Хоёулаа ядарсан, стресстсэн.... хамтдаа шийдэе гэе

Peak.mn
10 сарын 24, 2022

Сэтгэл судлаач Б.Баярцэнгэлийн зөвлөгөөг хүргэж байна.

Бодит жишээг нэр ус дурдахгүй нийтэд дэлгэж хэлэлцүүлэг өрнүүлэх, сургамж үлдээх зорилготойгоор миний бие бичвэр маягаар хүргэж байна.

Дөрөв дэхь уулзалт дуусав. Би туршлагатай зөвлөгч биш учир ихэнхидээ залуу хосуудын ярих хэрэгцээ, хэн хэнээ ойлгохгүй байгаа угтвар нөхцлүүд түүнчлэн нэгнийхээ дургүй авир, ойлголцохгүй байгаа нөхцөлт үйл явдал, хэв маяг, түүнээс авсан мэдрэмжүүдээ нээлттэй дэлгэх боломжийг олгох юмсан. Тэдний хувьд хамаг хог новш, дарагдсан гомдол мэдрэмжүүдийг хүлээн авах сав төдий байхыг хичээж байна.

Асуудал юу байв?

Эхнэрийн зүгээс... Дутагдах гачигдах зүйлгүй ч намайг ойлгодоггүй

Хэрүүл маргаан их болсон, цэцэрлэгт хүүхдээ хүргэж авахаас л чи би гэнэ. Үнэндээ жижиг зүйлээс л маргаан эхлэнэ. Энэ сар бид хоёр бараг дотно харилцаанд ороогүй, амралт нэртэй ажлын зугаалга, хоёр талын хадмынхаар явах хүүхэд маань бага болохоор их ядардаг, тэр намайг ойлгодоггүй, хадам ээж хүүхэд сэтгэлээсээ хараад өгчихдөггүй, санаагаараа тусалж болно доо. 

Ер нь бол би их ядарч байна. Би илүү ядарч илүү их золиос гаргаж байхад тэр тайван байлгахгүй, найз нартай уулзуулдаггүй, хоол ундаа хийхээ байлаа гэх мэт бас ааштай болсон гэж л гомдоллодог. Үнэндээ дутагдах гачигдах эдийн засгийн зүйл байхгүй ч надад анхаарахгүй, намайг ойлгохгүй байгаа нь үнэхээр бухимдмаар байдаг. 

Нөхрийн зүгээс…Чи ингэж боддог байсан юмуу гээд л уурлаад өөрийнхөөрөө зүтгэчихдэг

Жаахан л юман дээр намайг чи ингэж бодлоо тэгж бодлоо ихэнхидээ сөрөг талаас нь хараад уурлана, мессежээр бухимдлаа бичнэ. Хүүхэдтэй болсоноосоо хойш бүр л их ууртай болсон. Уг нь бүх л залуу гэр бүл хүүхэдтэй болж, бүх эмэгтэйчүүд төрж өсгөж гэрээ авч явж байна. Би өмнөх ажлаа хийгээд, ажлаа тараад гэр рүүгээ ирж байна. Хоол унд хийхээ байсан гэж бараг хийдэггүй хүүхэдгүй байхад гадуур л найз нөхөдтэйгээ уулзангаа эсвэл хоёулаа хооллочихдог байсан.

Би аль болох уурлуулахгүйг хичээдэг ч заримдаа тэсвэр алддаг тэгээд гараад найзуудтайгаа пиво ууж эсвэл дота тоглоно. Ямар эмэгтэй хүнтэй уулзсан биш үүнийгээ буруу гэж бодохгүй байна. 

Манай хадам ээж ч гэсэн хүүхэд хардаггүй шүү дээ тэгсэн мөртлөө ээж чинь хүүхэд харж өгдөггүй тусалдаггүй гэнэ. Намайг хүүхэддээ анхаарахгүй байна гэнэ би хүүхэддээ эхнэртээ хайртай байгаа үедээ хардаг гэтэл үнэлдэггүй. Телевиз үзээд киноноос нэг зүйл өлгөөд л хөгжилтэй талаас нь ярихад хүртэл чи ингэж боддог байсан юмуу гээд л уурлаад өөрийнхөөрөө зүтгэчихдэг. 


Ямар ч төлөвлөгөөгүй гэр бүлийн харилцаа…

Олон удаагийн уулзалтан дээр хосууд  хэд хэдэн асуудал дээр санал нэгдсэн юм. 

  1. Тэд өөрсдийн харилцаагаа гэнэт л Гэрлэлт болгосон гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
  2. Хүүхэд төлөвлөгөөнд байгаагүй ба “гэнэтийн бэлэг” байсан. Энэ нь хүүхэдтэй болох сэтгэлзүйн бэлтгэл, төсөөлөлгүй байсан. Наад зах нь гэртээ сууна, өсгөнө, өсгөлцөнө. Гэр бүлийн үнэт хэсэг гэж мэдрэх тархи сэтгэхүйндээ үнэмшүүлээгүй байсан. Гэнэтийн бэлэг тэдэнд сорилт хэн хэнийгээ тохоон томилох шантааж байдалд хүргэв.
  3. Гэр бүл төлөвлөлт гэдэг сэдэв Монголд шинэ содон сэдэв байсаар… Гэрлэх насны залуусын хувьд хэзээ гэрлэх, хүүхэдтэй болох, өрхийн санхүүгээ хэрхэн бүрдүүлэх, мөн хэдэн хүүхэдтэй болох, хэд хэдэн насандаа хүүхэдтэй болох мэдээж хосуудын ажил, хөдөлмөрийн орчин, боловсрол гэх мэт бичиж төлөвлөх, бичдэггүй юм гэхэд дээрх зүйлсийн ээлж дарааллыг төлөвлөхгүй байсаар л байна.
  4. Тусгаар өрхийн шинж чанар. Хадам талаараа хүүхэд харуулах, тэднээс өрхийн түвшний үйл хэрэгтээ туслалцаа авахыг зорих байдал хамгийн буруу. Эргээд тэднээс хариуцлага нэхэж чадахгүй учир энэ бол хөдөлмөрийн харилцаа биш юм. Айл гэр болсон бол өөрсдийн гаргасан хүүхдээ өөрийн нөөц боломжоо дайчлан өсгөн хүмүүжүүлж ачааллыг эхнэр нөхөр ээлжлэн авах хэрэгтэй юм. Өдрийн хөтөлбөр, цагийг тооцоход та хүүхэдтэйгээ маш бага цагийг зарцуулж байгаа. Хүүхэд өөрийн эцэг эхийн хайр, хяналт, халамжинд өсөх нь бүх талаараа гэр бүлд өндөр ач холбогдолтой.
  5. Гэр бүлийн харилцааны сэтгэл зүйн хатуужил. Нэг нь би хүний нөхөр, нөгөө нь би хүний эхнэр гэдэг статус ямар хэм хэмжээ хариуцлагыг үүрч буйг гэр бүлийн тухай хууль, гэрлэлтээ батлуулахад ч сонссон байх.  Хүний нөхөр, эхнэр болоход сэтгэлзүйгээ бэлдсэн байсан уу гэхэд тэд дуугүй байсан юм. Бэлтгэлжилт байхгүйн улмаас эхнэр хүүхдээ харах, гэрийн ажил, эхнэр, ээж хүний үүрэг түүнд хүнд хүчир, дарамт шиг санагддаг байсан юм болов уу? Магадгүй л юм. Нөгөө талаар нөхөр хүн дуртай зүйлээ хасах, аль болох хувийн сонирхол хобби ор тас хаяхгүй ч түүндээ зарцуулах цагаа багасгах нь гэр бүлийнхээ төлөө хийж байгаа үүрэг гэдгийг ойлгох хэрэгтэй юм болов уу?

ХОСУУДЫН ГАРГАДАГ ГОЛ АЛДАА

Буулт бол үгүй

Тэд хэн хэндээ буулт хийхийг хүсдэггүй. Буулт хийлээ гээд ялагдсан гэсэн үг биш гэдгийг мартсан. Үнэндээ гэр бүлийн хоёрын хувьд нэгэндээ буулт хийж уучлал гуйж уян хатан хандах нь хэн хэндээ эм шиг л хэрэгтэй зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Та хоёр тайзан дээр биш. Хэн нэгэн аль нэгний чинь ялалтыг хүлээгээгүй. Харилцан буулт хийх, эсхүл нэг нь буулт хийхэд л та хоёрын асуудал дэндүү улиг, дэндүү жижиг харагдаж эхэлнэ. Хамгийн гол нь хоорондоо хайлж урсаж нэгнээ зөөллөх явдал.

Ярилцдаггүй

Буулт хийх үйл явц явагдаж байна гэдэг та хоёр нээлттэй дэлгэрэнгүй ярилцдаггүйнх юм. Хэн нэгнээ өөрчлөгдөхийг, өөрөөр бодож эхлэхийг хүлээж байгаа бол үгүй. Ийм зүйл хэзээ ч болохгүй. Энэ үед жинхэнэ хадам ээж хэрэгтэй хүүхдээ ээж дээрээ нэг орой үлдээгээд та хоёр ярилц…

Эвээр шийдэхийг эрхэмлэе

Буруутангүй гэж сэтгэе. Харин хоёулаа ядарсан байгаа. Тэгээд стресстсэн байсан байна. Чамд, надад ямар асуудал байна. Хамтдаа шийдэе гэе.

Холбоотой сэдвүүд

гэрбүл салалт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.