Б.Анхилам
07 сарын 07, 2020
1905 онд сэтгэл зүйч Алфред Бине болон Теодор Симон нар Францын сургуульд сургуулийн хичээлээ ойлгохдоо тааруу хүүхдүүдэд зориулан тест боловсруулжээ.
Тестийн зорилго нь аль хүүхдэд онцгойлон анхаарал хандуулах хэрэгтэйг тодорхойлох байв. Энэхүү аргачлал нь IQ тестийн суурийг тавьсан юм.
19 дүгээр зууны сүүлд судлаачид асуултад хариулах болон санах ой, хараагаар баримжаалах зэрэг танин мэдэхүйн чадварууд нь оюуны чадамжийг харуулдаг гэж таамаглажээ.
Симон болон Бине нар эдгээр чадваруудыг тус бүрчлэн хэмжих цуврал тестийг боловсруулж нэгдсэн дүнг нь нийлүүлж тооцсон байна. Тестийн асуултуудаа нэг агуулгатай боловч нас насныханд зориулж өөр хувилбараар боловсруулжээ. Хүүхдүүдийн авсан оноо нь үеийнхэнтэйгээ харьцуулахад сэтгэх чадвар нь ямар түвшинд байгааг тогтоож байв.
Оролцогчийн авсан оноог насанд нь хувааж 100-гаар үржүүлснээр оюуны чадамжийн кофицциент буюу IQ оноо гарч ирэх юм.
Судалгаагаар хүн амын 68 хувь нь 15-100 оноо авдаг ба 100 оноо нь хүн амын дундаж ажээ.
Симон, Бине нар тэдний тестээр шалгагдах ур чадварууд нь оюуны чадамжийг харуулна гэж боджээ. Гэвч тэдний хэн нь ч IQ тест хүний оюун сэтэлгээний чадамжийг бүрэн тодорхойлж чадна гэдэгт санал нэгдээгүй билээ. Гэсэн хэдий ч хүмүүс тэдний боловсруулсан тестийг ашигласаар иржээ.
Ийнхүү анхандаа хичээлээ ойлгохгүй байгаа сурагчдыг илрүүлж, тэдэнд туслах зорилготой байсан ч хүмүүс өөр зорилгоор ашиглаж эхэлсэн юм. Голдуу хүмүүсийг тестэнд оруулснаар бараг л “Чи ухаантай,чи тэнэг” хэмээн муйхраар ангилж эхлэх нь тэр. Ингэснээрээ тестийн үр дүн буруу тогтолцоотой, харанхуй үзэл сурталд ашиглагджээ. Тухайлбал IQ өндөртэй хүмүүсийг оюуны чадвар шаарддаг ажилд түлхүү сонгон ажиллуулж байв. Харин IQ багатайг нь голдуу хүчний чадвар шаардсан ажилд хийлгэж байсан түүх бий.
Анхны олныг хамруулсан IQ тестийг Дэлхийн хоёрдугаар дайны үеийн АНУ-д цэргийн хүчнийхэн шинэ цэргүүд дээр туршжээ. Тэд шинэ цэргүүдийг IQ тестээр шалгаж офицер болгох бэлтгэлд шигшиж байсан юм.
Тийнхүү IQ тестийн үр дүн нь түүхэнд хар толботой бодлогууд болон шинжлэх ухааны үндэслэлгүй идеологиудыг батлахад ашиглагдаж байжээ. Гэвч энэ нь тест өөрөө хэрэгцээгүй гэсэн үг биш бөгөөд харин ч учир шалтгаан, асуудал шийдвэрлэх чадварыг хэмжихэд ашиглаж болохуйц хэвээрээ. Эцэст нь хэлэхэд хувь хүний чадамжийг дан ганц IQ тестийн оноогоор дүгнэнэ гэвэл өрөөсгөл гэдгийг судлаачид хэлж байна.
Эх сурвалж: TED
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.