Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны танилцуулгаас үзвэл 2020 оны 07 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 40 орчим хувьд зуншлага сайн, 40 хувьд дунд, 20 гаруй хувьд тааруу. Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн ихэнх, Төв, Дорноговь аймгийн зарим нутгаар муу байна. 

Үүнтэй холбоотойгоор отор нүүдэл ихсэх хандлагатай болжээ. Тухайлбал, Дундговь аймгаас 1331 малчин өрх нэг сая гаруй толгой малтайгаа Хэнтий, Сүхбаатар, Улаанбаатар, Булган, Төв, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул аймагт оторлож байгаа мэдээ иржээ. 

Өнгөрсөн өвөл олон жилийн дунджаас их цас орсноос өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Архангай, Хөвсгөл, Булган, Хэнтий, Өвөрхангай, Завхан аймагт нийт нэг сая мал хорогдсон. Энэ нь улсын хэмжээний нийт хорогдлын 86 хувийг эзэлж байна.