“Хавраас хамтдаа аюулгүй зорчъё” аян эхэллээ

Хүдэрчулууны Хулан
03 сарын 28, 2026

Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) болон Тээврийн цагдаагийн алба хамтран иргэдийн аюулгүй зорчих эрхийг хамгаалах зорилгоор “Хавраас хамтдаа аюулгүй зорчъё” аяныг эхлүүллээ. 

Тус аян нь унадаг дугуй, скүүтер, цахилгаан дугуй, мопед, мотоциклын хэрэглээ нэмэгдэж, осол гэмтэл жил ирэх тусам өсөж буйтай холбоотойгоор урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний соёл, хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэж байна.

Сүүлийн жилүүдэд хоёр дугуйт болон цахилгаан хэрэгслээс үүдэлтэй осол эрс нэмэгдсэн байна. Тухайлбал, 2025 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 2533 осол гэмтэл бүртгэгдэж, ихэнх нь нийслэлд гарчээ. Мөн 2024-2025 онд мопедоос үүдэлтэй осол 11 дахин, скүүтерийн осол 55.5 хувиар өссөн нь анхаарал татаж байна. Өдөрт дунджаар 36 мянга гаруй хэрэглэгч эдгээр хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байгаа нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа юм.

ХЭҮК-оос хоёр дугуйт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах дүрэм, журмыг яаралтай тодорхой болгох шаардлагатайг онцолж байна. Ялангуяа явган хүний замаар скүүтер, мопед зорчих асуудал тодорхойгүй байгаа нь иргэдэд төөрөгдөл үүсгэж, хүний эрхийн зөрчил гарах эрсдэлтэй гэж үзэж байна. Иймд холбогдох байгууллагууд шийдвэрээ илүү ойлгомжтой, нарийвчилсан байдлаар танилцуулах шаардлагатайг санууллаа.

Хоёр дугуйт тээврийн хэрэгсэл ашиглах үед иргэд дараах зүйлсийг анхаарахыг зөвлөж байна. Үүнд: зөвшөөрөгдсөн замаар зорчих, хурдыг 20 км/ц-аас хэтрүүлэхгүй байх, гар утас хэрэглэхгүй байх, гарцаар гарахдаа тээврийн хэрэгслээ түрж гарах, мөн хүүхдийн талбай, сургууль, цэцэрлэгийн орчинд зорчихгүй байх зэрэг орно. 

Энэ нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.

Одоогийн нөхцөлд явган зорчигчид скүүтер, мопед замбараагүй байрлуулах, явган хүний замаар зорчих зэргээс үүдэн зорчиход хүндрэлтэй тулгарч байна. Мөн хамгаалах хэрэгсэл ашиглахгүй, хурд хэтрүүлэх, ур чадвар дутмаг байх нь ослын гол шалтгаан болж байгааг албаныхан онцолжээ.

Иймд иргэдийг замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцож, “Хавраас хамтдаа аюулгүй зорчъё” аянд идэвхтэй нэгдэхийг уриалж байна.

Холбоотой сэдвүүд

мопед скүүтэр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.