Батсуурийн Туул
11 сарын 06, 2020
Монгол хүн хэзээ бослого хөдөлгөөн дэгдээх вэ гэвэл “Мах огт идүүлэхгүй” гэсэн цагт л жинхэнээсээ босч тэмцэнэ. Монгол айлын хөргөгчинд ямар ч сайхан жимс ногоо байлаа ч махгүй бол ямар ч хүнс гайхамшигтай биш гэх зэрэг махтай холбоотой хошигнолууд цөөнгүй бий. Хэдийгээр энэ нь наргиа ч наргианы 80 хувь нь үнэн гэх.
Намайг СИНЬХУА агентлагт ажиллахаар Хөх хотод очих үед тавдугаар сарын эхэн үе таарав. Хөлсний унааны жолооч намайг байгууллагын гадаа үүдэнд буулгах үед ахлах Болорцэцэг, сурвалжлагч Уяхан хоёр маань тосч авав. Гурвуул мэнд мэдэлцээд, холгүйхэн байх нэг хоолны газар орж таваг шөл, ногооны хачиртай авч идэж олон цагийн аяншаагаа гаргаж билээ.
Хожим нь тэр хоолны газарт үдийн цайгаараа байнга шахуу хооллох юм гэж тухайн үед төсөөлөө ч үгүй. Би тэнд голдуу манайхны мэдэхээр рамен шиг шөл захиална. Тэр хоол нь, нарийн гоймонг ясны шөлөнд болгож, орой дээр нь гурван ширхэг үхрийн махыг эвтэйхэн шиг овоолсгээд тавьсан байх нь над шиг махан хүнстэнг нүд сэтгэлээр нь хуурсан зальжин марктенг байв. Унаанаас буусан даруйд шинэ газар, шинэ орчинд толгой эргэж, зүг чигээ алдсан бололтой. Дараа нь анзаарах нь ээ, тэр хоолны газар маань ердөө манай байгууллагын урдах засмал зам өнгөрөхөд булан нь харагддаг газар байсан юм билээ. Байгууллага маань хотын төвд учир ойр орчмоор нь цөөн хоолны газар байх. Тиймээс бид хамгийн ойр гэсэн 2-3 газрыг онилж, тэр өдрийн тэнгэрийн ааш авир, өөрсдийн идэх дур хүсэлдээ нийцүүлж аль нэг рүү нь зорьж очдог байв.
Махны дутагдалд орсон эхний ганц нэг сар хоолныхоо махыг түрүүлж гулгуулчихаад араас нь хоосон гоймон идэх их л гуниг байдаг байж билээ. Хоол идсэн үү идсэн, цадсан үгүй нь тодорхойгүй. Ахиад хооллоё гэвч гэдэс ходоод дүүрэн. Ийм маягаар хооллож явсаар сүүлдээ хоол ундандаа ч даслаа. Уураг тархиа урвуулж, ууж иддэг мэдрэхүйгээ удирдах нарийн “технологи”-той болов. Үүний тулд эхлээд гоймонгоо иднэ. Дараа нь шөлөө ууна. Эцэст нь нимгэн махаа амандаа уусгаж, ихэд амтархан иддэг арга ухаантай болов. Хөөрхий миний муу тархи ингэж их ч олон удаа хулхидуулсан даа. Хожим нь ажлаа хүлээлгэн өгчихөөд буцаж иртэл монгол малын мах хурцдаад, сав л хийвэл гүйлгэж туулгах гээд байдаг болчихсон байж билээ.
Хаа газар очсон монгол хүн лав дунджаар эхний 3 сар махны дутагдалд ордог юм байна гэж өөрийнхөө жишээнээс дүгнэсэн. Хүний өөрийн тавагтай хоолны махыг авч үмхчих гээд сүйд шүү дээ. Мэдээж олон сайхан найз нөхдийн гэр орноор орж дайлуулж цайлуулж явжээ. Элбэг дэлбэг цэстэй идээд л байхад “ундраад” л байдаг илбийн шиг ширээтэй ресторан, хоолны газруудаар ч орж үзэв. Түргэн хоолны сүлжээгээр цөөнгүйг үйлчлүүлж, дөнгөж хөлд ороод гүйж явахад нь чадхийлгээд шарж болгоод савлачихсан юм шиг тахианы гуя олж үзээд Хөх хотод ирсэн их сургуулийнхаа найзтайгаа хоёул инээлдэж ч явлаа.
Ингээд махсах 3 сарыг амжилттай давчихаад хоол хүнсэн дээр хотойхгүй болоод авав. Харин ч бүр саваагүйтэж, энд тэнд үзэж харах зүйл юу байна, идэж ууж болмоор хүнс юу байна гээд хорхойсож явдаг болов. Дэлгүүрт байх ууталж савалсан чихэр боов, хатаасан загас, самар жимс гээд юм юм туршиж идсэн. Зарим нь ч хүнс гэхэд хэцүүхэн юм ч таарна. Гэхдээ л туршсаар байтал хоол хүнсэндээ баримжаа сууж, энэ ууттай ч нэг иймэрхүү юм бий дээ хэмээн үл тоох бол нөгөө нь тэр ч харин давгүй шүү хэмээн үйлдвэрлэгчид нэмэх хасах оноо өгсөн дадамгай үйлчлүүлэгч болж архагшав.
Нэг удаа ахлах Болороо маань манай гэр бүлийн хүнийг Хөх хотод ирсэн, мөн нэг ахмад ажилтны төрсөн өдөр тохиосон гээд ажлынхнаараа оройн зоог барив. Бүгд цугларч дугуй ширээний ард сууцгаасны дараа зууш ирэв. Тухайн газрынх нь үйлчлүүлэгчдээ татах нэг менежмент юм байлгүй, сувинер маягийн агаарт хөндийлж хөндлөнгөөр нь тавьсан ногоон өнгийн лонхон дээр урт нарийнхнаар зүссэн зулмайсан цагаан гүзээ өмнө эргэлдсээр хүрээд ирэв. Хажууд нь жижиг дийзэнд хийсэн хар хөх өнгийн цуу шиг амтлагч тавьчихаж. Амтлагчид нь багахан шиг дүрээд үмхтэл аятайхан амттай ч юм шиг. Төд удалгүй Сараа маань хаах хүүх болоод дуу алдаад явчихав. Бүгдийн анхаарал Сараа дээр тусаад яав ийв гэтэл өнөөх чинь нулимсаа арчиж харагдана. Миний саваагүй хөдлөөд өнөө зууш дахиад тойроод ирэхээр нь нөгөө амтлагчид нь ахиухан дүрж байгаад үмхчихлээ. Нус нулимс зэрэг суга үсрээд гараад ирдэг юм даа. Бас ч золигийн эд байж билээ.
Заримдаа ч ичиж нэрэлхэхгүй татгалзахаар хоолтой ч таарч явав. Цуйван гэвч ямар ч махгүй, зүгээр тосонд жигнэсэн хэрчсэн гурилтай хоол байх. Ийм үед туршиж үзэх зориг үл хүрнэ. Нэг удаа манай ажлын хамтрагч ийм хоол идэхийг санал болгоход би шууд татгалзахын зэрэгцээ, “Багш нь үүнийг идэх юм бол идэж байхдаа өлсөх юм байна” хэмээн хөнгөхөн хошигнож билээ. Хаа газрын хэвлэлийн ажилтнууд гэж хэнэггүй, нээлттэй, хошин шогийн мэдрэмжтэй улс байх. Өнөө сэтгүүлч маань миний хэлснийг юман чинээ тоосонгүй. Хоёул инээд наргиа болгоод өнгөрөв.
Хөх хотын аль ч гудамжаар явсан ямар нэг үнэр үнэртэж байдаг. Тэр нь мэдээж хоолны үнэр. Хятад бичиг үсэг мэдэхгүй хүн ч үнэрээр нь энэ бол хоолны газар байна хэмээн баримжаалж болохоор байдагсан. Харь үнэр, харь амтанд монгол хүн дасаж болох ч ямар ч тохиолдолд бүрэн автах боломж бол хомс. Энэ дэлхий дээр бидэн шиг амтлах мэдрэхүйтэй улс бол Өвөрмонголчууд. Тэд хэдийгээр их үндэстний дунд оршсоор авч мөн л бидэн шиг мал мах гэхээр нүдээ өгнө. Хөдөө нутгийнхан нь бол монгол хоол цайгаа л гэнэ. Хөх хотод ирсэн хөгшчүүл бол хоолшиж өгөхгүй, маниасаа дор сандарч яваа сураг сонсогддог.
Би нэлээн хэдэн Өвөрмонгол танилаасаа “Улаанбаатарт ирээд та нар хамгийн түрүүнд юу хийдэг вэ” гэж асууж байсан. Тэдний ихэнх нь рестарон, хоолны газруудаар үйлчлүүлэх хэмээн хариулдаг байж билээ. Тэдний ярихаар бол, бидний тоомжиргүйхэн иддэг хуушуур хүртэл монгол малын мах эх орны хөрсөнд тариалсан гурилтайгаа ихэд зохицож, уусан найрссан сайхан амтыг гаргадаг гэнэ. Тэд монгол үндэсний хоолоос гадна олон орны хоолны газруудаар орох дуртай. Учир нь Хятадад аль нэг орны хоолны газар байлаа ч ямар нэг хэмжээгээр хятад хоолны амтлагчаар амталсан байдаг. Тиймээс Улаанбаатарт саатах нь өөр амт, өөр таашаалыг төрүүлдэг хэмээн нууж хаалгүй ярьж байсан нь санаанд тодхон үлджээ.
Одоо би боддог юм, ардчилал бидэнд юу өгөв гэж хэн нэгэн асуувал АНУ-ын виз, улаан паспорт, хил хязгаараар чөлөөтэй нэвтрэх эрх, цааш үргэлжлэх олон боломж бололцоо, эрх, эрх чөлөөний олон ойлголтыг энд нэрлэхгүй. Үүний оронд би “Амт” гэсэн саваагүй хариултыг хэлнэ. Гучин жилийн өмнө Монголын жирийн нэг айлд солонгос кимчи, энэтхэг карри, хятад чинжүү, япон цуу идсэнээ ярьвал гайхалтай хэрэг байх ч идүүлэх гэж оролдвол долоо уулын цаагуур шидүүлэх байсан биз.
Өмнө нь бид дүрлэг хийж иддэг байлаа. Дүрлэг гэдэг нь чанаж буй махны шөлнөөс багаханыг тасалж аягалаад, сонгино давсаар амтлаад, чанасан махаа дүрж идэхийг хэлдэг байв. Хожим нь Оростой харилцаа зузаарсан он жилүүдэд лаврын навчаар амталсан хоолыг багагүй идэцгээв. Ардчилал цогцлоосон гучин жилд бид цугаараа задгай амтны эрэлд гарсан. Эрлээ ч олсон, бас эрэлдээ ч донтсон. Амт бол завьжны дур тавилт юм гэдгийг бүгдээр мэдэрцгээсэн. Гэхдээ ойрын он жилүүдэд монгол малын махтай гурилтай шөл л монгол хүнийг аварна гэдгийг ойлгож эхэлсэн байдаг юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.