Гэрлэх хүсэлтэй хүмүүс гэр бүл болохоос өмнө үйлдсэн гэрээг урьдчилсан гэрээ гэнэ. Энэ гэрээнд ихэнхдээ гэрлэсний дараа талуудын эд хөрөнгийн харилцааг зохицуулах нөхцөлүүдийг багтаасан байдаг.

Хөгжингүй улсуудад гэрлэлтийн гэрээ байгуулах нь энгийн зүйл. АНУ-н нийт гэрлэгчдийн 86 хувь, Канадийн 73 орчим хувь нь гэрлэлтийн гэрээ байгуулдаг судалгаа бий. 

Манай улсад уг харилцааг зохицуулалтыг Иргэний хуулийн болон гэр бүлийн тухай хуульд тусгасан байдаг. 

Тухайлбал Иргэний хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д гэрлэгчид гэрлэгч тус бүрээс өрхийн төсөв, зардлыг хариуцах журам, гэрлэлтийг цуцалсан нөхцөлд ногдох хөрөнгийг тодорхойлох, хөрөнгийн эрхтэй холбогдсон бусад нөхцөлийг энэ хуульд нийцүүлэн байгуулсан гэрээний үндсэн дээр зохицуулж болно гэж заажээ.

Гэхдээ гэрлэгчид хөрөнгийн эрхтэй холбогдсон гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байх аж.

Мөн:

→132.3.Гэрлэгчид хөрөнгийн эрхтэй холбогдсон гэрээг гэрлэлтээ бүртгүүлэхийн өмнө болон гэрлэсний дараа хэдийд ч байгуулж болно. 

→132.4.Гэрлэлтээ бүртгүүлэхийн өмнө байгуулсан гэрээ гэрлэлтийг бүртгүүлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

→132.5.Гэрлэгчид гэрээндээ хөрөнгийн бус харилцааг зохицуулсан, гэрлэгчдийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд доройтуулсан, эрхийн чадамжийг хязгаарласан нөхцөл тусгахыг хориглоно гэж заажээ.