Бид уншигчдынхаа захидлыг өөрсдийнх нь зөвшөөрөлтэйгээр нийтэлж байгаа билээ. Энэ удаа гурван хүүхдийн ээж нэгэн бүсгүй захидал илгээв. Хүний амьдралд тэр тусмаа хамтын амьдралд ямар ч асуудал гарч болно, гэхдээ эцэг эхийн үүрэг хариуцлага гэж зүйл хэзээ ч дуусах ёсгүйг, энэ асуудал хуулиар шийдэгддэг байх ёстойг ч тэрбээр өгүүлж байна.


...Би хувиараа дэлгүүр ажиллуулдаг тул цаг зав муутай. Бид хоёр заримдаа муудалцдаг ч хэрэлдээд байх зав ч гарахгүй. Хүүхдүүдээ гэртээ хүнээр голдуу харуулдаг. Хөл хорионы үеэр сургууль цэцэрлэг нь амарчхаар дэлгүүрийнхээ хойно хүүхдүүдээ харангаа ажлаа хийнэ.  Би юу ч мэдээгүй утсыг нь шалгаж ч үзэж байгаагүй. Итгэдэг л байсан. 

Гэтэл ийм зүйл болчихсон...Эцсээ хүртэл итгэж байгаад хууртсан...

Үнэндээ бидэнд байр, машин гээд хүний амьдралд хэрэгтэй зүйлс байсан. Энэ бүхнийг авах гэж хамтдаа ч хичээсэн...

Харин өнөөдөр би хүүхдээ хараад гэртээ сууж байгаа ээж. Магадгүй зарим нь намайг танина. Аав нь өөр хүүхэнтэй холбоо тогтоогоод хаяад явсан. Ганцхан намайг биш. 3 үрээ ч гэсэн. Хүүхдүүдтэйгээ уулзалгүй 2 сар болж байна. Утсаа ч авахгүй. Утас нь дуудаж л байгаа. тэгэхдээ авдаггүй. Энэ хугацаанд хүүхдүүд маань аавыгаа хүлээсээр. Би аавыг нь битгий ирээрэй, чамайг хүүхдүүдтэйгээ уулзуулахгүй гэж ганц ч удаа хэлээгүй. Учир нь миний хүүхдүүдэд буруу байхгүй. Охид минь хаалга тогших чимээ болгонд баярладаг. Уралдаж гүйж очиж онгойлгодог. Аав минь байгаасай л гэж боддог байх. Тэгэхдээ аав нь ирээгүй 2 сар болж байна. 

Өмнө нь бол би өөрөө ажил дээр нь очиж уулзуулдаг байсан. Очиход дуртай ч юм уу , дургүй ч юм уу яалтачгүй л очсон болохоор уулздаг. Бас нэрээ бид нарыг очиж байгааг мэдэх юм бол зугтдаг ч юм уу гараад явчихсан байсан хэдэн хэдэн тохиолдол байгаа. Ер нь бол хүүхдүүдтэйгээ уулзмаар байна гэж огт ирээгүй гэсэн үг. Уг нь хамтдаа амьдраад 11 жил болсон юм. Энэ бол зүгээр өнөөдөр шохоорхож яваад хүүхдүүдтэй болчихсон хугацаа биш.

Өөрөө салах өргөдлөө өгөөд хурдан салаад өг. Чамайг салаад өгвөл би хүүхдүүдээ харж өгнө гэдэг. Тэгэхдээ энэ нь худлаа. Хурдан салаад дахиад өөр амьдралаа эхлүүлэхийг л хүссэн хүн. Би эхэндээ учирласан, гуйсан, аргадсан. Юу ч тус болоогүй. Би сүүлд нь эмэгтэй хүнээс болж, тэр хүүхэнтэйгээ хамт амьдраад, хадамлаад,  нэг гэрт байгааг нь мэдсэн болохоор гай бололгүй салаад өгье гэсэн. Харин шүүх хүүхдүүд бага гээд салгаагүй. Би бол салахыг нь хориглоогүй ээ. 

Тэртээ тэрэнгүй болохгүй амьдрал байсан юм байлгүй л гэж бодсон. Надаас салж болох ч хүүхдүүдээсээ битгий салаасай. Мэдээж хүүхдүүдийн минь элгийг нь дэвтээх гэж ирвэл би баярлана уу гэхээс уурлахгүй. Өнөөдөр над шиг олон ээжүүд өөрөөсөө унагасан үрээ аавд нь өгч чадалгүй тэврээд үлдсэн байх. 

Монгол Улсад гэр бүлийн хууль гэж байдаг ч дэндүү сул. Яг ийм тохиолдолд би 108-д дуудлага өгөх байх. Одоогоор өгөөгүй л дээ. 108 мэдээж аав руу нь ярина. Бид нар салсан хүмүүс би очихгүй л гэнэ. 108 над руу эргэж залгаад та салж байгаа юм байна. Хүүхдүүдтэйгээ уулзах нь тэр хүний ухамсрын асуудал л гэнэ. Ухамсартай хүн байсан бол өнөөдөр 3 хүүхдээ хаячхаад өөр хүний хүүхэд хайрлаж чадна гээд хэлээд зогсож байх уу. Тэр хүүхэн нь ч гэсэн ухамсартай бол өөрөө ч охинтой байж 3 хүүхэд өнчрүүлэн барин байж манай нөхөртэй явалдах уу.


Гэр бүлийн гадуурх харилцааг зохицуулдаг хууль манайд үнэхээр байхгүй. Харин ч би тэр хүүхнийг нь үсдэж авсан хэргээр цагдаад дуудагдсан.


Хурдан салаач чамайг ёстой байсан байранд чинь тавина аа гээд загнуулж зогсохдоо би өөрөө гэр бүл үймүүлсэн юм шиг мэдрэмж авч билээ. Хэрвээ хууль байдаг байсан бол би тэр хүүхэнд загнуулаад зогсохгүй. Тэр хүүхэн ч намайг заганаад зогсохгүй. Хуулиас айх л байсан. Хулгай хийсэн хүнд хуультай болохоор хулгайч гэмшдэг. Айдаг шиг...

Хурдан салахыг маань хүлээсэн хүн. Тэгэхдээ одоогоор бол салаагүй. Салсан байсан ч яагаад үрээ тэврээд үлдсэн ээж бүх хариуцлагыг үүрэх ёстой юм.  

Ганцхан өнөөдөр би биш. Над шиг надаас дор амьдралтай, хөгжлийн бэрхшээлтэй, хоногийн хоолгүй, орох оронгүй үрээ тэврээд үлдэж байгаа олон ээжүүд байгаа. Ихэнх нь ээжүүд байдаг байх гэж бодоод ээж гэчихлээ. Аавууд ч бий. Эдгээр хүмүүс чадалтайдаа, мундагтаа биш. Үрсээсээ хэзээ ч урваж чадахгүй хүмүүс л хүүхдээ тэврээд үлдэж байгаа юм. 

Би үүгээр юуг хэлэх гэсэн юм бэ гэхээр гэр бүлийн хуулиа чангатгаасай. Эргээд хариуцлага гэдэг юмыг үүрүүлдэг хуультай болоосой гэж хүсч байна.

Өнөөдөр хүүхдийн тэтгэмж гэж хэдэн төгрөг байдгийг ихэнх нь мэдэхгүй. Би ч гэсэн мэддэггүй байсан.Бага насны хүүхдүүдийн тэтгэмж 120 мянган төгрөг. Би 3 хүүхэдтэй ээж. 2 настай бас 5 нас, 8 настай. Би ойрын жилүүдэд ажил хийх ямарч боломжгүй. Учир нь сургууль цэцэрлэгт нь надаас өөр зөөх хүн байхгүй. Дунд охин маань энэ жил 1дүгээр ангид орно. Тэгэхдээ би салсныхаа дараа гурван хүүхдээ энэ 360 мянган төгрөгөөр тэжээнэ. 

Энэ мөнгөөр бид амьдрана, амьдрана. Харин яг над шиг байдалд үлдэж байгаа олон ээжийн хэд нь амьдрах бол.... зарим нь хүүхдүүдтэйгээ уулзах нь битгий хэл тэтгэмжээ ч өгөхгүй зугатна. Бид зүгээр л салж болноо болно. Мэдээж зоддог, нүддэг, архи уудаг гээд олон шалтгааны нэгээр нь салж байгаа. 

Харин салсны дараа ийм хариуцлага байдаг юм шүү гэдгийг нь ойлгуулдаг хуультай болоосой гэж хүсч байна.

Би ч гэсэн ажил хиймээр байна... би ч гэсэн хамт олон дунд ормоор байна. Би чадахгүй биш чадна. Тэгэхдээ миний хүүхдүүдэд надаас өөр хүн байхгүй. Яахав том охиндоо найдаад 2 дүүг нь үлдээчихээд ажил хийж болно л доо. Намайг байхгүй хойгуур хүүхдүүдэд маань муу юм болбол би мэдээж хамгийн муу ээж болно. 

Өнөөдөр гэр бүл салалтанд олон шалтгаан байгаа. Үрээ тэврээд үлдэж байгаа ээжүүд битгий өөрийгөө буруутгаасай. Хаяад явсан нь ичихгүй байхад тэврээд үлдсэн нь энэ салалт гэдэг юмнаас битгий ичээсэй. Дуугардаг байгаасай гэж хүсч байна.

Үүнийг уншиж байгаа хүн та ч бас таван үгнээс минь алдаа битгий хайгаарай. 

Харин хариуцлагагүй эцэг эхээс болж ирээдүйн үрсэд минь хичнээн аймшигтай юм тохиолдож байгааг жаахан ухаад ойлгоорой. Өнөөдөр та  сошиалаар хүүхэд эндлээ, хүүхдэд зодууллаа, хүүхэд хүчиндүүллээ гэсэн мэдээ болгоны араас халаглаж суугаа.  Харин гол шалтгаан нь энэ шүү гэдгийг ойлгоосой. Гэр бүлийн хуулинд хариуцлага гэдэг юмыг маш хатуугаар оруулж өгөөсэй. Хариуцлага гэдэг юмыг ухамсар гэдэг юманд найдаж битгий үлдээгээч гэж хүсч байна. Би энэ бүхний төлөө дуугармаар байна. Би ичихгүй. Дуустал нь уншсан танд баярлалаа

 А.БҮРЭНТӨГС