Манай улсад сүүлийн 24 цагт 109 хүнээс коронавирус илэрч, нийт бүртгэгдсэн тохиолдол 3481 боллоо. 

Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод шинээр илрэх халдварын тоо ихсэж, олон хүнийг хамарсан томоохон голомтууд бүртгэгдлээ.

Эрүүл мэндийн ажилтнуудын дундах өвчлөл нэмэгдэж байна. Төв, Завхан зэрэг аймагт халдвар шинээр бүтгэгдэж, орон нутаг руу халдвар голомтлон гарч байна. Түүнчлэн халдвараар өвдөн эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн биеийн байдал хүндэрч, нэн хүнд хүний тоо нэмэгдэж, нас баралт бүртгэгдэж байна. Ер нь халдварын тархалтыг илэрхийлдэг тоон үзүүлэлтүүд бүгд өсөж байна. 

Тиймээс дараах 3 зүйлийг онцгойлон анхааруулъя.

1. Голомт гэдэг үгэнд хэвлэл мэдээлэл болон иргэд битгий их анхаарал хандуул. Халдварын тархалт бага байх үед голомт гэж ярина. Одоо бол Улаанбаатар хотод халдвар авах эрсдэлгүй нэг ч дүүрэг, хороо, байр, гудамж байхгүй. Иймд Улаанбаатар хотыг бүхэлд нь нэг голомт гэж үзэж болно. 

2. Халдвар дамжих хамгийн гол зам бол агаар дуслын зам. Үүнээс сэргийлэх нэг арга нь агаар сэлгэлт. Цаг агаар дулаарч байгаа энэ үед агаар сэлгэлтийг маш сайн хийх хэрэгтэй. Цаг тутамд цонхоо онгойлгох шаардлагатай. Ялангуяа нэг өрөөнд олуулаа суудаг болон олон хүн хүлээн авдаг бол үүнд түлхүү анхаарах хэрэгтэй.

3. Халдварийн сэжиг илэрсэн болон хавьтал болсон гэж үзэж буй хүмүүс шинжилгээний хариу гартал ажлын байр, машиндаа өөрийгөө тусгаарлах явдал гарч байна. Ингэх шаардлага огт байхгүй. ХӨСҮТ болон Нийслэлийн эрүүл мэндийн газраас хавьтал судлалын баг очиж, шаардлагатай шинжилгээ авч, зөвлөгөө өгөх хүртэл та бүхэн амны хаалтаа 2 давхарлан зүүж, гэртээ очин өөрийгөө тусгаарлах шаардлагатай. 

Одоо иргэд бид хариуцлагатай байх цаг үе ирж байна. Тиймээс та бүхэн халдвараас сэргийлэх, бусдад дамжуулах байх талаар өөрсдөөс хамаарах бүхий л аргыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Амны хаалтаа зүү, хүн хоорондын зай барь, гараа угаа, агаар сэлгэлт хий" хэмээлээ.