Б.Анхилам
06 сарын 07, 2021
Судалгаагаар улс орны нийт хүн амын 2-10 хувь ижил хүйстэн байдаг ажээ. АНУ-д л гэхэд насанд хүрсэн эрчүүд болоод эмэгтэйчүүдийн 1-2.2 хувь нь өөрсдийгөө ижил хүйстэн хэмээн тодорхойлдог байна. Энэ хувийг тоонд шилжүүлбэл мэдээж нэлээдгүй их тоо гарна. Гэсэн ч ижил хүйстнээ сонирхохыг хувь хүний сонголтын асуудал гэж үзэх хүмүүс байсаар байна.
Харин биологичид 450 гаруй төрлийн амьтан дээр хийсэн судалгаагаар ижил хүйстнээ сонирхох нь байгалийн үзэгдэл болохыг баталжээ.
2019 онд генетикч Андреа Ганна болон түүний хамтран ажиллагсад ижил хүйстнээ сонирхох үзэгдлийн хүрээнд одоогийн байдлаар хамгийн өргөн цар хүрээ бүхий судалгааг хийсэн байна. Тийнхүү АНУ болоод Их Британийн хагас сая хүний генд судалгаа хийсний үндсэн дээр хүний генийн 8-25 хувь нь ижил хүйстнээ сонирхох үзэгдэлд нөлөөлдөг болохыг тогтоожээ.
Түүнчлэн хүний хүйс зөвхөн эрэгтэй, эмэгтэй гээд болчихдоггүй тал дээр ч олон судалгаа хийгдсэн юм. Тиймээс ч энэхүү генийн үзэгдлийг сонголт гэж хүлээн авах нь өөрөө буруу болж байгаа ба энэ нийтлэг бодлыг үл залруулах аваас ялгаварлан гадуурхал, нийгмээс хавчих тохиолдлууд үргэлжилсээр байх юм.
Мөн судалгаагаар хүний бэлгийн чиг хандлага нь фукоз мутаротази хэмээх гентэй холбоотой болохыг олж мэдсэн бөгөөд энэхүү генийг устгахад эм хулганууд “эмэгтэйлэг” үнэрт татагдаж, эр хулгануудаасаа илүүтэй эм хулгануудтай нөхцөхийг илүүд үзэж байжээ.
Өөр нэг судалгаан дээр эмэгтэй хулганын TRPC2 гэх генийг устгахад хулгана эр хулгана шиг авирлаж байсныг нь ч ажиглажээ. Харин тус ген нь устсан эр хулгана бусад эр хулгануудтай шөргөөцөлдөхөөс зайлсхийж, эр эм, аль аль хулгануудтай нөхцөж байсан байна.
Басхүү судалгааны явцад хүнийг ижил хүйстнээ сонирхоход нөлөөлдөг 5 төрлийн генетикийн локус байдаг ба үүнээс 2 нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст хоёуланд нь, 2 нь зөвхөн эрчүүдэд, үлдсэн нэг нь зөвхөн эмэгтэйчүүдэд байдаг ажээ.
Эх сурвалж: MSN
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.