Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Уг түүхэн үйл явдлын салшгүй нэгэн хэсэг нь сансрын нисгэгч М.Ганзориг билээ. Тэрээр бидний “танихгүй танил” юм.

Монголчуудын олонх нь түүнийг хамтарсан нислэгийн орлон нисгэгч, сансарт нисэх ховорхон боломжийн үзүүрээс атгаад алдсанд нь харуусдаг төдийхэн мэдээлэлтэй. Гэвч М.Ганзориг гуай 1977 оноос хойшхи бүхий л амьдралаа сансартай холбож, монголын сансар судлалын “шавыг” тавьж түүхийг бүтээлцсэн нэгэн юм. 

Тэрээр 1975 онд Киев хотын политехникийн сургуулийг автоматикийн инженерээр төгсөж, үргэлжлүүлэн Улаанбаатар хотын Нэгдүгээр цахилгаан станцад ажиллаж байжээ. Улмаар 1977 оны 03 дугаар сард сансрын нисгэгчдийг сонгон шалгаруулах ажил эхэлэхэд ажилдаа идэвхтэй, шинэлэг арга дэвшүүлэн санаачлагатай ажилладгаараа удирдлагуудынхаа анхааралд өртсөн түүнийг шалгаруулалтад оруулжээ.

Нийт 10.00 орчим хүний материалыг судлан, олон шалгуураар шүүсний дүнд М.Ганзориг, Ж.Гүррагчаа нар сонгогдон үлдсэн байна. 

Сансрын нисгэг Ж.Гүррагчаа, М.Ганзориг нар

Ийнхүү ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх төвд 3 жилийн бэлтгэлийг бүрэн хангажээ. 

Нислэгийн шийдвэр гарч, Ж.Гүррагчааг нисгэхээр болсны дараа өөртөө сэтгэл гонсойж байсан ч сансрын олон ахан дүүстэйгээ мөр зэрэгцэн бэлтгэгдэж явсан маань хүн болж төрсний гавьяа гэж боддог. Тийм болохоор би сансарт нисээгүй ч ниссэн юм шиг сэтгэлээр жигүүрлэж явдаг гэж М.Ганзориг бахдан дурссан удаа бий. 

Эрүүл мэнд, чадвар зэрэг бүх зүйлээрээ эн тэнцүү хоёр залуу гурван жилийн турш хамтдаа хатуу бэлтгэл хийсэн ч нэг нь сансарт нисэж, нөгөө үлдэнэ гэдэг харамсалтай. 

Энэ талаар Монголын сансрын нислэгийн багийн эмч, МУ-ын төрийн шагналт, хүний гавьяат эмч, академич Л.Лхагваа "Хоёулаа хамт бэлтгэл сургуулилт хийж, хатуу ширүүнтэй нүүр тулж байгаад нэг нь нисээд, нөгөөх нь торойгоод үлдэхийг харахад нулимс гардаг юм билээ. Нислэгийн шийдвэр гарсны дараа дарга нар эмээгээд М.Ганзоригтой нэг их ойртож юм ярихгүй байсан" хэмээсэн юм.

Тэрээр энэ үеэс л сансартай салшгүй холбогдсон хэрэг. Хамтарсан нислэгт нисээгүй ч хамтарсан багаас гараагүй юм. Нислэгийн үеийн туршилт, ажиглалтад тооцоо хийж, судалгааг нэгтгэх гээд “их ажлыг нугалсан" байна.

Энэ тухай  сансрын нисгэгч Ж.Гүррагчаа “Би яахав сансарт 7 хоног ниссэн. Үлдэх судалгааг М.Ганзориг маань үргэлжлүүлэн хийсэн. Нислэгийн гол зорилго энэ байв” хэмээн дурссан юм.



Сансрын хамтарсан нислэгт багтаагүй ч сансарт улам ойртсон судлаач

Хамтарсан нислэгийн үеэр авсан зурагт үндэслэн судалгаа хийх болсноор түүний эрдэм шинжилгээний ажил эхэлсэн аж. М.Ганзоригийн судалгааны үр дүнгийн талаар ШУА-ийн Геоэколийн хүрээлэнгийн эрдэмтэн шинжилгээний ажилтан, доктор  А.Мөнх-Эрдэнэ: 

"М.Ганзориг докторын дэвшүүлсэн сансрын зураг боловсруулан ашиглах санал, аргазүйг байгалийн нөөц, геологийн судалгаанд өргөнөөр ашиглах болсон. Ингэснээр тухайн үед манай орны эдийн засгийн суурь болж байсан хөдөө аж ахуй салбарт үр дүнгээ өгсөн юм. Тухайлбал, сансрын зургийг ашиглан байгалийн бүс, бүслүүрийн заагийг нарийн тогтоож, бэлчээрийн ургамлын төлөвийг тодорхойлсон нь газар төлөвлөлтөнд үнэтэй мэдээлэл болж байв. Мөн хамтарсан нислэгийн сансрын зургийг ашиглан академич Ш.Цэгмэд, Д.Доржготов зэрэг эрдэмтэдтэй хамтран Монгол орны хөрсний суурь зургийг боловсруулан гаргаж байсан байна.

Энэ мэт хүмүүсийн амьдралд үр дүнгээ өгсөн гэдгийг мэддэг ч, хэн хийснийг нь мэддэггүй олон ажлын эзэн нь сансрын нисгэгч М.Ганзориг билээ.  



Ийнхүү судалгааны ажлаа үргэжлүүлж, ЗХУ-ын Сансар судлалын хүрээлэнд докторын зэрэг хамгаалснаар Монголын анхны сансар судлалын доктор болжээ. Эх орондоо эргэж ирээд геологи, ургамал судлал, физикийн олон залууг нэгтгэн сансраас ирсэн мэдээллийг боловсруулах лабораторыг нээж, дараагийн олон судлаач, эрдэмтдийг төрөн гарах үндсийг суулгаж эхлэв. 

Үнэхээр ч түүний цахисан хэтээр монголын сансар судлалын “гал” бадамлан асаж, монгол эрдэмтэд өөрсдийн судалгаагаа олон улсад хүргэж, Монгол хэмээх орон зайг олон улсын сансар судлалын салбарт бүтээжээ.  



Түүний шавь, доктор А.Баясгалан:

"Өөр өөр салбарын залуусыг цуглуулж, нэг том ажлын ард гарна гэдэг багшийн удирдан зохион байгуулах ур чадварын үр дүн байсан. Багш үнэхээр хүний эвийг олж ажил хийлгэх чадвартай. Олны нүдэн дээр учир зүггүй магтаад байхгүй, хэлэх гэсэн санаагаа шууд хэлнэ, дутагдлыг нь ч тойруулж төвдөхгүй хэлдэг хүн.

1980-аад оны сүүлч үед компьютер дөнгөж л гарч байв. Залуу судлаач бид барааг нь харах нь бүү хэл сонсож ч үзээгүй олон шинэ төхөөрөмж дээр ажиллаж эхэлсэн. Сурахад амаргүй даваа. Техник технологи хэдий хөгжсөн ч өнөөгийнхөөс хамаагүй “маруухан” байсан үе. 

Жижиг авсаархан техник ховор, ихэнхдээ л том том төхөөрөмжүүд дээр ажиллана. Сансраас зураг дарахдаа хальсан дээр хуулж аваад тэрийг нь хананд тусгаж үздэг гэх мэт одоо бодоход их л хөглөж явж дээ. Одоо бол ямар ч хүн, хаана ч байсан сансрын зургийг утаснаасаа үзэж болдог болтлоо хөгжсөн байна. Энэ бүхний эхлэлийг тавьсан хүн нь М.Ганзориг багш юм" хэмээлээ.  

М.Ганзоригийг ойр тойрныхон нь нямбай гэхэд “багадахаар” хүн гэж тодорхойлсон. Гэр нь үлгэрийн юм шиг ховор содон зүйлсээр дүүрэн. Сансрын тухай ном зохиол, сансрын нисгэгчдийн бэлэг, нислэгийн дурсгалын зоос, сансрын хөлөг, пуужингийн загвар, одон медаль, энгэрийн тэмдэг гээд сансартай холбоотой эд зүйлс тоймгүй их. Тэр бүрийгээ цэгцтэй өрж, нямбайлан хадгална. Энэ нь сансарт хэчнээн их дурлаж, хайрладгийн илрэл байх.

М.Ганзориг хаана л очно эх орондоо хэрэгтэй нэг ч болтугай зүйл олж хэрэгжүүлэхсэн гэж хүснэ. Тэр хэрээрээ боломж бүрийг алдахгүй ашиглахыг хичээнэ. Улмаар Ардчилал гарснаас хойш 4-5 жилийн дотор хөгжингүй орнуудтай хамтран ажиллах гарцыг нээж, монгол эрдэмтдийн  бүтээлийг олон улсын сэтгүүлд хэвлүүлэх зэргээр олон боломжийг бүрдүүлсэн юм. 

АНУ-ын Газарзүйн нийгэмлэгээс 1968 оноос эхлэн шилдэг, гарамгай бүтээлд олгодог О.Миллерийн нэрэмжит шагналыг 1997 онд М.Ганзоригт олгосон юм. Ингэснээр тэрээр уг шагналыг хүртсэн 3 дахь хүн болсон гэх зэргээр түүний талаар “ухаад” л байвал Монголын сансар судлалд, тэр дундаа зайнаас тандан судлалд нэмэрлэсэн гавьяа барагдашгүй их. 

М.Ганзоригийн анхлан байгуулсан Зайнаас тандан судлах лаборатор нь өдгөө ШУА-ийн информатик, газарзүй, геоэкологийн хүрээлэнтэй нэгдэж Газарзүй, геоэкологийн хүрээлэн болжээ. Түүний татсан жимийг зам болтол нь хэдэн зуун залуус үргэжлүүлэн ажиллаж байна. 

Өдгөө бид технологи бараг "тултлаа" хөгжсөн гэж хэлж болохоор эрин үед амьдарч буй. Гэвч үүнийг бий болох замналыг хэн тавьсан, үнэ цэн нь юу вэ гэдгийг тэр бүр ухаарч чадахгүй байх шиг. 

Монгол хүн сансарт нисч, анх удаа монголын газрыг бүхэлд нь сансраас харж, монгол орноо монголчууд өөрсдөө судлах боломжийг эхлүүлсэн нь яалт ч үгүй “үсрэнгүй хөгжил”  буюу том амжилт, үнэлж барашгүй түүх юм.