Японы мэргэжлийн сүмогийн 71 дэх ёкозүна, Монгол Улсын гавьяат тамирчин Какүрюү Мангалжалавын Анандын зодог тайлах ёслол зургадугааар сарын 3-нд Япон улсын нийслэл Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд болов.

Какүрюү 2001 онд мэргэжлийн сүмод орж, тусгай шагнал 9 удаа хүртэж байсан бөгөөд дээд зиндаанд нийт 785 барилдсанаас 497 давж, 236 унаж байжээ. Тэрбээр 2021 оны хаврын тэмцээн дээр зодог тайлснаас хойш хоёр жилийн дараа албан ёсоор ийнхүү зодог тайлах ёслолоо хийв.

Арлын орны Эзэн хааны цомыг зургаан удаа гардсан түүний данпацү-шики буюу зодог тайлах ёслолд 68 дахь ёкозүна Асашёорюү, 69 дэх ёкозүна Хакүхо, дархан аварга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй хүндэт зочид оролцсон байна. 

Какүрюү М.Ананд зодог тайлах ёслолоос өмнө сэтгүүлчидтэй уулзахдаа “Ёслол хийгээгүй удсан байна. Бие хаа ч суларчээ. Зургадугаар сарын 3 хүртэл хүчний бэлтгэл хийж, булчин шөрмөсөө чангалахгүй бол олон хүний өмнө ичгэвтэр зүйл болно. Сүүлчийн ёслолдоо нутгийн дүү Кирибаямагаа дагуулан гарна. Тавдугаар сарын тэмцээнд Кирибаяма озэки болчихвол ёстой сайхан. Озэки дүүтэйгээ цуг дохёнд гарах болно” гэж сэтгүүлчдэд ярьж байсан нь биеллээ олж өнөөдөр шинэ озэки Киришиматай хамт дохёд гарах нь” гэж ярьжээ. 

Мөн “Зургаан нас хүрсэн хүүтэйгээ барилдахаар бэлтгэл хийж байна. Маш том ёслол тул ганцаараа биш маш олон хүний дэмжлэгтэйгээр хийнэ” гэж хэлжээ. Тэрбээр зодог тайлах ёслолын дараах төлөвлөгөөнийхөө тухайд “Юуны өмнө турж, жингээ хасна. Одоо 148 кг байгаа, 120 болтол багасгах хүсэлтэй байна. Дуртай хувцсаа өмсөхийн тулд турмаар байна” гэжээ.

Их аварга Какүрюү М.Анандын багш 2019 оны есдүгээр сарын 16-нд нас барсан. Изүцү дэвжээ Ёкозүна их аварга Какүрюү М.Анандаас гадна санданмэ, жонидан зиндааны хоёр бөхтэй. Сүмо бөхийн холбооноос багшгүй болсон Изүцү дэвжээг хааж, бөхчүүдийг нь өөр дэвжээнд шилжүүлэх шийдвэр гаргасан бөгөөд дэвжээгээ хаалгахыг хүсээгүй Какүрюү нэг галын бусад дэвжээний туслах ояката нараас дэвжээ удирдах хүн хайсан ч олдоогүй байна.  

Сүмогийн их аварга Какүрюү М.Ананд дэвжээгээ өвлөн авахын тулд Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Япон Улсын иргэн болох хүсэлтээ Монгол Улсын төрийн байгууллагуудад гаргасан байдаг. Тэрбээр Япон улсын иргэншил сонгосон сүмо бөхийн дөрөв дэх их аварга болсон билээ.

Үүнээс өмнө Монгол Улсаас сэкивакэ Кёкүтэнхо Н.Цэвэгням, Асасэкирю Б. Дашням, Хакүхо М.Даваажаргал нар тус улсын иргэншил авсан билээ. Какүрюү М.Анандын хувьд 2012 оны 3 сард озэки, 2014 оны 3 сард ёкозүна цол хүртсэн. Хэйсэй эринд төрсөн 10 ёкозүнагийн дотор Какүрюүгээс бусад нь бүгд зодог тайлах ёслолоо хийсэн байна.