Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр Чингэлтэй дүүрэгт хийж хэрэгжиж байгаа ажлын явцын талаар тус дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат мэдээлэл хийв.

8930 га газар нутагтай Чингэлтэй дүүрэгт 159 мянган хүн ам оршин суудгаас 80 хувь нь гэр хороололд, 20 хувь нь орон сууцанд амьдарч байна. 19 хороотой тус дүүрэгт Өрхийн эрүүл мэндийн 16 төв, хоёрдугаар шатлалын таван эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ор 152, мэс заслын тасаг 25 ор, хүүхдийн тасаг 75 ортойгоор үйл ажиллагаа явуулж, нийт 719 эмч эмнэлгийн ажилтан ажиллаж буй аж. 

Мэдээллийнхээ үеэр Засаг дарга Ж.Эрдэнэбат “Манай дүүрэгт сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт 11.386 хүүхэд хамрагдаж байгаа нь нийт хамрагдах ёстой хүүхдийн 75.5 хувь юм. Ерөнхий боловсролын сургуульд 25 544 хүүхэд суралцдаг.  5, 23, 24 дүгээр сургуулиуд гурван ээлжээр хичээллэж байна. 

Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 он хүртэл таван цэцэрлэгийн өртгөтгөл, дөрвөн цэцэрлэгийг буулгаж шинээр барих, хоёр цэцэрлэг шинээр ашиглалтад оруулах, хоёр хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогболбор барихаар төлөвлөсөн. Ерөнхий боловсролын сургуулиудын хувьд 5, 23, 24, 50 дугаар сургуулийн өргөтгөл баригдсанаар дүүргийн бүх сургууль хоёр ээлжээр хичээллэх боломж бүрдэнэ” хэмээн тодотгосон юм.

Мөн Чингэлтэй дүүрэгт Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн явц, үр дүнгийн талаар товч мэдээлэл хийж, цаашид зарим ажлыг урагшлуулахад газар чөлөөлөлт, дэд бүтэц гээд тулгамдаж буй зарим асуудлууд байгааг хотын Захирагчид уламжлав.

Танилцуулга, мэдээллийн дараа нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Дүүргүүдийн Засаг дарга нарын ажлын уялдаа холбоо муу байна. Чингэлтэй дүүргээс суралцах юм их бий. Хэн нэгнийхээ хийж хэрэгжүүлж байгаа ажил, төлөвлөлт, бүтээн байгуулалтаас цаашид суралцаж, хамтарч ажиллахыг хүсье” хэмээлээ.



Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс