ТОКИО. /NHK/. Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan” компанийн тэргүүн асан Карлос Гон барьцаагаар суллагдсан хугацаандаа хувийн нисэх онгоцны ачаанд нуугдан Японы хилийг давсан гэж Туркийн “Aksam” сонин өнгөрсөн ням гарагт мэдээлжээ.

К.Гоныг Туркийн агаарын тээврийн компанийн хувийн нисэх онгоцонд суун Японы хилийг хууль бусаар давж, өнгөрсөн даваа гарагт Ливанд очсон хэмээн үзэж байгаа юм. Түүнийг барьцаагаар сулласан нөхцөлүүдэд бусад улс орон руу аялахыг хориглосон байжээ.

Aksam” сонин ням гарагт эх сурвалжуудын мэдээлснийг иш татан уламжилснаар, Америкийн хоёр иргэн Дубай хотоос анх нисэх онгоцонд сууж, Осака хот руу ниссэн аж. Тухайн үед уг нисэх онгоцонд аудио төхөөрөмж хийх зориулалт бүхий хоёр том хайрцаг байсан байна. 

Уг хайрцагнуудыг Осака хотын нисэх онгоцны буудлын рентген төхөөрөмжөөр шалгах боломжгүй байсан тул илрүүлгийн гар төхөөрөмжийг ашиглан шалгасан байна. “Aksam” сонины мэдээлснээр, К.Гон хайрцагнуудын тусламжтайгаар Японы хилийн шалган нэвтрүүлгийг давсан аж. 

Мөн Америкийн хоёр иргэн өөрсдөдөө саад болохгүй байхыг онгоцны үйлчлэгчдээс хүссэн бөгөөд нислэгийн үеэр зочны өрөөнд орж ирэхгүй байхыг хүсжээ. Уг хоёр иргэнийг Истанбул хотоос хоёр дахь онгоцонд суух үед уг үйл ажиллагаанд оролцохгүй байхыг агаарын тээврийн компанийн өндөр албан тушаалтан хөлгийн багийнханд үүрэг болгожээ. Туркийн хууль сахиулагчид уг төлөөлөгчийг баривчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг