Ж.Гүррагчаа: Монголчууд билгийн нүдээрээ аль эрт сансарт байсан улс гэж би ойлгодог

Д.Даваадулам
03 сарын 22, 2021

БНМАУ, ОХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Монголын сансрын нислэгийн багийн эмч, МУ-ын төрийн шагналт, хүний гавьяат эмч, академич Л.Лхагваа, Монголын сансрын нислэгийн багийн гишүүн, Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан, хурандаа С.Сайнцог нарын “Тэмүүлэл” ярилцлагын 2 дахь хэсэг. /Нэгдүгээр хэсгийг ЭНД дарж үзнэ үү/


Тус багийн гишүүн, МУ-ын гавьяат нисэгч агсан Д.Сүрэнхорлоо, сансрын нисэгч, хөдөлмөрийн баатар, шинжлэх ухааны гавьяат ажилтан М.Ганзориг нарын 1970-аад оны сүүлчээс эхэлсэн нөхөрлөлийн түүх нь Монголын сансрын нислэгийн үүх түүхийг яах аргагүй өгүүлдэг. Сансрын нисэгч М.Ганзоригийн бие тааруу байгаа учир “Тэмүүлэл” нэвтрүүлэгт оролцож чадаагүй юм.

- Яагаад заавал гуравдугаар сарын 22-ний өдрийг сонгож сансарт ниссэн юм бол?

Ж.Гүррагчаа: Тэгэхээс өөр аргагүй юм. Тэр байтугай Москвагийн цагаар цаг, минутыг нь хүртэл нарийн төлөвлөж байсан. 17 цаг 58 минут 59 секундэд хөөрсөн. Бид сансарт байгаа Владимир Ковалёнок ахлагчтай Салют-6-Т-4 сансрын станцтай холбогдох ёстой. Энэ холбогдох цаг хугацаа гэдэг бол хоёроос гурван сард нэг удаа тохирч байсан. Тийм учраас гуравдугаар сарын 22-ны өдрийг сонгож ниссэн юм. Өөрөөр хэлбэл, бид 22-нд нисээд сансрын станцтайгаа холбогдсон. Гуравдугаар сарын 23-нд хөөрсөн бол сансрын станцтайгаа холбогдож чадахгүй л гэсэн үг.

- Эх дэлхийгээс сансрын уудамд хөөрөх нь бэлтгэл сургуулилт хийж байснаас өөр байсан уу?

Ж. Гүррагчаа: Яг л бэлтгэл сургуулилт хийж байгаа юм шиг санагдсан. Сансрын гараанд гараад тойрог замд ортол газрын станцаас өгч байгаа үүрэг даалгаврууд л сонсогдоод байна. Сансрын тойрог замд орсны дараа Байконур орчимд байсан Салют-6 сансрын станцаас холбогдож байгаа юм.

Гэхдээ өөр зүйлүүд бас байлгүй яах вэ. Тухайлбал, жингүйдлийн талаар бэлтгэл сургуулилт хийж байсан ч сансарт бол шал өөр, амаргүй. Хүн жингүйдэж үзэх юмсан, бие хөнгөрөөд гоё байхдаа гэж ярьдаг. Тэгвэл жингүйднэ гэдэг цаанаа бас ярвигтай, дэгээтэй ажил.

- Дэгээтэй гэдэг нь?

- Тэнд дасахгүй, тэнцвэрийн ажиллагаа тааруухан хүн бол тэгсгээд ажиллах чадвараа алдана. Тэгээд хөдөлгөөнгүй болоод царай зүс нь хачин болоод нэг буланд сууж байхаас өөр аргагүй. Хүний зүрх ажилладгаараа ажиллана. Газрын татах хүч байхгүй учраас хамаг цусыг нь толгой руу шахаж орхино. Минчийсэн улаан юмнууд харагдана. Тийм нөхцөлд ажиллана, судалгаа тооцоонуудаа хийнэ, зураг авч газар дэлхий рүү дамжуулна.

- Өмнө нь биднийг танаас “хөлгийн цонхоор харахад ямар байсан бэ” гэхэд надад нийт зав байгаагүй гэж хариулж байсан? 

- Сансарт хөөрөх үед шөнө байсан. Ингээд миний хувьд сансрын уудмаас дэлхий ямар харагдах бол гэж их бодож, хоёр удаа цонх руу хялам хийхэд хөлгийн ахмад болохгүй, юу ч харагдахгүй гэж сануулсан. Монгол Улсаа харах юмсан, Улаанбаатар ямар харагдах бол гэж бодож байсан. Гэхдээ сансарт байгаа хүн нутаг орон, аймаг сум гэхээсээ илүү эх дэлхийн тухай их бодож явдаг юм болов уу гэж бодсон. Анхны үүрийн туяаг Номхон далай дээр харж байлаа.

- Сансрын уудмаас дэлхийг олж харсан анхны сэтгэгдэл ямар байсан бэ? “Уяхан замбуу тив” гэж монголчууд ямар гайхамшигтайгаар нэрлэж дуундаа мөнхөлсөн юм бэ гэж та гайхаж, ярьж байсан даа.

- Дэлхий яг л нэг нялх цэнхэр яргуй шиг харагдсан. Бөв бөөрөнхий, цэв цэнхэр. Ер нь дэлхийг сансрын уудмаас харсан монгол хүн “Уяхан замбуу тив” гэж уулга алдмаар тийм л байсан. Уяхан замбуу тив гэдэг бол монголчуудын ойлгож байгаагаар хорвоо дэлхий л гэсэн үг. Ингэж яруу онож хэлэх нь дэлхийг холоос харсан хүний сэтгэлд буух үг болов уу гэж боддог. Тийм учраас монголчууд бол билгийн нүдээрээ аль эрт сансарт байсан улс байна гэж ойлгодог.

- Сансарт нэг хоногт 17 удаа өдөр, шөнө солигддог гэж байгаа. Тийм нөхцөлд хэзээ нь унтаж, хэзээ нь ажлаа амжуулах вэ?

- Яг Москвагийн цагаар ажиллаж байсан. Өглөө 08:00 цагт босоод орой 22:00 цагт унтах байдлаар ажлаа зохицуулна. Хоол ундаа ч гэсэн тэр цагаараа идэж ууна. Яагаад өдөр, шөнө хурдан солигдоод байна вэ гэхээр дэлхийн наран талд явахаар өдөр, сүүдэр талд нь гарахаар шөнө болж таарна. Шөнө богино. Хамгийн урт шөнө нь 35 минут. Зарим тохиолдолд байнга нартай байх ч үе бий.

Сансарт долоо хоноод дэлхийг 124 удаа тойрохдоо ямар ямар судалгаа туршилтууд хийсэн бэ гэдгийг өнөөдөр тэр бүр ярихгүй байгаа учраас хүүхэд залуучуудад энэ тухай ойлголт бага байна уу даа гэж хардаг. Ерөнхийд нь манай сансрын багийн судалгаа, туршилтуудыг гурван төрөлд хувааж болно. 

Мэдээж нэгдүгээрт технологийн судалгаанууд хийгдэнэ. “Алтай” 1.2, “Эрдэнэт” 1.2 гээд туршилт судалгааны ажил хийгдсэн. 

Хоёрдугаарт биологийн судалгаанууд. Одоо ч гэсэн сансрын нисгэгчид энэ талаар судалж л байгаа. Судалгааны нэг объект нь сансрын нисгэгч өөрөө байдаг. Хоол унд ямар байх вэ, бие организмд гарч байгаа өөрчлөлт гээд бүх зүйлээ хянаж тэмдэглэж байх ёстой. 

Гуравдугаарх нь монгол орны газар зүйн онцлог байдлыг судлах, агаарын бохирдлыг судлах, ашигт малтмалын орд газруудыг олж тэмдэглэх, газрын гадаргуу дээрх хагарлуудыг судлах. 

Манай улсын газар нутаг нэлээд идэвхтэй хагарлын бүсэд оршдог. Яагаад гэхээр Байгаль нуур, Хөвсгөл нуурыг дагасан эртний хагарлууд бий. Өргөн нь хэдэн арван км үргэлжилнэ. Газар дээр байгаа хүн түүнийг ажиглаж чадахгүй. Харин сансраас бол дурайтал харагддаг. Тэр хагарлуудын огтлолцож байгаа цэгүүдийг олж тэмдэглэнэ. Нэг нь Эрдэнэтэд байхад нөгөөх нь Оюу толгой дээр байх жишээтэй. Тэр их хагарлуудын огтлолцол дээр ашигт малтмалын орд газар байх боломжтой гэж үздэг. Нефть, хий, төмрийн хүдэр, нүүрс, зэс, алт гээд юу ч байж болно. Тэгэхээр тэр болгоныг тэмдэглэж авах шаардлагатай. Тухайн газруудын зургийг нягт авах хэрэгтэй.

- За ингээд сансарт долоо хоног ажиллаад авсан даалгавруудаа гүйцэтгэж дуусаад буух боллоо. Сансраас эх дэлхий рүү бууна гэдэг бас том даваа биз?

Ж.Гүррагчаа: Тэгэлгүй яах вэ. Хөөрөх, буух хоёрын аль нь хэцүү вэ гэж хүмүүс асуудаг юм. Буух нь хэцүү. Яагаад гэхээр хүн хөөрөхдөө бэлтгэл сургуулилт ханаад торгон ирэн дээрээ явна. Олимпын наадамд оролцох гэж байгаа тамирчин жингээ, бэлтгэлээ тааруулаад очдог шиг л сансрын замд гарна.

Харин сансарт олон хоног ажилласан хүн ямар нэгэн байдлаар сульдах, эрч хүч нь муудах, гээд бие мах бодь нь тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн байна. Тухайлбал, жингүйдлийн нөхцөлд удаан байсан учраас миний өндөр 3 см-ээр өссөн. Яагаад гэхээр хүний нурууны яс хоорондох зөөлөн эд нь даралт байхгүй учраас сунах, хөөх байдлаар томорсон хэрэг. Энэ мэт биеийн ерөнхий үзүүлэлтүүд өөрчлөгдөнө. Техник талаасаа ч гэсэн хүндрэлтэй зүйлүүд байж таарна. Хөөрөхдөө сансрын хөлөг гадна талаараа дулааны хамгаалалтай, ямар нэгэн саад бэрхшээл тулгарлаа гэхэд аврах хөдөлгүүрүүд нь бүгд ажиллана. Харин бууж ирэхэд тэр бүхэн байхгүй гэхээр эрсдэл их.

Монголын анхны сансрын нисгэгч, БНМАУ, ОХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа

- 450 км-ийн өндрөөс ямар хурдтай бууж ирэх вэ. Яг оносон буух газраа газардах боломжтой юу?

- Хаана буухаа тооцно. Хүн ам багатай Казакстаны уужим талд буухаар тооцсон. Буухдаа хаана тоормос гишгэх, хурдаа сааруулах, шүхрээ дэлгэх гээд олон үйлдэл гүйцэтгэнэ.

- Зурагтаар харж байхад галтай бууж ирдэг. Хөлгийн дотор гал хэр мэдрэгдэх вэ?

- Мэдрэгдэнэ. Халуун, хүйтэн, дуу чимээ гээд бүх зүйл мэдэгдэнэ. Хөөрөх үед харьцангуй гайгүй. Буухад харин их мэдрэгдсэн. Яагаад гэхээр хөлгийн давхар хамгаалалтууд байхгүй болсон учраас тэр. Дууны хурдыг давж байгаа тэр мөч бол их тодорхой мэдрэгдэнэ. Угаалгын нидрүүлэг дээр суулгаад, аль эсвэл арьсан дээр суулгаад чулуун дээгүүр чирээд байгаа юм шиг тийм мэдрэмж төрсөн.

- Бууж ирэх хугацаа ямар байсан бэ?

- Хөөрөх хугацаа маш тодорхой байсан. Өөрөөр хэлбэл, сансрын тойрог замд орох хугацаа ердөө 9 минут. Харин бууж ирэх хугацаа тийм тодорхой биш. Ямар өнцгөөр дэлхийн татах хүчинд орж ирэх вэ гэдгээс их хамаарч байгаа юм. Эгц босоо орж ирвэл халах аюултай, хэт налуу орж ирвэл агаар мандал руу нэвтэрч чадахгүй буцаад шидэгдэх аюултай. 14 цаг 40 минутад буух ёстой. Тэр болзсон цагтаа болзсон газраа буусан. Хэдий хугацаанд бууж ирснээ нарийн санахгүй байна.

- Сансрын хөлөг газардлаа. Гадна талаас нь онгойлгож нисгэгчдээ буулгаж байсан. Түлхүүр нь энд байгаа хүмүүст байсан хэрэг үү. Та бүхэн дотроосоо онгойлгох боломж байсан уу?

- Дотроос нь онгойлгох боломж бий. Тэгж байсан тохиолдлууд ч байгаа. 

Ер нь Зөвлөлтийн сансраас буух төхөөрөмжүүд хуурай газар дээр ч, усан дээр ч аль алин дээр нь буух чадвартай. Ямар ч тохиолдолд эх дэлхий дээр газардах ёстой. Бидэнд НҮБ-ын таван хэл дээр бичсэн үнэмлэх өгдөг. Дэлхийн хаана ч буусан бидэнтэй таарсан хүмүүс тусламж үзүүлэхийг хүссэн тийм агуулгатай үнэмлэхтэй. Далай дээр бууж болно, АНУ, БНХАУ гээд хаана ч бууж болно. Тийм учраас бүх бэлтгэлийг хангадаг.

- С.Сайнцог хурандааг хойно бэлтгэл сургуулилт хийж байгаад эх орондоо ирэхэд ямар ажил албанд томилсон бэ?

С.Сайнцог: Би 1977 онд сонгон шалгаруулалтад орохдоо МАХН-ын гишүүн, ахмад цолтой, Батлан хамгаалах яамны Инженерийн хэлтэст ахлах офицерын алба хашиж байсан. Хуучин хийж байсан ажил дээрээ ирсэн. Тэр үед хойно сансрын бэлтгэл сургуулилт хийж байгаад ирсэн тухай, тэнд ямар байсан тухай тэр бүр яриад байхгүй. Ерөнхийдөө нууц хэвээрээ. Гүрээг нисээд ирсний дараа л яригдаж эхэлсэн. Одоо ч бүр хамаагүй болж.

Ж.Гүрррагчаа: Тухайн үед манай Сайнцог, Сүрэнхорлоо хоёр намын гишүүн байсан. Намын гишүүн гэдэг бол том хөзөр. Гэтэл намын орлогч гишүүн, эвлэлийн үүрийн гишүүн хоёрыг нь авч үлдээд намын гишүүдээ нааш нь татсан байгаа юм.

С.Сайнцог: Тухайн үед энэ хоёрыг аваад ирсэн бол уйлна гээд намын ахмад гишүүдээ татсан байх./инээв/

Монголын сансрын нислэгийн багийн гишүүн, Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан, хурандаа С.Сайнцог

- Монгол хүн сансарт нисэх болсон тухай мэдээлэл сонсоод энд бөөн хөөр баяр болж, хүн бүр радио, телевиздээ чих тавьж байсан нь санаанаас гардаггүй юм. Тэр үед танд бас л тийм догдлол хүлээлт байсан даа?

С.Сайнцог: Тэгэлгүй яахав. Гэхдээ би тэнд тодорхой хугацаанд бэлтгэл сургуулилт хийсэн болохоор зах зухаас нь гадарлаад л байгаа юм. Яг сансарт нисэх мөчид Дорноговь аймгийн Зүүн баянгийн цэргийн ангид сургуулилт хийнэ гээд галт тэргэнд явж таарсан. Эцсийн мөч хүртэл Гүрээ, Ганаа хоёрын хэн нь нисэх вэ гэдэг үндсэндээ тодорхойгүй байсан. Ингээд радиогоор Гүррагчаа нислээ гэх мэдээллийг сонсоод маш сайхан байсан.

Бидний үеийнхэн гэдэг бол дайны хүнд жилүүдийн ар дээр өмсөж зүүх, идэж уухаар хангалуун байгаагүй. Эрчимтэй хөгжлийн он цагт өсөж өндийсөн болохоор бас ч юм үзсэн толгойнууд гэж боддог.

Сансрын нисэгч бэлтгэх сургуульд явсан дөрвөн хүний нэг нь гэхээсээ илүүтэй бидний үеэс сансарт нисчихлээ шүү гэж бодоход хүртэл сайхан байдаг. Би найзаараа бахархдаг, найздаа баярладаг. Бид тэр үед олдсон боломжийг ашиглаж чадсан. Өнөөдрийн залуучуудад бидний тавьсан тэр шатыг ахиулах боломж бий. Хичээгээсэй, цаг хугацааг битгий дэмий зүйлд зарцуулаасай гэж хүсдэг.

Тэрнээс гадна сонгон шалгаруулалтад ороод явж байхад бидний тархи, зүрх сансрын чиглэлд ажиллаж байлаа. Өөрсдөө тэр талын мэдээ мэдээллийг цуглуулах, олж мэдэх хүсэл эрмэлзэл их байлаа. Сонгон шалгаруулалтад орж байсан 13 залуу бүгд Их дэлгүүрийн хажууд байсан номын дэлгүүрээс ном авч байлаа. Манай найз нарын, Зөвлөлтийн сансрын нисгэгчдийн гарын үсэгтэй тэр ном өнөөдрийг хүртэл надад бий. Тэр байтугай сансрын нисгэгчдэд зориулан гаргаж байсан чихэр байж байгаад алга болсон. Одоо нэг шил “Болор” архи бий. Тэр архин дээр мөн Ж.Гүррагчаа, М.Ганзориг нараас гадна В.А Жанибеков, Владимир Ляхов нарийн гарын үсгийг зуруулсан байдаг.

- Их ховор цуглуулга байна даа. Уулгүй хадгалаад л байгаа гэсэн үг үү?

- Тийм л дээ. Дөчин жил дарсан байна. /хэхэ/

Ж.Гүррагчаа: Чи тэр хөзөр хийсэн тухайгаа яривал их сонин доо.

С.Сайнцог: Дөхөж л байна хө. Бид Тэрэлжид оччихоод дээшээ харж хэвтээд “хэн олон хиймэл дагуул олж харсан нь сансарт ниснэ” гэж хоорондоо яриад тоолоход Ж.Гүррагчаа хамгийн олныг олж харсан байдаг. Цанаар хамт гулгана, мөсөн хоккей тоглоно. Ганаа, Гүрээ хоёр нэг баг, Сүрэнхорлоо бид хоёр нэг баг болж байгаад тоглоно. Гутлын тосны саванд шороо хийж таглаж байгаад тоглодог байсан.  

Зарим үед нууцаар зураг даруулж баримт цуглуулдаг байлаа. Анх шалгуулах гэж байхдаа 13-уулаа Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн цонхоор гарч яваад Их дэлгүүрийн хажуу номын дэлгүүр орж зураг даруулсан. Энэ эхний зураг. Дараагийнх нь улс төрийн товчооны хурлаар орчихоод талбайн баруун талд одоогийн ТЕГ байгаа тэр хавьд байсан нэг зурагчнаар сүүлд шалгарсан дөрөв очиж зураг даруулж байлаа. Сүрэнхорлоо бид хоёр суугаад Ганаа, Гүрээ хоёр хойно зогсоод даруулж байсан. Сүүлд сансарт ниссэний 20 билүү 30 жилийн ойгоор бид дөрөв тэр байрлалаараа бас нэг зураг даруулсан байдаг.

Тэдний өөрсдөө хийсэн хөзөр

Одоо нөгөө хөзрийнхөө тухай ярья. Бид дөрөв хойно очоод жинхэнэ бэлтгэл сургуулилт эхлэхийн өмнө эмнэлгийн үзлэгт орох гээд хэд хоног зав чөлөөнөөс их юмгүй. Өдрийн цагаар эмнэлгээр орой байрандаа ирээд хийх юм олдохгүй байсан хэрэг. Биднийг гадуур дураар нь явуулахгүй, Лхагваа эмчид хөзөр захиад бас авчирдаггүй. Тэгээд нэг орой өөрсдөдөө байсан номоо ашиглаад хөзөр хийлээ. Дөрвүүлээ л гар бие оролцож үзсээр байгаад хийж дуусгаад тоглож байсан юм. Дөчин хэдэн жилийн настай тэр хөзөр одоо ч гэсэн надад байна.

Тэдний өөрсдөө хийсэн хөзөр

- Тэр нэгдүгээр эмнэлгээс нууцаар гарч зураг авахуулсан тухай Л.Лхагваа эмч маргааш нь мэдсэн байдаг билүү?

Л.Лхагваа: Ер нь эрүүл хүмүүсийг хорино, дэг журамтай байлгана гэдэг төвөгтэй ажил байна билээ. Би гарч болохгүй, яг эндээ байж байгаарай гээд сувилагч, эмч нартаа давхар захиад явсан. Гэтэл цонхоороо гарч яваад маргааш нь миний ширээн дээр 13-уулаа авахуулсан зургаа үлдээсэн байсан.

С.Сайнцог: Бэлтгэл сургуулилт эхэлчихсэн. Тэрэлжид байрлаж байлаа. Амьдрал үргэлжилж л байсан. Тухайн үед 12 дугаар сарын 01-нд Ж.Гүррагчаагийн том хүү, Сүрэнхорлоогийн хоёр дахь охин төрсөн нь бас сонин тохиолдол болж байлаа. Тэр үед манайх гурван хүүтэй, Ганаагийнх хоёр хүүтэй байсан. Тэр өдөр Гүрээ эхнэр дээрээ очмоор байдаг. Яах вэ гэж байгаад “шүд өвдөөд байна” гэж хэлээд ум хумгүй явсан. Тэгж худлаа ярьсныг нь Лхагваа эмч, бусад нь мэдэж л байсан юм билээ.

- Үнэн учраа хэлсэн бол явуулахгүй байсан юм уу?

Л.Лхагваа: Явуулалгүй яах вэ. Худлаа хэлснийг нь ч мэдэж байгаа юм чинь. Гэтэл энэ хэд шүд нь өвдөөд байна гээд сүйд. Яг царайг нь харахаар шүд өвдсөн хүн биш л байгаа байхгүй юу.

Бид чинь тусгай бэлтгэл сургуулилт хийгээд цэргийн зохион байгуулалттай байлаа. Биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийхийн хажуугаар хичээл үзнэ. Физик, математик, биохимийн талаар тодорхой мэдлэг олгох хичээлүүд ордог байсан. Би залуучуудаа цанаар гулгах, хоккей тоглоход нь гар хөлөө хугалчихвий, бэртэж гэмтчихвий гэж их санаа зовно.

Тэгж бэлтгэл хийж байгаад явах болсон чинь биднийг Улаанбаатар зочид буудалд байрлуулсан. Маргааш Москва явах гээд байдаг гэр орноор ч оруулах янзгүй буудалд байрлууллаа. Тэгээд Сайнцог нэг УАЗ4-69 машин олоод тавуулаа сууж аваад гэр гэрээрээ орсон. Гүрээгийнх Налайхад учраас очиж чадаагүй. Бусад нь гэртээ очсон. Тэгээд буудалдаа ирээд амарч байсан чинь шөнө 02:00 цагийн үед үүд тогшоод нэг хүн орж  ирснээ “өө та хэд ирчихсэн үү” гэдэг юм. Манай ШУА-ийн ажилтан зогсож байсан. Аминдаа нууцаар явж ажлаа амжуулчихаад ирсэн чинь аль эрт мэдсэн байж билээ.

- Ж.Гүррагчаа баатрыг бууж ирэхэд Ганзориг нисгэгч та 2 ойр байсан уу?

Л.Лхагваа: Яг хажууд нь байгаагүй. Тэднийг тосоход тусгай эрх мэдэлтэй улсууд дэргэд нь байсан. Харин буух замд гараад газар дээрх станцтай холбогдсоноос хойш Ганаа бид хоёр хамт байсан. Нэг хэсэг холбоо тасрахад нь би санаа зовж л байлаа. Харин хажууд Ганаа байсан учраас учрыг нь тайлбарлаад, сүүлд нь амжилттай газардсан тухай мэдээ аваад их сайхан болсон.

- Сансарт жингүйдлийн орчинд хүний цус толгойдоо хурдаг тухай дээр ярьж байсан. Газарт буух тэр мөчид ямар байсан бэ, хэр хурдан хэвийн байдалдаа орсон бэ?

Ж.Гүррагчаа: Сансрын тойрог замаас гарч дэлхийн татах хүчинд ороод л аажмаар гайгүй болчихож байгаа юм. Харин хүний хөл үндсэн үүрэг чиглэлээ мартах шахсан байдаг шүү. Хоёр үндсэн шалтгаантай гэж ойлгосон. Нэгдүгээрт, цусны эргэлт хэвийн байдалд орох гэж тодорхой хугацаа шаардана. Хоёрдугаарт, сансарт хөлөөр гүйцэтгэх ажил байгаагүйтэй холбоотойгоор хөлийн үйл ажиллагаа суларсан байдаг.

- Сансарт амжилттай нисээд ирлээ. Дахин нисэх хүсэл мөрөөдөл байсан уу?

Ж.Гүррагчаа: Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй юм. Миний хувьд сансарт нисээд ирсний дараа саран дээр нэг оччих юмсан гэдэг бодол олон жил тээж явсан. Одоо бол сар тэр үеийнх шиг хол биш болсон байна. АНУ-аас 10 гаруй хүн саран дээр очсон, Хятадууд тоног төхөөрөмж туршиж байна. Сарны хөрснөөс дээж авч ирээд турших ажил хийгдэж байна. Энэ бол хүн төрөлхтний хүсэл тэмүүлэл байсан. Түүндээ хүрч чадаж байна.

- Монголын хоёр дахь сансрын нисгэгч удахгүй явах байх. Та бүхний төсөөлж харж байгаагаар энэ цаг мөчийг хэзээ гэж таамаглаж байна вэ?

Ж.Гүррагчаа: Залуучууд бодож л байгаа байх. Газар дээр ажиллах, сансрын уудамд ажиллах хоёр шал өөр, сонирхолтой санагдах нь ойлгомжтой. Ер нь сансар судлал бол хүн төрөлхтний ирээдүй гэдэг утгаар нь ч ойлгодог байх. Дэлхий бол хүн төрөлхтний өлгий юм. Хүн өлгийдөө удахгүйтэй адил гэрэл, хурд руу тэмүүлж байгаад өөр гараг нээж, тийшээ нүүх байх гэсэн үг байдаг. Яг энэ чиг баримжаагаар өөр гараг эрхсийн талаар маш хурдацтай судалж, тэмүүлж байна. 2030 он гэхэд Ангараг гараг дээр хүн буух тухай яриа, дуулиан Монголын залуучуудын чихэнд хүрч байна.

“МАРС V” гэсэн төслийг санаачлаад эхлүүлсэн байгаа нь Монголчууд Марс дээр очих замын бэлтгэл суурийг хангах нэг оролцогч байх боломжийг эрэлхийлж байна гэсэн бодол надад төрсөн.

Үүнээс гадна сансрын хиймэл дагуул хөөргөх төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Манай залуучууд дэлхийн энгээр сэтгэж, дэлхийн энгээр хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй байгааг харахад сайхан байна. 

Монгол залуучууд сансрын хиймэл дагуулаа Монголын говиос хөөргөх төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа. Энэ бол ганцхан хиймэл дагуул хөөргөх тухай асуудал биш. Газар дээрх мэдээлэл хүлээн авах, дамжуулах станц байгуулах, цаашлаад шинжлэх ухааны бусад салбарын туршилт судалгаанд онцгой ач холбогдолтой зүйл гэж ойлгож байгаа.

Л.Лхагваа: “Саваагүй нохой саранд хуцна” гэгчээр монгол эмэгтэй хүнийг сансарт нисгэх тухай төр засгийн удирдлагуудад уламжилж байсан юм. Хамгийн сүүлд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчид ярилцлага хэлбэрээр энэ саналаа тавьж байсан. Гэвч надад ямар ч хариу өгөөгүй. Одоо Монгол хүн сансарт нисээд 40 жил боллоо. Энэ их ойг тохиолдуулан дараагийн сансрын нисгэгч тэдэн онд ниснэ гэсэн зорилго, зорилтыг манай төр засгийн тэргүүнүүд тавьчихдаггүй юм байх даа гэсэн бодол төрдөг. Монголчууд тэрүүгээр яах юм гэж хэлэхгүй байх.

Монголын сансрын нислэгийн багийн эмч, МУ-ын төрийн шагналт, хүний гавьяат эмч, академич Л.Лхагваа

- Их сайхан санагдаж байна. Яагаад нээрээ Монгол эмэгтэй сансарт нисэж болохгүй гэж?

Л.Лхагваа: Би өөрөө нисэхгүй ч юмыг яаж мэдэхэв, манай залуучуудаас боломж гарвал сансарт нисэхэд хэрэг болох байх гээд АНУ болон бусад улсын сансарт нисэх хүний шалгалт, шалгуурын талаар судалж үздэг юм. Ингэхэд нэгдүгээрт эрүүл мэнд, хоёрдугаарт хэлний мэдлэг, гуравдугаарт компьютер болон сансрын технологийн талаарх мэдлэгийг чухалчилж байна. Үүнд тэнцэх монгол залуус олон бий.

- С.Сайнцог хурандаагийн хувьд дараагийн сансрын нисгэгчийн талаар ямар бодолтой байдаг вэ?

С.Сайнцог: Ер нь боломж нөхцөл байна. Монгол залуучууд хэл усны хувьд, программ хангамж, техник технологийн чиглэлээр мэргэшиж байна. Хоёрдугаарт манай улс чинь сансар судлалын чиглэлээр хийсэн зүйлтэй, тодорхой туршлагатай. Манайхаас сансарт нисэхээр боллоо гэвэл Гүрээ, Ганаа хоёр маань залуучууддаа хэлэх зүйл их байгаа байх. Эрүүл мэнд талаас нь бол Лхагваа доктор зааж зөвлөөд явчихна. Энэ бол манай улсын нэг давуу тал.

Санаа зовоож байгаа нэг зүйл бол Монгол хүний эрүүл мэнд. 40 жилийн өмнөх шиг эрүүл саруул залуучууд хэр олон байгаа бол гэдэгт эргэлздэг. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаасаа шалтгаалаад монгол хүний эрүүл мэнд 40 жилийн өмнөхтэй харьцуулахад муудсан зүйл анзаарагддаг.

- Монгол хүн сансарт ниссэн үйл явдал нь сансрын уудамд монголчуудын мөрийг үлдээсэн сайхан түүх. Таны гаргасан энэ зам улам өргөжинө гэсэн итгэл монголчуудад бий. Мөн Монгол-Оросын харилцаа бат бэх байх бас нэгэн сэжүүр болсон гэж олон хүн үздэг. Ярилцлага өндөрлөх хугацаа дөхөж байгаа учраас сүүлийн хормыг та бүхэнд үлдээе.

Ж.Гүррагчаа: Монголын дараагийн сансрын нисгэгч хөөрөх тухай бодол хүн бүхэнд байгаа байх. Өнөөдөр техник технологийн хөгжил ямар төвшинд хүрэв, ОХУ, АНУ, БНХАУ гээд манайхтай ойр дотно харилцаатай улсуудын сансар судлал нь өргөжин тэлсээр л байна. Дэлхийн сансрын нисэгчдийн холбоо гэж байгууллага бий. Энэ холбоо жил бүр нэг улсад хурлаа хийж, асуудал шийдлээ ярилцдаг. 

Би нэг удаа хуралд явж ирээд төр засгийн удирдлагуудад захиа бичсэн. БНХАУ-ын техник технологийн хурдтай өсөлт, сансар судлалын салбарт гаргаж байгаа ололт амжилтын талаар бичээд энэ салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарах хэрэгтэйг уламжилсан. Яагаад үүнийг ярьж байна гэхээр магад бид сансарт нисэхдээ Хятадад үйлдвэрлэсэн сансрын хөлөг ашиглаж болох юм.

Зөвлөлт-Монголын сансрын баг сансарт ниссэний 40 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ нэршлийн талаар та бүхэн маань анзаарч байх ёстой. Заримдаа Монгол-Оросын сансрын баг, Монгол хүн сансарт ниссэний гээд янз бүрээр бичдэг. Энэ Монгол гэсэн нэрээ тод үлдээх гэсэн монголчуудын хүсэл байх. Гэхдээ л Зөвлөлт-Монголын найрамдалт харилцааны үр шимээр Монголчууд бид сансрын уудамд мөрөө үлдээсэн ард түмэн. Бид энэ ойгоо тэмдэглэхдээ, үр хүүхэд залуу үедээ хэлж ярихдаа тэр сайхан нөхөрлөлийн тухай заавал ярьж дурсах ёстой юм. Үүгээр би үгээ өндөрлөе.

Л.Лхагваа: Монголчууд 20 дугаар зуунд олон гайхамшгийг бүтээсэн. Алдсан байсан эрх чөлөөгөө олж авсан, газар тариалан, аж үйлдвэрийн үсрэнгүй хөгжилд хүрсэн. Үүний дотор сансарт ниссэн нь өнгөрсөн зууны чухал амжилтын нэг. Дараагийн зуун буюу өнөөдрийн залуучууд энэ амжилтыг буухиалж урагшлуулах учиртай. Удахгүй сансарт нисэх байх. Магадгүй олон улсын багт ороод нисэх ч боломжтой. 

Монгол залуучууд бие даан сансрын хиймэл дагуулаа хөөргөхөөр ажиллаж байна. Энэ ажил нь амжилттай урагшлаад сансрын технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаасай л гэж хүсэж суудаг. Хүний хүсэл тэмүүллийг байнга хөтөлж байдаг энэ сонирхолтой салбарын шинжлэх ухаанд залуучууд маань шимтэн дурлаж, танин мэдээсэй гэж уриалж байна.

- Та бүхэнд баярлалаа.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.