“Тэнгэр даатгал” компанийн Гүйцэтгэх захирал Ж.Баатарболдтой ярилцлаа. 

- Өмнө нь хувь хүн, айл өрхүүдэд даатгал ямар ач холбогдолтой талаар тантай ярилцаж байсан. Тэгвэл энэ удаад байгууллагын даатгалын онцлогийн талаар төвлөрч ярилцъя. 

- Байгууллагад ч бай, айл өрхүүдэд ч бай даатгуулах гурван зүйл бий. Хөрөнгө, хариуцлага, хүний амь нас, эрүүл мэнд. Энэ гуравт гэнэтийн эрсдэл учрах, улмаар санхүүгийн хүндрэлд орох аюул үргэлж оршсоор байдаг.

Байгууллагад янз бүрийн эрсдэлүүд учирч болно шүү дээ. Эрсдэлийн удирдлага сайтай байгууллагууд мэргэжлийн алба нэгжтэй, үгүй ядаж л эрсдэл, ХАБ хариуцсан ажилтантай байдаг. Бүтэн цагийн ажилтангүй ч мэргэжлийн хүмүүсийг хөлслөн ажиллуулж ажлын байрандаа гал, цахилгаан, ус чийгийн эрсдэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үнэлгээ хийлгэж, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилладаг байгууллага байдаг.

Гэсэн хэдий ч урьдчилан харах, мэдэх боломжгүй эрсдэл байсаар л байдаг. Тийм эрсдэлийг мэргэжлийн газарт нь шилжүүлж, гэнэтийн санхүүгийн хүндрэлээс байгууллагаа хамгаалж болдог. Түүнийг байгууллагын даатгал гээд байгаа юм. 

- Хариуцлагын даатгал гэдэг дээр жишээ аваад тайлбарлаад өгөхгүй юу?

Жишээлбэл, ажилтан нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барах эсвэл хөдөлмөрийн чадвараа алдах юм бол хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд зааснаар байгууллага нь ажилтан, эсвэл түүний гэр бүлд 36 сар(хүртэл) цалинтай нь тэнцэх нөхөн олговор олгох хуулийн үүрэг хүлээдэг. Энэ үүрэг хариуцлагаа даатгалын компанид шилжүүлж болдог. Үүнийг “Ажил олгогчийн хариуцлагын даатгал” гэдэг.

Үүнээс гадна бусдын өмнө хүлээх хариуцлагаа “Байгууллагын хариуцлагын даатгал” гэдэг үйлчилгээ сонгоод даатгуулж болно. Тухайлбал үйлчлүүлэгч танай шалан дээр хальтарч унаад хөл, гараа гэмтээх, эсвэл барьж байсан барилгаас нь юм унаж бусдын машин эвдэж, сүйтгэх, хүний амь нас эрүүл мэндийг хохироох, түрээсэлж суудаг оффистоо төдийгүй бусад түрээслэгч нарт гал түймэр, ус чийгээс улбаалсан хохирол учруулах зэрэг аюулын үед энэ даатгал танай өмнөөс хохирол барагдуулна гэсэн үг юм.

Мөн удирдах ажилтны хариуцлагын даатгал, бүтээгдэхүүний хариуцлагын даатгал, түрээслэгчийн хариуцлагын даатгал, тээвэрлэгчийн хариуцлагын даатгал, сайн дурын жолоочийн хариуцлагын даатгал, мэргэжлийн хариуцлагын даатгал гэх мэт даатгалууд байдаг. 

Бичлэг үзэх:


- За тэгвэл хөрөнгийн даатгалын жишээгээр яриагаа үргэлжлүүлэх үү?

Байгууллагын хөрөнгө гэдэгт үл хөдлөх хөрөнгө, автомашин, тусгай зориулалтын машин механизм, техник тоног төхөөрөмж, бараа материал, ачаа тээш зэргийг ойлгож болно. Жишээлбэл танай Peak-ийн хувьд энэ камер, компьютер, дагалдах хэрэгслүүд маш үнэ цэнтэй шүү дээ. Тэгэхээр танайх эдгээр тоног төхөөрөмжөө даатгуулчихвал гэнэтийн эрсдэл гарахад хохирол бага амсана гэсэн үг. 

ОБЕГ-ын мэдээллээр 2022 онд 3000 объектэд гал түймэр гарсан байна. Хамгийн ойрын жишээ татахад өнгөрсөн зун Сэлбэ голын үерийн улмаас маш олон орон сууц, бизнесийн үл хөдлөх хөрөнгүүд усанд автсан. Оффисын барилга л гэхэд өчнөөн олон түрээслэгчтэй байгаа шүү дээ. Тэгвэл гал түймэр, үер уснаас үүссэн асуудлаа шийдвэрлэж бизнесээ хэвийн байдалд нь оруулахад багагүй хугацаа шаардагдаж, бизнес нь тасалдахад хүрнэ. Өөрөөр хэлбэл түрээсэлж сууж буй харилцагч нар нь ч хохирч, түрээсийн төлбөр төлөхөөс зайлсхийж, бизнесийн ашиг орлогоо алдах, дээрээс нь нүүлгэн шилжүүлэлт, шинэ тоног төхөөрөмж сэлбэг худалдан авах, засвар үйлчилгээ хийх, цэвэрлэгээ ариутгал гэх мэт тооцоолоогүй гэнэтийн зардлууд гарах гэх зэрэг сөрөг үр дагавар их.

Тэгэхээр байгууллагууд үл хөдлөх хөрөнгөө даатгуулахаас гадна манайхаас нэмэлтээр санал болгодог бизнес тасалдлын даатгалыг авч болно. Ингэснээр гал түймэр, үер усны аюулаас болоод бизнес нь тасалдахад тухайн хугацаанд алдаж байгаа ашгаа даатгалын компаниар төлүүлэх нөхцөл бүрдэх юм. 

Сарын 30 сая төгрөгийн ашигтай ажилладаг байгууллага байна гэж бодъё. Тэгвэл нэг өдрийн ашиг нь нэг сая төгрөг. Гал гарсны улмаас 14 хоног бизнес нь тасалдлаа гэж бодоход тухайн хугацааны ашиг 14 сая төгрөгөө даатгалын компаниас гаргуулж авна аа л гэсэн үг.

Хөрөнгийн даатгал хийхээс өмнө манай компани эхлээд танай байгууллагын ажлын байр, үл хөдлөх хөрөнгийн болзошгүй аюул эрсдэлийн түвшин ямар байгаад үнэлэлт, дүгнэлтийг үнэ төлбөргүй хийж өгдөг. Ингэснээр даатгалын гэрээний нөхцөл, хамгаалалт, төлөх хураамж зэрэг нь илүү тодорхой болдог. Эрсдэл бага байх тусмаа таны төлөх хураамж бага байдаг. 

- Гурав дахь төрлийн даатгал нь хүн амь нас, эрүүл мэндийн даатгал гэсэн бил үү?

Тиймээ, Байгууллагын хувьд ажилтнууд нь хамгийн үнэт капиталдаа ордог шүү дээ. Тэгэхээр ажилтнуудын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учрах нь байгууллагад санхүүгийн хүндрэлийг дагуулдаг.

Тиймээс манай компани байгууллагуудад зориулан Ажилтны гэнэтийн ослын даатгал, Ажилтны эрүүл мэндийн даатгал, Олон улсын эрүүл мэндийн даатгал, Гадаадад зорчигчийн амь нас, эрүүл мэндийн даатгал зэргийг санал болгодог.

Гэнэтийн ослын даатгал нь ажилтан ажлын байрандаа болон ажлын бус цагаар гэнэтийн эрсдэлд өртөж эмчилгээ хийлгэх шаардлага гарвал эмнэлэг эмчилгээ болон эм тарианы төлбөрийг нь төлөх, хэрэв хөдөлмөрийн чадвараа, амь насаа алдвал даатгалын компаниас мөнгөн төлбөр олгох нөхцөлтэй даатгал юм.

Харин эрүүл мэндийн даатгал нь өвчлөлийн улмаас эмнэлэгийн үйлчилгээ авах үед зохих нөхөн төлбөр олгох нөхцөлтэй. Зарим байгууллага энэ даатгалд ажилтнуудаа хамруулаад зогсохгүй ажилтныхаа гэр бүлийн гишүүдэд нь хөнгөлөлттэй даатгуулах нөхцөлийг бүрдүүлж өгдөг.

Манай Гадаадад зорчигчийн амь нас, эрүүл мэндийн даатгал нь олон улсын давхар даатгалтай, $50,000-н хамгаалалттай, Шенген болон бусад визний шаардлага өндөртэй орнуудын шаардлагыг бүрэн хангадаг учраас томоохон байгууллагууд гадаадад томилолтоор явж буй ажилтнуудаа манайхаар даатгуулдаг.

2.6 тэрбум төгрөгийг ажлын гурван өдрийн дотор олгож байсан

- Тэгэхээр даатгуулчихвал ер нь аливаа эрсдэлээс хамгаалагдчихна гэж ойлгох нь зөв үү, буруу юу?

- Даатгуулж болох эрсдэл, даатгахгүй эрсдэл гэж хоёр янз байна. Даатгуулж болох эрсдэл нь урьдчилж харах боломжгүй, гэнэтийн шинж чанартай байдаг бол даатгахгүй эрсдэлд урьдчилж мэдэх боломжтой, тохиолдох нь тодорхой эрсдэл ордог. 

Жишээлбэл жолооч согтуугаар машинаа жолоодвол осолд орох, харсаар байж үерлэсэн гол руу орвол машинаа эвдэх өндөр магадлалтай учраас ийм эрсдэлийг даатгадаггүй. Үерийн аман дээр барьсан барилга, байшин үерт автах нь тодорхой тул түүнийг даатгахгүй. Стандарт нормыг зөрчиж барьсан барилга нурах магадлалтай тул даатгахгүй. Өөрөөр хэлбэл урьдчилж мэдэх боломжтой эрсдэл гэсэн үг. Харин дүрмээрээ явж байтал хэн нэгэн таны машиныг мөргөж хохироовол машины даатгал үйлчилнэ. Машины даатгалтай бол шүү дээ. 

- Манай байгууллагуудад ийм төрлийн гэнэтийн эрсдэл гарах тохиолдол хэр их байдаг вэ?

- Монгол улс эрсдэлийн түвшин өндөртэйд ордог. Цаг уурын өөрчлөлттэй холбоотой үер ус, мөндөр, цасан болон шороон шуурганы эрсдэл жилээс жилд нэмэгдэж байна. Нийслэлийн авто замын нягтралаас шалтгаалсан зам тээврийн эрсдэлийн тоо давтамж нэмэгдсээр байна. Хүн амын нас баралтын шалтгаануудыг зүрх судасны өвчлөл, хорт хавдар тэргүүлж, түүний араас гэмт хэрэг гэнэтийн ослын эрсдэлүүд орж байна. Дээр хэлсэнчлэн 2022 онд л гэхэд 3000 объектод гал түймэр гарсан байна.

3000 гэдэг чинь их тоо шүү дээ. 365 хоногт хуваагаад үзэхэд өдөрт 8 гал гарчээ дээ.

Ажилтнууд нь орой явахдаа компьютерээ унтраалгүй орхидог, принтерээ асаалттай үлдээдэг, эсвэл цахилгаан хэрэгслээ шалгахгүйгээр гараад явдаг бол тэр  байгууллагад гал түймэр гарах эрсдэл байна л гэсэн үг. Байгууллагуудад хөрөнгийн эрсдэлийн үнэлгээ хийж өгөх, даатгалын үйлчилгээгээ санал болгох нь манай даатгалын менежерүүдийн хийдэг ажил. Харамсалтай нь зарим байгууллагууд эрсдэлд хайнга хандаж, ач холбогдол өгөхгүй явсаар л байдаг. Миний санаж байгаагаар гурван жил тасралтгүй санал тавиад даатгал аваагүй нэг байгууллага өнгөрсөн зун үеэрт автсан, нэг байгууллага нь намар гал түймрийн эрсдэлд өртсөнийхөө дараа даатгуулъя гэж манайд хандсан. Өмнө нь эрсдэл тохиолдоогүй гэдэг нь ирээдүйд тохиолдохгүй гэсэн үг биш. Хэнд ч, хэзээ ч тохиолдож болзошгүй учраас эрсдэл бол сохор гэж ярьдаг.

- Даатгалтай байгууллагад ийм гэнэтийн эрсдэлд орвол их хэмжээний нөхөн төлбөр гарах нь тодорхой. Даатгалын компани тэр их мөнгийг яаж нөхөн төлдөг юм бэ?

- Байгууллагад учирсан хохирлын дүн, хэмжээ асар томоор яригддаг. Тийм учраас томоохон байгууллагуудын эрсдэлийг бид Олон улсын давхар даатгалын компаниудад давхар даатгуулдаг. 

Тэнгэр даатгал 2017 онд харилцагч байгууллагад гал гарсны улмаас учирсан хохиролд нь 2.6 тэрбум төгрөгийг ажлын гурван өдрийн дотор олгож байсан.

Манай бас нэг харилцагч байгууллага "Байгууллагын хариуцлагын даатгал"-тай байсан. Тэр байгууллага үйл ажиллагаа явуулж байгаад бусдад хохирол учруулвал хохирлыг нь Тэнгэр даатгал төлөх нөхцөлтэй гэсэн үг. Тэгээд яасан гэхээр цахилгааны улмаас гал гараад түрээслүүлж байсан байгууллагын объектийг шатаасан. Даатгалгүй бол нэг тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулна гэдэг тухайн байгууллагад ямар хэмжээний гэнэтийн цохилт болох нь ойлгомжтой шүү дээ. Даатгалаар хамгаалсан эрсдэл мөн байсан тул учруулсан хохирол болох 1 тэрбум төгрөгийг манайх давхар даатгалаараа олгож байсан.

Ийм гэнэтийн хүнд цохилтод орох уу, даатгуулах уу гэдэг сонголт байгууллагын эзэд, гүйцэтгэх удирдлагын гарт бий.

- Хэрэв даатгуулаагүй байсан бол яах вэ?

- Даатгуулаагүй байсан бол нэг тэрбум төгрөгийн гэнэтийн зардал, алдагдал хүлээнэ л гэсэн үг. Тэр нь тухайн байгууллагын хэдэн жилийнх нь хөдөлмөртэй тэнцэх вэ гэдгийг хэлж мэдэхгүй. Түүнээс гадна нэг тэрбум төгрөгийн хохирлыг шууд барагдуулах боломжтой байгууллага ховор. Хохирчихсон байгууллага мөнгөө нэхнэ. Магадгүй шүүх, цагдаагийн сунжирсан процесс хэдэн жилээр үргэлжилнэ.

Хохирлоо барагдуулахгүй бол бизнесийн обьектоо засаж чадахгүй, бусад түрээслүүлэгчид ажлын байргүй болох, олон хүмүүс ажил орлогогүй болох гэх мэтээр бизнесийн хувьд ямар хор хөнөөлтэй, төвөгтэй байдал үүсгэх вэ гэдэг нь хэнд ч төсөөлөгдөнө шүү дээ.

Харин даатгуулснаар хохирлыг шуурхай барагдуулж, бизнесээ богино хугацаанд хэвийн байдалд нь оруулах боломжтой болно. Тэгэхээр даатгал авч байгаа байгууллага өөрийгөө төдийгүй түрээслүүлэгчийг, бусад түрээслэгч хөрш байгууллагуудыг эрсдэлээс хамгаалж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл байгууллага бүр даатгалын үйлчилгээ авснаар бизнесийн бүх оролцогчид, түншүүд, түүгээр хязгаарлагдахгүйгээр нийгмээ тэр чигээр нь эрсдэлээс хамгаалах нөхцөл бүрдэнэ гэж хардаг.

Баримт, нотолгоогүй нөхөн төлбөр олговол гэмт хэрэг хийж байна гэсэн үг.

- Нөгөө талаас даатгалын компаниуд хураамж авчихаад нөхөн төлбөр олгох болохоороо элдэв шалтаг тоочоод өгдөггүй гэх шүүмжлэл байдаг. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

- Маш энгийн болгож тайлбарлавал даатгалын компани даатгуулагчдынхаа өмнө хоёр үндсэн үүрэг хүлээдэг. Эхнийх нь даатгуулагч нөхөн төлбөр авъя аа гээд хандахад нь даатгалын гэрээнд заасан эрсдэл мөн үү, биш үү гэдгийг шалгаад баримтаар нотлогдож байвал нөхөн төлбөр олгох үүрэг хүлээж байгаа юм. Хоёр дахь нь даатгалын гэрээнд заасан эрсдэл гэдэг нь баримтаар нотлогдохгүй эсхүл хуурамч материал бүрдүүлсэн байвал нөхөн төлбөр олгохгүй байх үүрэг хүлээдэг. 

Даатгалын компани нөхөн төлбөр олгосонгүй, олгохоос татгалзлаа, ингээд луйвардаад байна, миний эрх ашгийг зөрчөөд байна гэж шүүмжлэх хүн байдаг. Гэвч тэд гэрээгээ уншаагүй, ойлгоогүй, даатгалын гэрээгээр хамгаалаагүй эрсдэл үүсчихсэн байхад мөнгө авна гэдэг. Хоёрт, хуурамч бичиг баримт бүрдүүлж, нөхөн төлбөр авах оролдлого хийх хүн байдаг. Хэрэв ийм хүмүүст нөхөн төлбөр олгох юм бол даатгалын компани олон мянган даатгуулагчдынхаа өмнө гэмт хэрэг хийж байна аа гэсэн үг. Иймээс даатгалын компани даатгуулагчдынхаа өмнө хүлээсэн үүргийн дагуу, тэдний эрх ашгийн төлөө нөхөн төлбөр олгохдоо нухацтай, хянуур ханддаг.

Жишээ авъя л даа. 20 хүүхэдтэй оюутны анги байна гэж бодъё. Бүгдээрээ 10, 10 мянган төгрөг нийлүүлээд ангийнхаа хэн нэгэнд туслах хэрэг гарвал ашиглах зорилготой хуримтлалын сан байгуулчихъя. Тэгээд 200 мянган төгрөгөө ангийн даргадаа хадгалуулчихъя. Ангийн дарга тэр мөнгийг банкны хадгаламжид хийгээд найдвартай хадгалах үүрэгтэй. Нэг өдөр Цэцгээгийн ар гэрт гачигдал гарчээ.Хэрэв үнэн бол ангийн дарга нөгөө мөнгөнөөсөө 50 мянган төгрөг Цэцгээд өгнө. Гэтэл Бат манай эмээ нас барчихлаа гээд худлаа яриад иржээ. Тэгвэл Батад мөнгө өгөх ёстой юу? Болохгүй шүү дээ. Хэрэв ангийн дарга шалгахгүйгээр Батын хэлсний дагуу мөнгө өгчихвөл ангийнхаа 20 хүүхдийн өмнө гэм хийж, итгэлийг нь хөсөрдүүлж байна л гэсэн үг.

Даатгал бол яг л үүнтэй адил юм. Өөрөөр хэлбэл манайд итгэж даатгалын хураамж төлсөн мянга мянган харилцагчийнхаа мөнгөнд нүдний цөцгий мэт хандаж, даатгалын гэрээнд юу гэж заасан байна түүний дагуу л нөхөн төлбөрт ханддаг.

-Тэгвэл Тэнгэр даатгал нөхөн төлбөрийн хүсэлтийг хэр хурдан хугацаанд шийдвэрлэдэг вэ?

- Манайх 2023 онд нийт нөхөн төлбөрийн 97 хувийг ажлын гурав хоногт шийдсэн. Нийт нөхөн төлбөрийн 21%-ийг өдөрт нь, 80%-ийг цахимаар материалаа хүлээн авч шийдэн харилцагчийнхаа цаг завыг хэмнэсэн байна. Даатгалын үйлчилгээ авсныхаа үр шимийг нь олон мянган даатгуулагчид хүртэж байна. Нөхөн төлбөр олгодоггүй маш цөөн тохиолдол байдаг ба тэр нь дээр хэлсэн нийтлэг шалтгаантай байдаг. 

Санхүүгийн зохицуулах хорооны тайлангаас харахад 2022 онд даатгалын секторт нийт 1.3 гаруй сая даатгалын гэрээ хийгдсэн байна.  Үүнээс 93,400 гэрээнд нь нөхөн төлбөр олгосон байна. Тэгэхээр нийт даатгалын гэрээний долоон хувьд нь эрсдэл тохиолджээ.

Нөхөн төлбөр авсан 90 гаруй мянган гэрээг задлаад харвал жолоочийн даатгалаар 35.5 мянга, гэнэтийн осол эмчилгээний даатгалаар 32.2 мянга, машины даатгалаар 21.2 мянган даатгуулагч нөхөн төлбөр авсан нь дийлэнхийг нь бүрдүүлжээ. Даатгал авсан байгууллага, хувь хүмүүс хохирлоо даатгалаар төлүүлж байгаа бол даатгалгүй хүмүүс гэнэтийн зардлаа өөрсдийн нуруундаа үүрээд л явж байгаа шүү дээ.

Нээрэн эрсдэл хэнд ч, хаана ч учирч болох юм байна, даатгал хэрэгтэй юм байна гэдгийг мэдээд байгаа мөртлөө хатуухан хэлэхэд сүх далайтал үхэр амар гэдэг шиг эрсдэл надаас холуур өнгөрнө гээд гүндүүгүй суугаад байж болохгүй цаг үе ирчихээд байна л даа. 

Монголчууд бид бүгдээрээ даатгалын ойлголт, хэрэглээгээ нэмэгдүүлэх шаардлага улам л нэмэгдсээр байна. Статистик харвал Улаанбаатар хотод автомашин жолооддог хүн бүр таван жилд нэг удаа их, бага хэмжээний эрсдэл тохиож, хохирол амсдаг болох нь тодорхой байна. Зарим хүн олон жил даатгууллаа, ерөөсөө хэрэг нь гарсангүй гэж ярих нь бий. Эрсдэл гараагүй бол сайн хэрэг шүү дээ. Тэр чинь хүсэх юм биш. Таны даатгалд төлсөн хураамж эрсдэлд орсон хэн нэгэнд нөхөн төлбөр болж очсон байгаа. Тиймээс даатгалаар дамжуулан бусдад тусалж, сайн үйл хийсэн өөрөөрөө бахарх. Тэгээд ирээдүйд юу болохыг хэн ч эс мэдэх тул даатгалаа үргэлжлүүлээд л хийх хэрэгтэй. Бусад даатгуулагчдын төлсөн хураамж танд нөхөн төлбөр болж ирэх өдөр ирж ч болно шүү дээ.

- Байгууллагууд ер нь даатгалд хэр их хамрагддаг вэ?

- Манай топ аж ахуйн нэгжүүд болон гадны хөрөнгө оруулалттай компаниуд, төлөөлөгчийн газрууд даатгалын үйлчилгээг тогтмол авдаг. Харин жижиг, дунд аж ахуйн нэгжүүд эрсдэл ба даатгалд хойрго ханддаг. Санхүүгийн зохицуулах хорооны тайлангаас харахад 2022 онд хийгдсэн 1.3 сая даатгалын гэрээний 147.8 мянга нь байгууллагуудын, үлдсэн 1.2 сая нь хувь хүмүүсийн даатгал байна.

Байгууллагуудын авсан даатгалыг гэрээний тоогоор нь задлаад үзвэл дийлэнх нь Жолоочийн хариуцлага болон автомашины даатгал байдаг. Түүний дараа ажилтнуудын гэнэтийн ослын даатгал, эрүүл мэндийн даатгал, үл хөдлөх хөрөнгө, хариуцлагын даатгал гэсэн дараалалтай байна. Байгууллагууд дараа жилийн үйл ажиллагааны зардлын төсвөө оны сүүлээр баталдаг шүү дээ. Томоохон аж ахуйн нэгжүүд бол даатгалын зардал мөнгөө төсөвлөөд даатгалын үйлчилгээгээ аваад явдаг. Харин жижиг дунд үйлдвэр эрхлэгчид оны төсөвтөө даатгалын зардал тусгаж өгөх нь ховор, эрсдэл ба даатгалын үйлчилгээг ойшоодоггүй, анхаардаггүй дүр зураг ажиглагдаж байна.

Давхар даатгалтай эсэхийг нь заавал шалгах хэрэгтэй

- Даатгалын компани сонгохдоо юунд анхаарах ёстой вэ? Эсвэл даатгуулж л байвал ямар компани байх нь ялгаагүй юу?

- Ер нь байгууллагууд даатгал авахдаа гаргадаг зарим нэг түгээмэл алдаа байна л даа. Байгууллагын эзэн, гүйцэтгэх удирдлага мэдээж цаг завгүй улсууд байдаг. Тэгээд даатгалын асуудлыг нэг мэргэжилтэн ч юм уу, ажлын хэсэгт даалгаад эрсдэлээ үнэлж, дүгнэ. Шаардлагатай бол даатгал авах даалгавар өгдөг. Гэтэл хариуцсан хүн нь тухайн даатгалын компанийн санхүүгийн чадавх, СЗХ-ны шаардлага хангасан давхар даатгалтай эсэх зэрэг нарийн үзүүлэлтийг харахаасаа илүү хамгийн хямдхан хураамжтай даатгалыг сонгох хандлага байдаг. Тэгэхээр танай байгууллагад томоохон дүнтэй хохирол гарвал түүнийгээ барагдуулж чадах уу гэдэг нь асуултын тэмдэг болж үлдэнэ гэсэн үг. 

Иймээс нэгдүгээрт, байгууллага их хэмжээний үнэлгээ бүхий хөрөнгө, хариуцлага, ажилтнуудынхаа амь насыг даатгуулах гэж байгаа учраас тухайн даатгалын компани нь санхүүгийн хувьд чадавхтай юу, Санхүүгийн зохицуулах хорооноос тавьдаг зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж байна уу гэдгийг нь харах хэрэгтэй. Хоёрдугаарт, цаанаа давхар даатгалтай эсэх, тэр давхар даатгал нь үнэхээр нэр хүнд бүхий өндөр үнэлгээтэй байгууллага мөн үү гэдгийг заавал шалгаж байх хэрэгтэй. Өндөр хэмжээний хохирол гарсан тохиолдолд давхар даатгалаар л төлүүлнэ шүү дээ.

- Өнөөгийн манай жижиг дунд бизнес эрхлэгчид санхүүгийн хувьд тийм ч хүчирхэг биш. Дөнгөж хөл дээрээ зогсох гээд, зээлээс зээлийн хооронд явж байгаа нь олон. Даатгалын хураамж хэр үнэтэй вэ? 

- Жишээ авъя л даа. 10 ажилтантай жижиг дунд бизнесийн нийт хөрөнгийн үнэлгээ нэг тэрбум гэж бодъё. Тэгвэл даатгалд хэр их хэмжээний мөнгө зарцуулах вэ? 

Үл хөдлөх хөрөнгийн даатгалын хураамж нь дунджаар 0.1-0.3% гэж бодохоор багадаа нэг сая төгрөг болно. Байгууллагууд ажилтнуудаа ихэвчлэн 10 сая төгрөгөөр үнэлж гэнэтийн ослын даатгал авдаг. Арван ажилтны гэнэтийн ослын даатгалын хураамж нь 100 мянгаар тооцоход нийтдээ нэг сая төгрөг болно. Дээр ярьсанчлан бусдын өмнө хүлээх Байгууллагын хариуцлагын даатгалын хураамжийг 500 мянган төгрөг гэж баримжаалъя. Дээр нь нэмээд машины болон жолоочийн даатгал гээд тооцоход үсрээд л хоёроос гурван сая төгрөгөөр даатгалаа авчихаад бүтэн жил санаа амар байж болно.

Эрсдэл гэдэг сохор

- Тэнгэр даатгал эрсдэлийн удирдлагаар тэргүүлэгч байгууллага. Эрсдэлийн үнэлгээ хийлгэх гэж байгаа байгууллагуудад юу гэж зөвлөх вэ?

- Томоохон компаниуд өөрийн гэсэн оффистой байдаг. Харин жижиг дунд бизнес эрхлэгчид ихэвчлэн нэг оффист олуулаа үйл ажиллагаа явуулдаг. Ихэнх байгууллагууд манайд ийм эрсдэл гарч байгаагүй, даатгалын үйлчилгээ хэрэггүй ээ гэж боддог. Гэтэл танайх эрсдэлээ сайн удирдаад явж байтал хөрш байгууллага юмуу, нэг давхарын ресторанд чинь гал гарч болзошгүй. Ийм тохиолдолд нэг нь даатгуулсан ч бусдын буруугаас хөршүүд нь эрсдэлд орох нь байна шүү дээ. Тийм болохоор түрээслүүлэгчдээ болон хөршүүддээ эрсдэлээс урдчилан сэргийлэх, эрсдэлээ бууруулах, даатгуулах зэрэг шаардлага тавих хэрэгтэй. 

Тэнгэр даатгал нь ямар нэгэн үнэ төлбөргүйгээр танай байгууллага дээр очоод эрсдэлийн үнэлгээ хийгээд өгье өө гэдэг санал тавьдаг. Эрсдэлийн үнэлгээнд галын аюул, үер ус чийгийн аюул, ХАБ-ын үйл ажиллагаа, ажлын байрны эрүүл ахуй зэргийг багтаана. Мэргэжлийн багийн үнэлгээ гарч ирэнгүүт танайд ийм ийм эрсдэл байна, үүнийгээ засчихаарай гээд тайлан гаргаад өгчихнө. Тэр тайланд үндэслээд тухайн байгууллага илэрсэн эрсдэлүүдээ арилгачихаж болно. Тэгвэл тэр байгууллагын төлөх даатгалын хураамж нь хамаагүй бага болно. Яагаад гэвэл тэр байгууллагад гал гарах магадлал, ажилчид нь бэртэж гэмтэх эрсдэл нь буурсан учраас.

Зарим байгууллага ямар нэгэн мэдээлэл өгөхгүй, зүгээр даатгалын санал сонсъё. Танайх хураамж, нөхцөлөө хэл гэдэг. Бод доо. Ямар эрсдэл агуулсан, ямар хөрөнгө даатгахаа мэдэхгүйгээр яаж тухайн байгууллагад яг ямар тохирсон нөхцөл санал болгож болох вэ? Юу даатгахаа мэдэхгүйгээр даатгал хийх боломжгүй шүү дээ. Тийм болохоор бид даатгах зүйлээ, түүний цаана ямар эрсдэл байна вэ гэдгээ зайлшгүй мэдэх хэрэгтэй байдаг. Байгууллагууд өөрийн онцлогт тохирсон хамгийн сайн даатгалын нөхцөл, хураамж агуулсан санал авахын тулд боломжит мэдээллээ өгөхөд бид маш шуурхай хариу өгч чаддаг. Бид өөрсдийгөө байгууллагуудын эрсдэлийн менежер гэж нэрлэдэг. Хамтарч ажиллаад эрсдэл гарсан хойно нь биш аль болох эрсдэл гаргахгүй байх нь бидний гол зорилго.

- Та ярилцлагынхаа төгсгөлд даатгал хийлгэдэггүй аж ахуйн нэгжүүдэд хандаж юу хэлэх вэ?

- Эрсдэл гэдэг зүйл сохор. Хэнд ч, хэзээ ч, хаана ч тохиолдож болзошгүй.

Байгууллагууд гэнэтийн зүйлээс болоод санхүүгийн хүнд цохилтод ордог. Үүнээс гарах гарц нь хүн төрөлхтөн та бидний олж нээсэн даатгал гэдэг үйлчилгээ юм. Хүн бүр, байгууллага бүр өөрт учирч болзошгүй эрсдэлээ даатгуулчихъя. Тэгвэл хангалттай хэмжээний нөөц сан бүрдэх ба эрсдэлээс нийгмээрээ хамтдаа хамгаалж чадна гэсэн үг.

Монголын даатгалын салбарын орлого ДНБ-ий 0.6 хувьтай тэнцэж байна. Олон улсын жишгээр бол тухай улсынхаа ДНБ-ий 7-8 хувьтай тэнцэж байна.

Байгууллага бүр шинэ жилээ тэмдэглэдэг. Хавар, намрын аялал зугаалга зохион байгуулдаг. Яг үүнтэй адилаар тодорхой хэмжээний зардал төсөвлөөд эд хөрөнгө, хариуцлага болон ажилтнуудаа даатгаж хэвших хэрэгтэй байна. Ингэж чадвал аливаа эрсдэл тохиолдоход нийтээрээ хохирол багатай даван туулж чаддаг хэмжээнд очихыг мөрөөдөж, зорьдог доо. 

- Ярилцсанд баярлалаа.