УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Ардчилсан нам Засгийн газрын үйл ажиллагаа хангалтгүй байна гэж үзэн бүх нийтийн эсэргүүцлийн жагсаалыг өнөөдөр төв талбайд зохион байгуулж буй. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын гишүүд чуулганы нээлтэд оролцож, АН-ын гишүүд зайлшгүй байлцах шаардлагатай өнөөдөр хэлэлцэх зарим асуудлыг хойшлуулж өгөх хүсэлт тавилаа.

Үүний дараа УИХ-ын гишүүн Ж.Батзандан "АН-ын гишүүд сөрөг хүчин гэж урдаа цаас тавиад сууж байна. Жагсаал болох гэж буй юм байна. Энэ нөхдийнхөө аюулгүй байдалд УИХ, Засгийн газар анхаарал тавьж өгөөрэй. Дараа нь үймээн самуун болбол эрх баригчид, Засгийн газраас боллоо гэж хэл ам гарна шүү" хэмээлээ.

УИХ дахь АН-ын гишүүд чуулганы танхим дахь ширээн дээрээ "ЖДҮ-ийн хулгайгаа шалга", "МАН ард иргэддээ амласан амлалтаа хэзээ биелүүлэх вэ", "Авлигатай, аллагатай, хулгайтай поп Засгийн газар" гэсэн үгтэй лоозонгууд байршуулжээ.