“Аpple” компани ирэх сард iPhone 15 загварын гар утсаа зах зээлд танилцуулна. Тус загварын цэнэглэгч одоогийн Lightning стандартаас USB-C стандартад шилжих ажээ. Ингэснээр “iPhone 15” загварын нэг хувилбар 35W хүртэл чадалтай цэнэглэгчийг дэмждэг болж, цэнэглэгдэх хугацаа нь богиносох нь. 

Одоогийн “iPhone 14 Pro” хувилбарууд 27W хүртэл чадалтай цэнэглэгчийг дэмждэг бол “iPhone 14” 20W чадлаар хязгаарлагддаг байна.

“Apple” Энэтхэгт iPhone гар утасны үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, өнгөрсөн санхүүгийн жилд тус улсад 7 тэрбум гаруй ам.долларын үнэ бүхий гар утас угсарсан гэж “Bloomberg” мэдээлж байв. Тус компани iPhone гар утасныхаа 7 орчим хувийг Энэтхэгт үйлдвэрлэж байгаа тухай дөрөвдүгээр сард мэдээлсэн. Үүнээс өмнө Энэтхэгт iPhone-ийн угсралт Хятадынхаас 6-9 сараар хоцорч байсан боловч өдгөө энэ зөрүү мэдэгдэхүйц багассан байна.  

“Apple” жил бүрийн есдүгээр сард уламжлал ёсоор зохион байгуулдаг арга хэмжээнийхээ үеэр iPhone-ийн шинэ загваруудаа танилцуулдаг. Энэ жилийн бүтээгдэхүүнүүдэд гарах шинэчлэлтийн хувьд камерыг нэлээд сайжруулсан ба “Pro” загварууд сайжруулсан процессортойгоор худалдаанд гарах төлөвтэй байна.