УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар АТГ-ын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "АТГ-ын төсвийг нэмэгдүүлэх асуудал орж ирж байгаа. Байнгын хорооны хуралдаан дээр асуухад одоо байгаа батлагдсан төсвийнхөө хүрээнд орон тоогоо нэмэгдүүлж байна. Төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэсэн хариулт өгсөн. Тэгэхээр дараа оны төсөв дээр нэмэгдээд явах нь тодорхой. Бүтэц, бүрэлдэхүүнийг харлаа. Нэлээд сайжирсан, боловсорсон бүтэц байна гэж ойлгосон. 

Өнөөдөр АТГ-ын асуудлыг ярьж буй хүрээнд АТГ-ын удирдлагуудад хоёр зүйлийг хэлье.

УИХ-ын 5 гишүүн Улсын Ерөнхий прокурорт 20 гаруй томоохон хэрэг шалгуулахаар хүсэлт 2 сарын өмнө явуулсан. Тэр хэргүүдийн ихэнх нь төрийн өндөр албан тушаалтнуудын үйлдсэн гэмт хэргүүд байгаа. Эдгээрийг мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж, прокурор, шүүх рүү явуулах зайлшгүй шаардлагатай байна. Бид АТГ-ын ажлыг харж байгаа. 

Мөн сүүлийн үед дипломат алба, ГХЯ, Тагнуулынхны гадаадад үйлдсэн гэмт хэргийн асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа. Польшид очоод тамхины наймаа хийдэг байсан нөхдүүд одоо европын холбоо болон дэлхийн бусад орон руу хар тамхины наймаа хийдэг болсон тухай мэдээллүүд өдөр бүр бидэнд ирж байгаа. Төрийн албаны дипломат паспорт хэрэглэж байгаа нөхдүүд зөвхөн тухайн орны хуулиар хариуцлага хүлээнэ, МУ-ын хуль үйлчлэхгүй гэдэг бодлогыг эргэж харах хэрэгтэй байна. Тэд МУ-ын хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой. Төрийн албаны тухай хуулиар хариуцлагын асуудлыг ярих ёстой. Монгол Улсын төрийн далбаатай машинд хар тамхи тээвэрлэж явсан хэргийг Монголын хуулиар давхар шийтгэх ёстой гэдгийг анхаарахыг хүсэж байна" хэмээлээ.

Чуулганы хуралдааныг дүрс бичлэгээр хүргэж байна.