Тогтвортой хөгжлийг дэмжигч Peak.mn сайт “Миний 17” булангийн энэ удаагийн дугаартаа МУИС-ийн багш, профессор, эдийн засгийн ухааны доктор Б.Отгонтөгсийг урьж, жендэрийн мэдрэмжгүй татвар гэж юу болох тухай ярилцлаа.

Тэрээр ядуурлыг бууруулах, жендэрийн тэгш байдлыг хангах, тэгш бус байдлыг бууруулах зэрэг тогтвортой хөгжлийн 17 зорилтыг биелүүлэхэд жендерийн мэдрэмжтэй татварын бодлого чухал. Жендэрийн мэдрэмжтэй татварын бодлого нь нийгмийн олон суурь асуудлыг шийдэж чадна гэдгийг онцолж байна.

Эмэгтэйчүүд татвар төлөхгүй байгаа ч гэсэн өрхийн бизнес болон гэртээ цалин хөлсгүй ажил их хийдэг. Албан ёсоор ажилладаггүй хэрнээ асар их хэмжээний ажил нугалж байдаг.

Бичлэг үзэх:

 


Тийм учраас эцэстээ яахав гэхээр эмэгтэйчүүд нийгмийн даатгал бага төлсөн болохоор 55 наснаасаа хойш эрэгтэйчүүдтэй харьцуулбал доогуур тэтгэвэр авдаг. Ингээд нэгэнт тогтсон тэтгэврийг өөрчлөх боломжгүй.

Тэр хүн 55 наснаас 75 нас хүртлээ ч юм уу  20 жилийн турш эрэгтэйчүүдээсээ бага тэтгэвэр авна гэсэн үг. Тийм тэгш бус байдалд хүрдэг. 

Эрэгтэйчүүдийн хувьд эмэгтэйчүүдээс арай илүү өндөр татвар төлдөг болохоор тэтгэвэр нь тэр хэрээр өндөр тогтоно. Гэвч эрэгтэйчүүдийн дундаж наслалтын түвшин эмэгтэйчүүдийнхээс 9,6 жилээр бага байна.

Тэгэхээр тийм өндөр татвар төлчихөөд тэтгэвэрт гарсныхаа дараа хэдхэн жилийн тэтгэвэр авна гэдэг шударга бус. Харин үүнийг яаж тэнцвэртэй зохицуулж өгөх вэ гэдэг нь жендэрийн мэдрэмжтэй татварын бодлого гэсэн үг.

Энэ нь эмэгтэй, эрэгтэй хүмүүсээс яг адилхан татвар авна гэсэн үг биш. Гэхдээ эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн оролцоо тэгшдүү байвал цаашид нийгмийн даатгалаас, халамжаас ирэх мөнгө нь ижил түвшинд байх боломжтой юм.

Иймээс эмэгтэйчүүдийн хийж байгаа цалин хөлсгүй асрах ажил, зөвхөн асрах ажил ч биш өрхийн бизнестээ цалин хөлсгүй ажиллаж байгаа энэ байдлыг аль болохоор албан ёсны болгож өгвөл тэндээс авах татварын хэмжээ нэмэгдэнэ. 

Тэр хүний өндөр настай үедээ орлоготой байх санхүүгийн эрх чөлөө болон боломжийг нь макро эдийн засгийн хувьд урьдчилан төлөвлөж сайн харж байна гэсэн үг.

Хоёроос дээш тооны хүмүүсийг асран хамгаалж байвал тэр хүний тэтгэвэр нь тэдэн хувийн коэффицентээр нэмэгдэж бодогдоно ч гэдэг юм уу. 

Тухайн хүнийг өндөр настай болоход тэтгэврийн орлого нь амьжиргааны доод түвшингээс өндөр байх, ядууралд өртүүлэхгүй байх зэрэг нь татварын бодлоготой холбоотой юм.