Бугат Л.Алтангэрэл ТАМГА роман

Утга зохиол судлаач С.Энхбаяр «Аль ч улс үндэстэнд тухайн ард түмэн болоод бүс нутгийн соёлын язгуур эх сурвалж, шавхагдашгүй ундарга, оюун санааны суурь үндэс, ариун өлгий болсон текстүүд байдаг" хэмээн дурдсан байдаг. Эдгээр гипертекстүүдэд тулгуурлаж бичсэн уг зохиолын Хүннү тамгыг тайлж уншсан судлаачийн эргэн тойронд өрнөх адал явдлууд  онц сонирхолтой. 

Кибер орон зай, хиймэл оюун ухаан, бөөгийн онгод сахиус, далд  ухамсар, бодит ба завсрын ертөнц, түүхэн баримт, шашны домог зүй, ухамсрын эргэцүүлэлийг   давхар бичвэрүүдээр сүлэлдүүлж нэгэн нууцлаг шинэ ертөнцийг бидний өмнө нээж байна.

Тамга бол бэлгэдэл төдий бус эртний бичиг үсэг, далд нууцыг кодлосон, онцгой эрчим хүч бүхий оюуны бүтээл болохыг олж мэднэ. Үйл явдал Америк, Түрк, Киргиз, Монгол гээд олон улс орныг дамжин өрнөх нь цаанаа нарийн учир шалтгаантай. Хүннүгээс уламжлан ирсэн гадаад тагнуулын нууц бүлэг өдгөө хүртэл бие даасан үйл ажиллагаа явуулсаар байгаа юм бишүү. Эртний мэдлэгийг уламжлан яваа нууц нийгэмлэгүүд, тагнуулын ажлын далд нууцууд, хүннүгийн талаарх цоо шинэ мэдээллүүд анхаарал татна. Уг номын зохиолч нууц албаны ажилтан, түүх соёл судлаач, утга зохиолын орчуулагч гээд олон талын мэдлэг чадвартай "бөөн авьяас-тай "мэргэжил"-ийн хүн учраас үйл явдлууд барин тавин нотолгоотой, таамаглал сэтгэмжүүд нь гүн гүнзгий үндэс суурьтай юм. Түүхэн уран сэтгэмжийг адал явдалтай сүлэн Хүннү түүхийг шинээр  тайлан уншиж буй нь өвөрмөц юм. Үйл явдлууд толгой эргэм хурдтай өрнөх нь кино кадрууд солигдох мэт сонирхолтой. Бөөгийн онгод сахиусын талаар ёстой л ой тойнд буутал дүрслэн бичжээ. Хадны сүг зураг, тамга тэмдэгүүд кодлогдсон нууц мэдлэгийн түлхүүр  болохыг тааж ядах юмгүй.

Монголын нууц товчооноос өмнө Хүннү нууц товчоо байсны ул мөр нь тамганд шингээстэй буй.

Чингис хаан дөрвөн хөвгүүндээ нэр өгсөн нь ихээхэн учир утгатай, эртний улбаатай болохыг мэдэж авав. Түрэг гаралтай улсууд Хүннү түүхийг өөрийн болгох гэж булаацалдах нь цаанаа маш том учир шалтгаантай байдаг аж. Хүннү нар бол өвөг Монголчууд гэдгийг тамга гэрчлэх учиртай аж. 

Бөөгийн онгод маш эртнээс өдгөөг хүртэл уламжлан яваа нууцыг олж мэднэ. Яруу найрагч Л.Өлзийтөгс "Гоё Монгол" цувралын "Бөөн авьяас"  хэмээх Л.Алтангэрэлийн тухай нийтлэлдээ  "Тэр хэзээ нэгэн цагт Хэмингуэйнх шиг роман бичээд гаргачихсан байхад би л лав гайхахгүй" хэмээн бичсэн нь жинхэнэ авьяастныг таньсан хэрэг байж. 

Тэрээр Борхес, Памук зэрэг Постмодернист зохиолчдыг санагдуулах нь гайхалтай. Дэлхийн утга зохиолын хамгийн хүнд хүчир хийгээд оюуны гигант бүтээлд тооцогддог Марсель Прүстийн "Алдагдсан цагийн эрэлд" романыг монголчилж байгаа сурагтай. Хэр баргийн аавын хүү зориглох юм биш дээ уг нь. Орчин цагийн утга зохиолын хэв шинжийг төлөөлж чадах уг бүтээл нь  модернист яруу найрагч Б.Галсансүхийн хэлснээр "Дэлхийн бүх хүмүүст уншуулмаар" тийм нэг сонин содон зохиол юм даа. Авьяас, мэдлэг, ур чадвар хослуулан бичнэ гэж энэ байх.