр гэр бүлийн бүх гишүүн зохистой хөдөлмөр эрхлэх, гэр бүлээ тэтгэх боломжтой болно гэдгийг судлаачид хэлж байна.

Энэ нь эрчүүдийг ажил хийхгүй, гэрийн ажил хий гэсэн үг биш бөгөөд асрах ажлыг төрийн бодлогоор цалин хөлстэй болгож, эр эм гэлтгүй энэ ажилд гар бие оролцвол эдийн засаг болон нийгмийн олон талын үр дүн гарна гэдгийг онцолж байгаа юм.

Төрөөс асрахуйн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш бус байдлыг арилгаснаар эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшинг 63,2 хувь хүртэл өсгөх боломжтой гэж Азийн Хөгжлийн банкны 2020 оны судалгаанд дурьджээ. Ингэснээр нэг хүнд ногдох эдийн засгийн өсөлтийн түвшинг 0,5 хувиар нэмэгдүүлж, 2050 он гэхэд Монгол улсын ДНБ-ийг 16 хувиар өсгөх боломжтой гэж үзэж байна. 

 Иймээс МУИС-ийн багш, профессор, эдийн засгийн ухааны доктор Б.Отгонтөгс нарын судлаачид Монгол улс дахь асрахуйн эдийн засгийг мөнгөн дүнгээр хэмжиж, тооцоолох ажлыг хийж байна. Манай улсын хөлстэй болон хөлсгүй асрахуйн ажлыг мөнгөн дүнгээр урьдчилсан байдлаар тооцоход уул уурхайн салбарын дараа орох том тоо гарна гэдгийг энэ сарын 13-нд болсон “Асрахуйн эдийн засаг” хэвлэл мэдээллийн салбар хэлэлцүүлгийн үеэр хэлж байлаа. Б.Отгонтөгс багшийн хувьд “Асрахуйн эдийн засаг” гэх энэ нэр томъёог Монголд анх нэвтрүүлсэн бөгөөд багийн хамт судалгааны ажлаа үргэлжлүүлж байна.

Цаашид төрийн зөв бодлогоор асрахуйн асуудал, тэр дундаа эмэгтэйчүүд хүүхдүүдийн асуудлыг ухаалгаар шийдэж чадвал, хөлсгүй асрахуйн ажлын хэмжээ буурч, нөгөө талд Монголын эдийн засаг сайжрах боломж бүрдэнэ гэж судлаачид онцолж байна.