Хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жил, Зөвлөлт-Монголын хамтарсан сансрын нислэгийн 40 жилийн ойг тохиож тохиолдуулж “Cансар судлал ба сансрын технологи” нэртэй эрдэм шинжилгээний хурал болж өнгөрлөө.

Уг үйл ажиллагаа нь сансрын технологийн хөгжлийн асуудлаар манай улсад болж буй анхны томоохон арга хэмжээ юм. 

Хурлаар сансрын мэдээллийг хэрхэн ашиглах, хэрэглээг нь өргөжүүлэх, Монгол Улсын сансрын технологийн хөгжил ба цаашдын чиг хандлага, манай улсад бүтээгдэж буй анхны хиймэл дагуулын төслийн хөгжүүлэлтийн явц зэрэг сэдвээр илтгэл тавилаа.

Өнөөдөр сансрын технологийг хэрэглэдэггүй, түүний үр ашгийг хүртдэггүй улс орон гэж үгүй. Энэ хэрэглээ гол төлөв хиймэл дагуулын мэдээллээр дамжин хэрэглэгчдэд хэд хэдэн янзаар хүрч байна. Тиймээс ч өнөөдөр энэ салбар өөрөө баялгийн нэг эх үүсвэр болоод байгаа юм. 

Манай улс сансарт өөрийн гэсэн хиймэл дагуулгүй, гэсэн хэдий ч өндөр хэрэглээтэй орон. Тиймээс цаашид өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээгээ гаднаас хангасаар байх уу, сансрын технологийн салбарт аль нэг чиглэлд бүтээгч байх боломж бий юу гэсэн асуулт яах аргагүй энэ түүхэнд цаг үед гарч ирж байна. Нөгөө талд “1000 инженер” хөтөлбөрийн үр дүнд сансрын технологийн инженерүүдийн багаа бэлтгэсэнг, одоо нэгдсэн бодлого дэмжлэг л дутаж байгааг салбарын эрдэмтэн судлаачид онцолж байлаа.

Өнөөдрийн хуралд БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков ОХУ-ын нийслэл Москва хотоос цахимаар холбогдож оролцсон юм. Тэрээр 40 жилийн өмнөх Орос-Монголын сансрын хамтарсан 8 хоногийн сансрын нислэгээ дурсан санаж, монгол түмэнд мэндчилгээ дэвшүүлсэн юм.


Ж.Гүррагчаа маань эх орон, нутгийнхаа дээгүүр нисэж байхдаа сэтгэл нь их догдолж байж билээ

/ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибеков/

"Бид Монгол хүн анх сансрын уудамд дүүлэн гарсан тэр нислэгээр ашигт малтмал, амьтан судлалын гээд газарзүйн төлөвлөгөөт олон зургийг авч байсан. Амжилттай авсан нь ч бий, амжилтгүй болсон зургууд ч байсан. Сансрын уудмаас тандан судалсан бидний ажил хожмын сансар судлал болон  олон улс орны, олон салбарт ихээхэн хувь нэмэр оруулсан. Сансрын мандлаас авч байсан зургууд маань газрын мэдээлэлд маш хэрэг болж байв. Тухайлбал, бид загасны нүүдэл, орон зайн зургийг авч байсан нь дэлхийн олон улс орны загас агнуурын аж ахуй хөгжихөд их хэрэг болсон. Ж.Гүррагчаа бид хоёр Атлантын далай, Латин Америк, Арабын хойг гээд олон тив газар, Канад, АНУ, Куба, Мексик гээд олон орны газар нутгийн зургийг авч байсан. Монгол орны дээгүүр нисэж байхад цаг агаар тогтуун, үүлгүй онгорхой цэлмэг, тод харагдаж. Ж.Гүррагчаа маань эх орон, нутгийнхаа дээгүүр нисэж байхдаа сэтгэл нь их догдолж байж билээ.

Сансрын нисэгч, бидний их анд М.Ганзориг маань бидний авсан зургуудаар сэдэвчилсэн карт бүхий судалгааны ажил хийж, түүний удирдаж буй Монгол Улсын ШУА-ийн Информатикийн хүрээ­лэнд боловсруулан судалж байна.


Хятад улстай хамтарч хоёр дахь Монгол хүнээ сансарт илгээх боломж бидэнд бий

/БНМАУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа/

Сансрын хамтарсан нислэгээс хойш 40 жил өнгөрчээ. Эргээд харахад бидний хийсэн судалгаа өнөөдрийг хүртэл үнэ цэнтэй хэвээр байна. Сансрын судалгаа гэдэг ерөөсөө л хамтарч хийх талбар юм. 

Сансар судлалд холбооны болон тандан судалгааны хоёр хиймэл дагуул байдаг. Өнөөдрийн манай төр засаг голдуу холбооны хиймэл дагуулын талаар яригддаг. Бид цаашид тандан судлалын хиймэл дагуултай болох ёстой.  Өөрийн гэсэн хиймэл дагуултай болж, сансар судлалын салбарт хамтын ажиллагаа явуулж цаашлаад хамтарсан нислэг хийх ч боломж байна. Монгол хүн дахиад сансар руу тэмүүлэх цаг нь болсон. Бид сансар судлалд нөлөөтэй хоёр гүрний дунд амьдарч байгаа. Энэ тал дээр Хятад улстай хамтрах ажиллаж боломж бий. Хятад улсын техник технологи дэвшил асар хурдацтай хөгжиж байна. Цаашид хамтарч ажиллаж,үр дүнтэй гэрээ хэлцэл байгуулж, хамтарч ажиллан магадгүй Хятад улстай хамтарсан нислэг хийхэд хамгийн тохиромжтой нь ч байж болох юм. Үнэ өртгийн хувьд АНУ, ОХУ-аас хамгийг бага. Саяхан гэхэд Хятад улс АНУ, ЗХУ-ын дараа сарны хөрсний дээжийг дэлхий рүү авчирсан дэлхийн гурав дахь улс боллоо. Сарны бидэнд харагддаггүй гадаргуу дээр судалгаа явуулж байгаа гээд Хятад улсын сансар судлал дахь амжилт асар их.  Цаашид манай улс хэдэн онд сансар судлалын бүрэн тодорхой зорилго, алсын хараа хэрэгтэй байна. 


 Ж.Гүррагчаа баатар сансарт ниссэн тэр долоо хоногт 30 гаруй туршилт хийх хөтөлбөр боловсруулсны 60-70 хувийг монголчууд өөрсдөө санаачилсан

/Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл/

Хамтарсан нислэгийн эрдэм шинжилгээний хөтөлбөрийг боловсруулах ажлыг тухайн үед БНМАУ-ын ШУА дангаараа хариуцаж, академийн ерөнхийлөгч Ши мэргэн хэмээх Базарын Ширэндэвийн шууд удирдлагын дор хэрэгжүүлснийг би тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Энэ том багийн ажлын алба нь тухайн үеийн ФТХ-ийн Сансар судлалын секторын анхны 8 залуу судлаач дээр төвлөрч байлаа. Ж.Гүррагчаа баатар сансарт ниссэн тэр долоо хоногт 30 гаруй туршилт хийх хөтөлбөр боловсруулсны 60-70 хувийг монголчууд өөрсдөө санаачилсан. Бусад орны сансрын нисэгчдийн хийсэн туршилтын 60-70 хувийг ЗХУ-ын эрдэмтэд боловсруулсан байдаг. Энэ бол манай улс уг үйл явдалд ихээхэн ач холбогдол өгч, сайн ажилласны илрэл.

Энэ түүхэн үйл явдлаас хойш манай улс сансар судлал, сансрын технологийн салбарт чамгүй оролцож технологийн хэрэглээнээс хоцролгүй ашиглаж үр шимийг хүртжээ. Цаашид бид энэ салбарт илүү идэвхтэйгээр буюу байршлын таатай боломжоо ашиглан өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын мэдээ хүлээн авах газрын станцын сүлжээг байгуулах,  сансрын технологийн салбарт шинэ технологийг турших, шинжлэх ухааны туршилт судалгаа хийх зорилгоор Нано, Микро, Жижиг, Том хиймэл дагуулуудыг хамтран хийж хөөргөх замаар сансрын технологи, энэ салбарын хүний нөөцөө бэлтгэж  үр ашгийг хүртэх хэрэгцээ шаардлага байна. 


Монголчууд хоёр дахь нислэгээ хийх цаг болсон

/Доктор, профессор Ц.Адьяасүрэн/

АНУ-ын сансрын нисэгч Скот “Өнөөдөр Орос, АНУ--ын харилцаа төвөгтэй байгаа. Бид энэ тал дээр сүрхий анхаарал хандуулдаггүй. Хэрвээ манай хоёр орны ерөнхийлөгчийг хоёр долоо хоног сансарт амраачихвал энэ дэлхийн санаа зовсон олон асуудал аяндаа шийдэгдэнэ гэдэгт би итгэлтэй байна” гэж хэлсэн байдаг. Сансар судлал гэдэг хүмүүсийн эвлэрэл, хамтын ажиллагааны гайхалтай талбар. Өнөөдөр хүн төрөлхтөн сансар руу тэмүүлж судалгаандаа асар их анхаарал хандуулж байна. Хятад, Саудын Араб зэрэг улс хүртэл энэ салбарт асар их хүч хаяж, хүнээ нисгэлээ. Удахгүй Ангараг руу эмэгтэй сансрын нисэгч илгээхээр яригдаж байна. Манай улс ч бас энэ сэдвийг тойроод өнгөрч болохгүй. Монгол хүнд сансар гэдэг холын зүйл биш ээ, магадгүй сансартай дэндүү ойрхон ард түмэн гэж боддог. Яагаад гэвэл сартай, сансартай хаяа тэрлэн оршдог, мал бэлчээр, гэрийн хаяанаасаа л сарыг ажиглаж шинждэг.  Тун удахгүй хоёр дахь нислэгээ хийх цаг болсон. Энэ асуудлыг дэвшүүлж, ажил хэрэг болгохын төлөө зүтгэнэ, та бүхэн дэмжээрэй.


Бид дахиад сургалт судалгааны чиглэлийн хиймэл дагуулыг монголоосоо хөөргөх судалгааг хийж байна

/МУИС-ийн Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторийн судлаач, Хоккайдо их сургуулийн доктор Т.Бэгзсүрэн/

"Мазаалай” хиймэл дагуул нь сургалт хийж хүний нөөц бэлтгэх, шинжлэх ухааны туршилт хийх гэсэн үүрэгтэй байсан, үүргээ биелүүлсэн. Одоо бид дахиад сургалт судалгааны чиглэлийн хиймэл дагуулыг монголоосоо хөөргөх судалгааг хийж байна. Энэ туршилт амжилттай болбол Монголд бааз суурь ажиллаж байгааг харуулна. Ингээд дууссаны дараа түүнийгээ томруулах, үүрэг даалгаврыг өөрчлөх, сайжруулах ажлууд хийнэ. Ер нь хиймэл дагуулыг хэмжээгээр ангилбал 10 хүртэл кг жинтэйг нь нано-хиймэл дагуул, 10-100 кг жинтэйг нь микро-хиймэл дагуул гээд цааш явна. Бидний дараагийн зорилт нь тодорхой үүрэг чиглэлтэй, хэрэглээнд  микро-хиймэл дагуулыг хөөргөх явдал. Энэ нөхцөлд эдийн засгийн үр ашгийг нь хүртэх боломжтой. Бидэнд асар том хүчин чадалтай нүсэр хиймэл дагуул шаардлагагүй, өртөг ч өндөртэй. Ойролцоогоор 50 кг жинтэй, урт болон өргөн нь 50 см хэмжээтэй байх нь үйлдлийн хувьд хамгийн үр ашигтай гэж тооцдог.


Сансрын хиймэл дагуул нь системчлэлийн хаан юм

/Монголын сансрын технологийн холбооны тэргүүн Д.Эрдэнэбаатар/

Технологи талаас нь яривал бидэнд маш их боломж байна. Ер нь аль ч цаг үед, хөгжиж буй нийгэмд аль нэг технологийг барьж аваад суралцаад, эзэмшээд, хэрэглээд, оролцоод явах бүрэн боломжтой. Түүний суурь нь бидэнд байх ёстой. Суурь гэдэг нь суурь шинжлэх ухаан, бизнес-аж үйлдвэрийн хөгжил юм. Эдгээр сэтгэлгээний болон боловсролын суурь тавигдсан нөхцөлд шинэчлэгдэж байгаа технологийг бариад л авна. Жишээ нь, Nokia гар утсыг дэлхий нийтээрээ барьдаг, хэзээ ч дийлдэхгүй юм шиг байсан цаг хугацаа саяхан. Хятад, Өмнөд Солонгос улсыг гар утас хийнэ гэж хэдэн жилийн өмнө хэн ч тааварлаж байсангүй. Гэтэл эдгээр улсад суурь нь байсан учраас технологийг нь эзэмшээд өнөөдөр дэлхийд тэргүүлж байна. Яг үүн шиг хөгжиж, шинэчлэгдэж байгаа сансрын технологийг сурч эзэмшиж, дэлхийд тоглогч байх боломжтой гэсэн итгэл үнэмшил бидэнд байгаа учир өнөөдрийг хүртэл итгэл үнэмшлээрээ явж байна.  Нөгөө талдаа өнөөдөр сансрын технологигүйгээр хаана яваагаа мэдэхгүй байх тийм хэмжээнд очсон. Бид одоо хөдөө явахдаа GPS ашиглан замаа олдог болоод байна. Хэрэв энэ сигналийг тасалбал тэгээд л төөрнө шүү дээ. Сансрын хиймэл дагуул нь системчлэлийн хаан юм.