ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгийн багийн гишүүд, сансрын нисэгч В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар одоогоос 40 жилийн өмнөх энэ өдөр сансрын нислэгээ амжилттай гүйцэтгэн эх дэлхийдээ газардаж байжээ.

Сансрын баг 1981 оны 3 дугаар сарын 22-нд ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас "Союз-39" хөлгөөр хөөрч, дэлхийг 124 удаа тойрч сансрын тойрог замд 8 хоног нисэж, 3 дугаар сарын 30-нд амжилттай газардсан билээ.

ЗХУ, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа энэ өдрийг дурсахдаа, "Сансрын хөлөг хөөрөх, буух хоёрын аль нь хэцүү вэ гэж хүмүүс их асуудаг. Буух нь хэцүү. Сансарт олон хоног ажилласан хүн ямар нэгэн байдлаар сульдах, эрч хүч нь муудах зэргээр бие мах бодь нь тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг.

Хөөрөхдөө сансрын хөлөг гадна талаараа дулааны хамгаалалтай, ямар нэгэн саад бэрхшээл тулгарлаа гэхэд аврах хөдөлгүүрүүд нь бүгд ажиллана. 

Харин бууж ирэхэд тэр бүхэн байхгүй гэхээр эрсдэл их. Мөн хаана буухаа тооцно. Бид хүн ам багатай Казахстаны уужим талд буухаар тооцсон. Гэхдээ нөхцөл байдлаас шалтгаалаа сансрын нисэгч нар дэлхийн хаана ч бууж болох тул бидэнд НҮБ-ын 5 хэл дээр бичсэн үнэмлэх өгдөг. Биднийг буухад таарсан хүмүүс тусламж үзүүлэхийг хүссэн тийм агуулгатай үнэмлэх юм. Бид 14.40 цаг минутад буух ёстой. Тэр цагтаа товлосон газраа буусан. Харин буухад хэдий хугацаа орсныг нарийн санахгүй байна" хэмээн ярьжээ.

Эх сурвалж: Монцамэ