Франц-Японы “Renault-Nissan-Mitsubishi” нэгдлийн тэргүүн асан Карлос Гон энэ сарын 12-нд болох “Nissan” компанийн захирлуудын зөвлөлийн хуралд оролцохоор төлөвлөж байгаа тухай “Yomiuri shimbun” сонин мэдээлжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт барьцаагаар суллагдсан билээ.

Тус сонинд мэдээлж буйгаар, холбогдох хүсэлтийг Токиогийн тойргийн шүүхэд илгээсэн байна. Гон “Nissan” компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн хэвээр байгаа учир хуралд оролцож болох аж. Гэхдээ зөвхөн шүүхээс зөвшөөрвөл оролцоно. Түүнийг захирлуудын зөвлөлөөс дөрөвдүгээр сард хасах төлөвтэй байгаа юм. 

Карлос Гоныг Японы санхүүгийн хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт сэжиглэн өнгөрсөн оны 11 дүгээр сарын 19-нд баривчлан саатуулсан билээ. Тэрбээр шүүх хурал болох хүртэл Токио хот дахь гэртээ байх ёстой. Гоны гэрийн үүдэнд хяналтын камер суурилуулсан байна. Түүнд мөн ухаалаг утас ашиглах, “Nissan” компанитай холбоотой хүмүүстэй харилцахыг хориглож, зөвхөн өмгөөлөгчийнхөө ажлын өрөөний компьютерыг ашиглахыг зөвшөөрчээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS